Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батзандан: “Энэ хуулийн төслөө татаач” гэх шахалттай тулгарч байна

УИХ-ын гишүүн Ж.Бат­зандантай ярилцлаа.

Намрын чуулган завсар­лаж бай­­гаа хугацаанд та ямар ажил амжуулж байна?

-Иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Мөн УИХ-ын даргын Япон улсад хийсэн айлчлалд оролцоод ирлээ. Сүүлийн үед сонгогчдын санал хүсэлтийн дагуу хэд хэдэн хуулийн төсөл дээр сууж байна. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль Сонгуулийн тухай хууль гэх мэт хуулийн төсөл дээр ажиллаж байна. Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд иргэдээс ирсэн санал гомдлын дагуу холбогдох шалгалт хийх ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөөний талаар шалгалт хийсэн дүнгээ Байнгын хороонд танилцуулна. Мөн Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, гэр хорооллын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд дээр ажлын хэсэгт ороод ажиллаж байна.

Та бол Ардчилсан нам доторх “Сөрөг хүчин” гэж нэрлэгддэг гишүүдийн нэг. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуулийн төсөл боловсруулж байгаа гэл үү. Халдашгүй бүрэн эрхтэй гишүүдийг яавал эргүүлэн татах юм бэ?

-Уучлаарай, би сөрөг хүчин биш. Үнэний талд зогсч, зарчим баримталж ажиллахыг хүсдэг. Ер нь Монголын нийгэмд хариуцлага, ёс зүйн хувьсгал хийх цаг болсон гэж үздэг. Саяхан Японы парламентын гишүүн бусдын кнопыг дарсныхаа төлөө огцорч байна. Засгийн газрын гишүүн нь сонгуулийн үеэр авсан хандиваа бүртгүүлээгүйн улмаас ажлаа өгч байна. Хариуцлагатай нийгэм ийм л байдаг. Монголд бол төрийн хариуцлага, ёс зүй үндсэндээ байхгүй болсон. Ялангуяа төрийн албаны бүх түвшинд хариуцлага ёс зүйн тогтолцоо хэрэгжихгүй болоод удаж байгаа. Үүнээс болж Монголын эдийн засаг, улс төр үндсэндээ дампуурч байна. Иймд төрийн хариуцлагыг чангатгах дээшлүүлэх чиглэлд хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төслийг дэмжиж ажиллаж байгаа. Монголд согтуугаар машин баривал Захиргааны болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Согтуугаар төр баривал ямар ч хариуцлага хүлээдэггүй. УИХ-ын гишүүн болон бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бусдын кнопыг дардаг, кнопоо бусдад шилжүүлдэг хууль бус үйлдэл газар авсан гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Энэ бол Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлээр “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэдэг гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно гэж би үздэг. Тиймээс энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагууд анхаарах ёстой. Тэдэнд “Албаны эрх мэдэл болон албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нөхдүүдтэй тэмцээч” гэсэн хүсэлт тавьж байна. Бусдын кнопыг дарна гэдэг бол бусдын гарын үсгийг дуурайлган үйлдэж байгаатай адил. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг. Эрүүгийн хуульд тодорхой заачихсан байгаа. Кнопоо бусдад шилжүүлж байна гэвэл эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаагаас өөрцгүй. Бусдын кнопыг дарж байна гэдэг бол эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байгаа хэрэг. Үүнд хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. УИХ дотор бусдын кноп дарж үзээгүй, кнопоо даруулж үзээгүй нэг ч гишүүн байхгүй. Үндсэндээ УИХ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд шат шатандаа сонгогчдын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа. Тэгэхээр сонгогчдын эрхийг хамгаалах цаг нь болсон.

УИХын ирцийн тухайд нэлээд асуудал болдог. Энэ оны эхний өдрөөс чуулганы ирцийг шилэн болгоход цөөн тооны гишүүд цагаа барьж байсан. Сүүл рүүгээ хуучин хэвэндээ орсон л доо. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тоотойхон харагддаг гишүүд ч бий. Энэ байдлыг хуулийн төсөлд яаж зохицуулж байгаа вэ?

-УИХ болон бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ирцийн асуудал маш хүнд байгаа. Уг нь УИХ-ын дэгийн тухай хуулийн 4-р зүйлийн, 4.8-д“Гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралд ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж чөлөө авна” гээд тодорхой заачихсан. Харамсалтай нь, гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанаа тасалсан тохиолдолд ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байгаа. Ажлын цагийн хуваарь бол Хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг. Тухайн албан тушаалтан хоцорсон, тасалсан тохиолдолд ямар хариуцлага тооцох нь энэ хуулиар зохицуулагддаг шүү дээ. УИХ-ын гишүүдийн хөдөлмөрийн харилцаа ч гэсэн Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаж, тэд хуулиа барьж ажиллах ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр УИХ-ын чуулган, хуралдааныг олон цагаар тасалж байгаа, согтуугаар хуралдаа сууж буй гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцаж, сонгогчдын эрхэд халдаж байна гэсэн үг. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлийн 6.6.5-д “Үндсэн хуулийн Цэц гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг УИХ хүлээн авсан” нь гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно гээд тодорхой заачихсан байгаа. Тэгэхээр хуралдаа ирдэггүй, хуралдаандаа согтуу халамцуу ордог УИХ-ын гишүүнийг Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргавал эргүүлэн татах боломжтой гэсэн үг. Одоо байгаа эрх зүйн орчиндоо төрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, сайжруулах шинэ жишиг тогтоох бололцоо боломж байна. Бид өнөөдөр Монголоо өөрчилье гэвэл хариуцлагын хувьсгалыг хийх хэрэгтэй. Дээд хүн суудлаа олбол доод хүн гүйдлээ олно гэдэг дээ. Хариуцлагын хувьсгалыг Ерөнхийлөгчөөсөө, УИХ-аасаа, Засгийн газраасаа гээд дээрээсээ эхлэх хэрэгтэй.

Гишүүдэд хариуцлага тооцох асуудал хөндөгдөхөөр тэдний халдашгүй бүрэн эрх бамбай болдог. Тэгэхээр яаж тэдэнд хариуцлага тооцож, эргүүлэн татах юм бэ?

-Хуульд УИХ-ын гишүүнийг баривчлах ганцхан үндэслэл бий. УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлийн 6.9.1-д “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд баривчилж болно” гэсэн хуулийн заалт байдаг. Тэгэхээр бусдын кнопыг дарж, бусдад кнопоо шилжүүлнэ гэдэг бол гэмт хэрэг. Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж газар дээрээ баригдаж байгаа гэмт үйлдэл. Хуульд тодорхой байгаа заалтыг хэрэгжүүлэх эрх нь хууль, хяналтын байгууллагад байгаа. Тиймээс энэ нөхдүүдийг үйлдэл дээр нь шууд баривчлах эрхтэй гэсэн үг. Дээр дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Энэ тодорхой заалтыг Улсын Ерөнхий прокурор хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үү?

-Бүрэн боломжтой.

УИХ шөнө оройн цагаар хуралдаж, хууль бөөнддөг жишиг тогтчихлоо. Чанаргүй хууль төрж байна гэх шүүмж дагуулдаг. Үүнийг зохицуулах заалт тусгасан уу?

-Одоогийн хуульд байгаа зүйл заалтуудыг улам тодорхой болгох ёстой. Ер нь шөнө оройн цагаар хуралддаг. Гишүүдийг ядарсан, залхсан байдлыг нь ашиглаж, хууль бөөнддөг. Нөгөөтэйгүүр баяр, наадмын өмнө хууль баталдаг байдлыг таслан зогсоох ёстой. Үүний тулд дэгийн тухай хуулиа барьж ажиллах ёстой. Энэ хуулийн 4-р зүйлийн 4.13-т “Хуралдааны цагийг сунган хуралдуулах асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалт байгаа. Гэтэл өнөөдөр уг хуулийн заалтыг барьж ажиллаагүйгээс ядарсан гишүүд, залхсан гишүүд, согтуу гишүүд Монголын олон чухал хуулиудыг шөнө оройн цагаар бөөндөн баталж байгаа. Хуулийн чанар муудсан шалтгаануудын нэг нь энэ. Үүнийг өөрчлөх цаг болсон. Бид хуулиа барьж л ажиллах ёстой. Монгол Улсад хууль нь байгаа. Харамсалтай нь хуулиа баримтлахгүй байна.

Таны санаачилсан хэд хэдэн хуулийн төсөлПопулистгэж цоллуулаад унаж байсан. УИХын гишүүнийг эргүүлэн татах энэ төсөл хэлэлцүүлгийн шатанд унах магадлалтай. Мэдээж, гишүүд өөрсдийгөө эргүүлэн татахын төлөө кноп дарахгүй байх л даа

-Одоогийн хууль, эрх зүйн орчноо ашиглаж чадвал хариуцлагын тогтолцоог сайжруулах нөөц бололцоо хангалттай байгаа. Тухайлбал, хуралдаанд согтуу оролцох, хүндэтгэн үзэх шалтгаанаар чуулган, байнгын хорооны хуралдааныг тогтмол тасалдаг, хуралдаа хүрэлцэн ирдэггүй энэ тохиолдлуудыг зохицуулах зайлшгүй шаардлага байгаа. Анхнаасаа эсэргүүцэлтэй тулгарч байна.

Хуулийн төслөө битгий өргөн бариач, татаач. УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүнийхээ эсрэг ажиллаж болохгүй гэх мэт шахалтууд ирж байгаа. Энэ дарамт шахалтыг үл тоож хариуцлагын тухай хуулиа өргөн барих болно. Миний өргөн барьсан олон хуулийн төслийг энэ парламент унагаж байгаа. Тухайлбал, Оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд мөнгө байршуулахыг хориглох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхгүй хоёр жил дарж байгаа. Ер нь хариуцлагатай холбоотой хуулийн төсөл оруулахаар унагадаг ийм жишиг тогтсон. Гэхдээ бууж өгөхгүй. Олон чухал хуулийн төслүүдийг өргөн барих болно. УИХ-д эрүүл ухаантай, зөв сэтгэлгээтэй, шударга зарчимтай хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт итгэж байна.

Та Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль дээр ажиллаж байна гэлээ. Энэ хуулиудад хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэд хэдэн зүйл заалт орсон байна лээ. МОНРТээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувийн өмч. Ардчилсан нам төрд гараад хэвлэлийн дотоод ажилд хэтэрхий халдаж байгаа юм биш үү?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол чөлөөт нийгмийн амин сүнс шүншиг нь. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хаасан хязгаарласан хуулийг төрөөс гаргахгүй гэдэг үндсэн зарчим бий. Үүнийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тодорхой заачихсан. Тэгэхээр зөрчлийн тухай хууль бол Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд гарна. Энэ хоёр хуулийг зөрчсөн нэг ч заалтыг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд оруулахгүй. Оруулахгүйн төлөө хатуу зогсох болно гэдгээ хэлмээр байна.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 10.4.3 болон 10.4.1-т гэхэд төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн сонин хэвлэл, сэтгүүлч болон тэдгээр сурталчилгааг өгсөн албан тушаалтныг 250-2500 тооцох нэгжээр торгоно гэсэн байна лээ

-Төсөлд алдаатай, оноотой олон зүйл заалт байгаа. Олон хэлэлцүүлэг, шат дамжлагаар орж байж батлагдана. Хэлэлцүүлгийн явцад засч залруулаад явна. Торгуулийг тооцооны нэгж дээр үндэслэж оноохоор болж байгаа нь иргэдэд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Монгол Улсад тооцооны нэгж гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн Монголбанк л ашигладаг. Тэгэхээр хууль бол иргэнд ойлгомжтой энгийн байх ёстой. Энэ талаас нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг батлахдаа харж үзнэ.Та бүхний саналыг тусгах болно.

Сонгуулийн тухай хууль ямар шатандаа явна. Улс төрийн намууд санал нэгдэж чадав уу. Архаг улстөрчид дараагийн сонгуульд дахин гарахын тулд улс төрд орж ирж байгаа залуучуудад нэлээд хаалттай, хэвлэлээр сурталчлах эрхийг нь хязгаарласан заалтууд тусгасан гэж байсан?

-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Энэ хуулийн сонгуулийн тогтолцооны асуудал дээр намуудын дунд нэгдсэн ойлголцол зөвшилцөлд хараахан хүрээгүй байна. Ийм, тийм заалт орно, орохгүй гэж хэлэх нь эрт байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *