Categories
мэдээ цаг-үе

Ж.Ассанжийн хэргийн эргэн тойронд

Нууц мэдээллийг олонд дэлгэсэн WikiLeaks цахим хуудсыг үүсгэн байгуулагч Ж.Ассанжийг дөрөвдүгээр сарын 12-нд саатуулсан билээ. Австралийн иргэн тэрбээр сүүлийн долоон жил Лондон хот дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт тус улс түүнд орогнол олгохоос татгалзсан. Үүний дараа Их Британийн цагдаа нар баривчилсан юм. Одоогоор урьдчилан хорих төвд хоригдож буй түүнийг шүүх хурал тавдугаар сарын 2-нд болно.


“АД ҮЗЭГДЭХ” БОЛСОН ШАЛТГААН

Эквадорын ЭСЯ-наас Ж.Ассанжийг “ад үзэх” болсон шалтгаан нь 2017 онд үүрэгт ажилдаа орсон тус улсын ерөнхийлөгч Ленин Моренотой холбоотой “INA Papers оффшорын дуулиан” хэмээх авлигын хэргийн баримтуудыг Ж.Ассанж дэлгэжээ. Түүнээс хойш Эквадорын төрийн тэргүүн түүнийг олон улсын конвенцийг удаа дараа зөрчсөн хэмээн буруутгаж байлаа. Харин Ленин Мореногийн уг мэдэгдлийг Эквадорын өмнөх ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгдэхдээ “Ленин Морено бол манай улсын түүхэн дэх хамгийн “увайгүй урвагч” хэмээн нэрлэжээ.

Ж.АССАНЖИЙН ХЭРЭГ

Ж.Ассанж 2006 онд сайтаа нээж, төр засгийн нууц мэдээллийг олонд ил болгож байв. Тухайлбал, 2007 онд Гуантанамо дахь шоронгийн Америк харгалзагчид алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүстэй хэрхэн харьцах талаар зааварчилгааг нийтэлсний дараа олны анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар “The New York Times”, “Guard­ian”, “Spiegel” зэрэг томоохон хэвлэлүүдтэй хамтран ажилласнаар дэлхий дахинаа алдаршсан юм. Тэрээр 10 сая баримт бичиг нийтэлсэн нь дэлхийн улстөрчид, засгийн газар, корпорациудыг түгшээж байв.

Ж.Ассанж олон жилийн туршид хууль хүчнийхнээс зугтан, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн удаатай. Харин 2010 онд Шведийн шүүх түүнийг бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт буруутгасан юм. Тухайн үед Лондонд байсан Ж.Ассанж хуулийнханд сайн дураараа бууж өгсөн. Түүнийг саатуулсан ч батлан даалтаар сулласан. Харин Ж.Ассанж өөрт нь тулгасан хэрэгт гэм буруугүй гээд улс төрийн зорилгоор хилс хэрэг тулгалаа хэмээн мэдэгдэж байв.

Их Британийн шүүхээс түүнийг 2012 онд Шведийн талд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасны дараа тэрээр Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд улс төрийн орогнол хүсч, бүгэх болсон. Учир нь Шведийн тал өөрийг нь АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөс болгоомжилсон хэрэг байв. 2016 онд НҮБ-ын ажлын хэсэг Ассанжийн нөхцөл байдалтай танилцаж, түүнийг эрх чөлөөгүй, өөрийн хүслээр шилжин явах боломжгүй байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн Швед болон Их Британийн талаас түүнд чөлөөтэй шилжин явахыг зөвшөөрөхөд уриалж байжээ. 2017 онд Ассанжийн эсрэг хэргийг Шведийн хууль хүчний байгууллага түүний хэргийг хаасан юм. Гэвч Их Британийн тал түүнийг шүүхээс санаатай оргон зайлсан гэх хэрэгт буруутгах болсон.

Өнгөрсөн пүрэв гаригт Ж.Ассанжийг баривчлах үед тэрээр хууль сахиулагчдад эсэргүүцэл үзүүлсэн учраас түүнийг хүчээр авч явсан байна. Гартаа гав зүүж, хууль сахиулагчдад хөтлүүлэн хүчээр элчинг орхих үедээ Ж.Ассанж “Их Британи улс үүнийг эсэргүүцэх ёстой” хэмээн хашгирч байж. Түүнийг цагдаагийн машинд суулган, хэсэг рүү авч явжээ.

Ж.Ассанжийн аав

Ж.АССАНЖИЙГ БАРИВЧИЛСАН ТАЛААР ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД

Зарим хэвлэлийн онцолсноор Их Британийн тал АНУ-аас гаргасан хүсэлтийн дагуу Ж.Ассанжийг баривчилсан хэмээв. Учир нь Америкийн эрх баригчид түүнийг хакерын хэргээр буруутгаж байгаа аж. Ж.Ассанжийн буруутай нь тогтоогдвол таван жилийн хорих ял онооно гэжээ. Үүнтэй зэрэгцэн Ж.Ассанжийг Америкийн талд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцсэн шүүх хуралдаан болсон талаарх мэдээлэл хөвөрч байна. Тус хуралд Америкийн засгийн газрын ажилтнууд, Америкийн талын эрх ашгийг төлөөлж байгаа хуульчид болон Ж.Ассанжийн өмгөөлөгч тус тус оролцжээ. Түүний өмгөөлөгчийн онцолсноор үйлчлүүлэгч нь ямар нэгэн байцаалт мэдүүлэг өгөхгүй гээд хэрэв Ж.Ассанжийг Америкийн талд шилжүүлбэл амь нас нь эрсдэлд орж болзошгүй гэжээ. Улмаар шүүхээс Ассанжийг өөр улс орон руу шилжүүлэн өгөх асуудлыг нээлттэй үлдээж, саатуулах хугацааг сунгасан байна. Мөн дээрх хэрэгт холбогдуулах шүүх хурлыг тавдугаар сард явуулахаар болжээ. Түүнчлэн Ж.Ассанжийг хүсэлт гаргавал Швед улсын талд шилжүүлэн өгөхийг Их Британийн парламентын гишүүд тус улсын Дотоод хэргийн сайд Сажид Жавидад хандан уриалжээ. Энэ тухай сөрөг хүчний Лейборист намаас парламентад сонгогдсон Стелла Кризи өнгөрсөн баасан гаригт твиттертээ жиргэжээ. Үүнтэй зэрэгцэн Викиликс байгууллага Эквадорын талыг олон улсын хууль журам зөрчин, Ассанжийг саатуулах боломж олгосонд буруутгаад байна. Тэдний үзэж буйгаар тус улсын эрх баригчид тэр дундаа Эквадорын төрийн тэргүүн Ленин Морено нь өөрийнх нь нэр холбогдсон авлигын хэргийг задруулахаас болгоомжилж, түүнийг Их Британийн талд баривчлах боломж олгосон гэжээ. Мөн тус улсын ЭСЯ Ж.Ассанжид жилийн өмнө бүх цахим болон утсан харилцааг тасалж, интернэтэд нэвтрэх боломжийг нь хаасан. Түүн дээр гаднаас хүн оруулахгүй, уулзуулахгүй байхыг давхар үүрэгдсэн гэжээ. Уг шийдвэрийн дараа Ассанж Эквадорын эрх баригчдыг хүний эрхэнд халдан, олон улсын хууль журмыг зөрчиж байна гэжээ.

Ж.Ассанж баривчлагдах үеэрээ

Харин Их Британийн тал Эквадорт Ассанжийг баривчлах боломж олгосонд талархаж буйгаа илэрхийлжээ. Тус улсын гадаад хэргийн сайд Жереми Хант энэ талаар мэдэгдэл хийж, Лондон болон Китогийн хооронд хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээрийн дүнд Ассанжийг баривчлах боломж бүрдсэн хэмээн онцолсон байна. Үүнтэй зэрэгцэн Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн холбоотныг баривчилсан талаар өнгөрсөн пүрэв гаригт Эквадорын Дотоод хэргийн сайд Мария Паула Рома мэдээлжээ. Гэвч баривчлагдсан этгээд хэн болох талаар албан ёсоор мэдээлээгүй байна. М.Рома “Ассанжийн ойрын хүн энд амьдардаг. Гадаад хэргийн сайд асан Рикардо Патинотой холбоотой болохыг нь нотлох хангалттай баримт бидэнд бий. Түүнийг саатуулсан” хэмээн ярьжээ. Ассанжийн холбоотныг Япон руу нисэх гэж байхад нь нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Саатуулагдаад буй Ола Бини нь швед гаралтай, Викиликсийн программ хангамж хөгжүүлэгч аж. Сэтгүүлч Вижэй Прашад твиттертээ баривчлагдсан этгээд программ хангамж хөгжүүлэгч Лоа Бини болохыг “илчилжээ”.

Тэгвэл Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага нь Жулиан Ассанжийн хэргийг шалгахдаа дотоодын хууль болон олон улсын хүний эрхийн үүргийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэм хэмжээ, сэтгүүл зүй, тэр дундаа сэтгүүл зүйн эх сурвалжийн мэргэжлийн үүргийг хамгаалахыг илүүд үзэхийг Их Британийн засаг захиргаанд уриалсан байна. Энэ ч утгаараа Ассанжийн сэтгүүл зүй төст үйл ажиллагааг хорих зорилготой байж болзошгүй. Түүнийг АНУ-д шилжүүлэх шаардлагыг биелүүлэхээс Их Британи улс ангид байх ёстой гэжээ. Энэ талаар RSF-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Олон нийтийн тусын тулд Викиликс сайтаар дамжуулж сэтгүүлчдийг мэдээллээр хангасных нь төлөө есөн жилийн дараа ч Ассанжийг үргэлжлүүлэн онилж байгаа нь цэвэр залхаан цээрлүүлсэн үйлдэл юм. АНУ цаашид дээрх зорилгоо биелүүлэхийг зорьж байж магадгүй. Энэ нь сэтгүүлчид, шүгэлдэгчид болон сэтгүүл зүйн мэргэжлийн бусад эх сурвалжуудын эсрэг аюултай жишгийг тогтоож болзошгүй байна. Тиймээс Ассанжийг шилжүүлж авахтай холбоотой АНУ-ын ямар ч шаардлагын эсрэг Их Британи нь үндсэн зарчмаа баримтлах ёстой. Түүний сэтгүүл зүйн салбарт үзүүлсэн хувь нэмэртэй уялдах дотоодын хууль тогтоомж болон Европын хуулийн дагуу аюулгүй байдлыг нь хангах ёстой” гэсэн байна. Дашрамд дурдахад, Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргасан 2018 оны Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Их Британи 40 дүгээрт, АНУ 45 дугаарт тус эрэмбэлэгджээ.

Мөн Америкийн тусгай албанд ажиллаж байгаад гарахдаа олон нууц мэдээллийг задлан дэлхий дахинаа алдаршсан Эдвард Сноуден Викиликсийн үүсгэн байгуулагчийг баривчилсан нь “хэвлэлийн эрх чөлөөний хувьд хар мөч” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр “Шагнал авсан материалуудыг нийтэлсэн нийтлэгчийг баривчлуулахын тулд Эквадорын элчин сайд Их Британийн нууц цагдаагийнхныг элчин сайдын яам руу оруулж байгаа дүрст бичлэг түүхийн сурах бичигт орно” гэж жиргэжээ. Харин Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “ардчиллын гар” эрх чөлөөний хоолойг боомилж байна” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Оросын хэд хэдэн хэвлэлүүд дээрх үйл явдлыг “дэлхий дахинд хоёр нүүр гаргах явдал яллаа” гэж онцолжээ.

ХҮҮГЭЭ ХАРААД ШОКОНД ОРЖЭЭ

Австралийн Мельбурн хотод амьдардаг Ассанжийн эцэг Жон Шиптон “Их Британийн цагдаа нар хүүг маань шатаар чирч буй бичлэгийг хараад шоконд орсон. Түүнийг суллаж, нутаг буцаах талаар эрх баригчдаа уриалж байна” гэснийг “The Herald Sun” сонин уламжилжээ. Жон Шиптон “Би хүүгээ ямар байдалтай байгааг хараад маш их цочирдсон. Би 74 настай. Хүү маань 47-той. Гэтэл хүүгээсээ би хавьгүй залуу харагдаж байна” гэжээ. Үүнтэй зэрэгцэн Австралийн ерөнхий сайд Скотт Морриосон дөрөвдүгээр сарын 12-нд мэдэгдэл хийв. Тэрээр Ж.Ассанжид Консулын газрын зүгээс ямар нэгэн давуу эрх бүхий дэмжлэг үзүүлэх боломжгүй гэсэн байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *