Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат эхлээд яамны бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулж, цаашид тус яамнаас хийж хэрэгжүүлэх бодлогын талаар Байнгын хорооны даргад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн тэрээр Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн тухай, Жижиг дунд үйлдвэрийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Худалдааны тухай зэрэг хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага гарч байгааг онцлоод Байнгын хорооны даргаас эдгээр хуулиудын хэлэлцүүлгийн явцад анхааран ажиллахыг хүссэн юм.
Түүнчлэн арьс, шир үйлдвэрлэгчдэд илүүтэйгээр анхаарал хандуулан ажиллахаа дуулгаад эх орондоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ импортоор авахгүй байх хэрэгтэй байгаа талаар хэлж байсан юм. Аж үйлдвэрийн яам байгуулагдаад нэг сар болж, энэ хугацаанд бодлогын бичиг баримтуудаа боловсруулж дууссан. Одоогийн байдлаар стратеги төлөвлөлтийг 15 жилээр төлөвлөн боловсруулах ажил хийгдэж байна гэдгийг салбарын сайд дурдсан юм.
Байнгын хорооны дарга дээрх хуулиудад ажлын хэсэг байгуулан ажилладаг зарчмаараа цаашид явна гэдгийг хэлээд байнгын хорооны зүгээс бүхий л боломжоороо хамтарч, нэгэн зүгт харж ажиллах болно гэдгийг дуулгалаа. Мөн Эдийн засгийн байнгын хороогоор Чөлөөт бүсийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд тус яамны зүгээс саналаа өгч, хамтран ажиллах үүрэг чиглэл өглөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв