Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын яам нь найман газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар
болж бүтэц нь батлагджээ. Харьяанд нь Соёл урлагийн газар, Биеийн тамир
спортын газар гэсэн хоёр том салбарын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдана,
бүтэц зохион байгуулалтыг нь удахгүй салбар хариуцсан сайдын тушаалаар шийдэх
аж. Энэ тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь
өчигдөр/2016.08.01/ хэвлэлийнхэнд мэдээллээ.
2016 оны сайдын багцад их засварт зориулж 6.8 тэрбум төгрөг
батлагдсан юм байна. Нийт 89 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 49
нь орон нутагт эрх олгогдож ажил нь хэвийн үргэлжилж байгаа аж. Мөн одоогоор 23
обьектын их засварын ажил бүрэн дуусчээ. Үүнд 10 сургууль, долоон цэцэрлэг,
дөрвөн шинжлэх ухааны байгууллагын их засварын ажил хамаарч байна. Бусад ажлыг
наймдугаар сарын 15-нд дуусгах чиглэл өгчээ.
Концессын гэрээгээр нийслэлийн 14, 32, 73, 38 дугаар сургуулийг
барьж байгаа бол 33 дугаар сургуулийн өргөтгөлийг ч уг жагсаалтад багтаан ажил
нь эхэлжээ.
Өмчийн хэлбэрээс үл шалтгаалаад жил бүрийн намар их, дээд
сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг ч энэ хичээлийн жилд хуучнаар нь хадгалах
тохиролцоонд хүрсэн гэж салбарын сайд нь онцолсон юм.