Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Эрдэнэтийг шалгах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөх гэж оролдож байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын Их хурал болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “АН-ын шинэчлэлтэй холбоотой намын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлал бэлэн болсон. Миний зүгээс дэвшүүлсэн 11 санаачлагын дийлэнх нь дүрмийн төсөлд тусгагдсан. Ардчилалыг дэмждэг гишүүд дэмжигчид намын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг авахыг хүсч байгаа. Ардчилсан намыг илүү нээлттэй болгох реформ, шинэчлэл, төсөл боловсруулагдсан байгаа. Тухайлбал, бүх шатны намын даргыг нийт гишүүд дэмжигчдээс сонгох санал ажлын хэсэг дээр дэмжигдсэн. Ардчилсан нам нээлттэй, хариуцлагатай орчин үеийн нам болоход томоохон шинэчлэлүүд хийгдэж байна.

Тэгвэл энэ удаагийн дүрмийн шинэчлэлээр Ардчилсан нам хагас босоо тогтолцоотой нам болон өөрчлөгдөж байна. Дээд шатны намын дарга удирдлагууд нь доод шатны удирдлагуудаа батламжилдаг тогтолцоо руу орно. Ардчилсан намын үндсэн үзэл санаа бол хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, бизнес болон өмчийн эрх чөлөөг хангахад чиглэсэн байдаг. Гэхдээ бид үнэхээр баруун төвийн нам юм бол хүний эрх, эрх чөлөөтэй хамт үндэсний эрхийг хамгаалдаг тогтолцоо руу шилжих ёстой. Намын Их хурлаар бүлэглэлүүд өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж одоогийн боловсрогдсон дүрмийг өөрчлөх вий. Нийт гишүүдийн дундаас намын даргаа сонгох саналыг бүлэглэлүүд өөрчлөх санаархал байна гэх мэдээлэл ирсэн. Ирэх сард болох хурлаар бүлэглэлүүдийн санал болгосон намын даргыг сонгохгүй” хэмээн хэллээ.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар тэрбээр “ Энэ долоо хоногийн сүүлээр ажлын хэсгийн дүгнэлт гарна. Ажлын хэсгийн дүгнэлтийг иргэд, олон түмэндээ танилцуулна. Дүгнэлтэн дээрээ тулгуурлаж тогтоол шийдвэрийн төсөл гаргаж УИХ-ын чуулган руу оруулахаар төлөвлөж байгаа” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

– “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгах ажлын хэсэг урьдчилсан байдлаар ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

– Ажлын хэсэг ажлаа хийж байгаа учраас урьдчилсан дүгнэлт өгөх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөх гэж оролдож байна. Мэргэжлийн байгууллагаар мэргэжлийн ажлыг нь хийлгэмээр байна. Монголын асар их баялагийг 27 настай хүүхдэд хууль бусаар шилжүүлэхэд оролцсон бүлэглэл ажлын хэсгийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байхыг гуйж байна.

– АН-ын анхан шатны байгууллагууд хуралдаж чадахгүй байна. Өнгөрсөн амралтын өдөр хуралдах байсан ч чадсангүй. Энэ дээр ямар тайлбар хийх вэ?

– Намын анхан шатны байгууллагуудтай холбоотой ийм мэдээллүүд ирж байгаа. Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад тухай бүрт нь гомдлыг дамжуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын зарим үүрүүд харъяалалын бус гишүүнийг Их хуралд оролцуулах төлөөлөгчөө сонгож томилосон гэх мэдээлэл ирж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *