Categories
мэдээ цаг-үе

Ж.Алтанцэцэг: Тоглолтдоо дэлхийн алдартай сопрано хоолойтнуудын авдаг дээд өнгөөр дуулна

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Corporate convention center”-т “Хайр гэж…” уран бүтээлийн тоглолтоо тавих гэж байна. Энэ удаагийн тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байгаа бөгөөд Поп Дивагийн тоглолт мэргэжлийн түвшинд хэрхэн болдгийг харуулахыг зорьж байгаа аж. Бэлтгэлийнх нь үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.


-Таныг хүчтэй хоолойтой гэдэг нь яах аргагүй үнэн юм байна. Сая гамм уншиж байхыг тань сонслоо?

-Миний оюутан ахуйн найз СУИС-ийн дуурийн дуулаачийн багш Батжаргал маань энэ удаагийн тоглолтод намайг дасгалжуулж, гамм уншуулж бэлдэж байгаа юм. Яагаад гамм уншаад байна вэ гэхээр энэ тоглолтдоо алдартай сонгодог дуунууд дуулна. Нэртэй, том дуу дуулах учраас дээд өнгөө сайн давтаж байна. Дэлхийн сопрано хоолойнуудын авдаг дээд өнгөөр дуулах учраас гамм уншиж байгаа юм.

“On’n Off” продакшн дээр бэлтгэлээ хийж байгаа. “А Sound” хамтлагийн ахлагч Пүрэвсүх маань хөгжмийн бүх талыг хариуцаж байгаа. Энэ тоглолтдоо дуулж байгаа дуунуудаа бүгдийг мэргэжлийн хүнээр нотлуулж архивлуулж үнэт өв, контент болгож авч үлдээх гэж байгаагаараа онцлогтой тоглолт болно. “On’n Off” продакшн манай гэртэй тун ойрхон учраас алхаж ороод л бэлтгэлээ хийчихнэ. Ерөнхийдөө амралтын байдалтайгаар л тоглолтын бэлтгэлээ хийгээд байна.

-Дуучид тоглолтын өмнө бэлтгэл хийхээс аль болох татгалзаж хоолойгоо амраадаг юм билээ. Ялангуяа мэргэжлийн дуучдаас ийм дадал анзаарагддаг?

-Мэргэжлийн дуучин хүн хоолойгоо маш сайн амрааж байх хэрэгтэй байдаг юм. Маш их амрааж, ерөөсөө ярихгүй байх жишээтэй. Тэгж байж хоолой гоё гардаг. Би олон жил гамм уншаагүй, танхай явлаа шүү дээ (инээв). Микрофон бариад дуулах үедээ дуулаад л явж ирлээ. Гамм гэдэг бол мэргэжлийн дуучдын хоолойг их өөр болгодог л доо. Амьсгалын дасгал хийнэ, өнгөө зөв гаргах хэрэгтэй. Бид чинь олон жил дуулчихаар өнгөнүүдэд өөрчлөлт орчих гээд байдаг юм. Бүдүүрээд, залуу өнгө гарахаа болих гээд байдаг. Нэг үгээр вибраци нь ихдээд байдаг байхгүй юу.

-Хамгийн сүүлд хэзээ тоглолт хийсэн юм бэ. Удсан шиг санагдаад байна?

-2013 онд тоглосон шүү дээ. Зургаан жил өнгөрсөн байна.

-Уран бүтээлч хүнд тоглолт тавихгүй бол зургаан жил гэдэг хол хугацаа юу?

-Хол байлгүй яахав. Бид чинь чөлөөт уран бүтээлч гэгдээд л яваад байгаа. Ямар ч мэргэжлийн байгууллагад харьяалагдсан юм байхгүй. Уг нь гадны орнууд Концертын хуультай байдаг юм. Тэнд дуучид нь байнгын завгүй, бэлтгэлтэй байдаг.

-Тоглолтын товоо тогтоох олон л өдөр байсан. Гэтэл яагаад Мартын 8-ны өдөр тоглолтоо хийхээр болсон юм бэ?

-Би эмэгтэй хүн, эмэгтэй дуучин. Олон жил тоглоогүй учраас энэ сайхан баярын өдөр тоглолтоо хийхээр шийдсэн л дээ. Эмэгтэйчүүд маань энэ өдөр эрхээ хамгаалдаг, баярладаг. Энэ өдөр чинь онцгой өдөр шүү дээ. Special өдөр гэх юм уу даа. Энэ өдрийг гоё өнгөрүүлэх ёстой. Хаврын урин өдрүүд ирж байна. Тийм болохоор эмэгтэйчүүд маань өөрийгөө хөглөх хэрэгтэй гэж бодсон учраас тоглолтоо уг өдөр зохион байгуулахаар болсон. Бас тоглолтоо хийхэд манай уран бүтээлчид надад их нөлөөлсөн л дөө. Том дуучид маань “Алтаа, чи тоглолтоо хийгээч дээ. Дуучин хүн байж сул яваад байх юм. Америкт кино хийлээ, студиэ байгууллаа. Одоо өөрийнхөө юмыг хий” гэж их хөглөсөн. Олон хүн намайг ятгасан л даа. “Дууг минь сонсох дуртай хүмүүс байгаа. Дуунуудаа идэвхжүүлээч. Хүмүүс мартах нь байна шүү” гэцгээсэн. Ононбат, Нансаа хоёр маань их хөглөж өгсөн. Ононбат маань дуунууд дээр мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа.

-Мартын наймны баяртай холбоотой сайхан дурсамж хүн бүрт бий, ялангуяа бүсгүйчүүдэд?

-Байлгүй яадаг юм. Мартын найман гэхээр өөрсдийгөө гэхээс илүү ээжийгээ баярлуулдаг шүү дээ. Надад ийм юм бодогдоод байдаг юм аа. Хүүхэд байхад эцэг эхийн халамж, хайр байхгүй бол хэн ч биш юм шиг санагддаг байжээ. Нас биед хүрээд хань ижилтэй болоод ирэхээр хань, нөхрийн хайраас илүү юм үгүй юм шиг санагдана. Одоо ингээд дөч гараад ирэхээр үр хүүхдийн хайр гэж ямар нандин юм, ямар гоё юм. Ээжийгээ хайрлаж байна шүү дээ, миний тэр жижигхээн охин. Орой болгон унтахынхаа өмнө “Ээж ээ, би танд хайртай” гээд л санамсаргүй байж байхад хүрч ирээд л ээжийгээ хайрлаж байна. Ер нь бид чинь элбэрэл хайр дунд оршиж тогтнож үлдэж чаддаг. Хүн төрөлхтөн бүгд л адил. Тийм болохоор би тоглолтоо “Хайр гэж…” нэрлэсэн. Хайр юм уу, аялгуу дуу энэ ертөнцөд байхгүй байна гээд л төсөөлөөд үз л дээ. Би чинь уран бүтээлч хүн учраас амьдралаа ингэж хөглөх дуртай. Мартын найман бол Хаврын баяр. Хүмүүсийн сэтгэл сэргэдэг. Өвлийн хүйтэнд бээрч бээрч байснаа хаврын энэ үед л бүгд сэргэдэг. Байгаль дэлхий, бүх юм сэргэдэг шүү дээ. Ийм л болохоор их гоё өдрийг сонгож тоглолтоо хийх гэж байна. Монголчууд маань Мартын найман гэж нэрлээд заншчихаж дээ (инээв). Угтаа бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Америкт манайхан шиг ингэж өргөн дэлгэр тэмдэглэдэггүй юм билээ. Гэхдээ гоё шүү дээ. Энэ олон баярыг муухай гэж боддоггүй юм. Хүн бүтэн нойртой хоноход бие эрүүлжээд сэтгэл сэргээд сэвхийгээд л босоод ирдэг. Тэрэнтэй адилхан энэ баярууд чинь хүний амьдралд чухал өдрүүд болж үлддэг. Хүнд яах гэж амьдарч байгааг нь сануулж байгаа ч юм шиг санагддаг. Хавтгайгаар ууж идэж байгааг нь манайхан шүүмжлээд байдаг болохоос биш хаа ч, дэлхийн аль ч оронд Specialday өдрүүд бий. Тийм өдрүүдээр үр хүүхдүүддээ санамсаргүй бэлэг өгч, амраадаг ч юм уу, хүмүүст баяр хөөр бэлэглэдэг. Энэ үүднээсээ бол байх л асуудал. Тиймээс л бүсгүйчүүдээ баярлуулъя гэж шийдсэн юм.

-Та эх орондоо байсан бол жил болгон л тоглолт хийчих байсан байх?

-Тийм ээ, тийм. Тэгэх байсан.

-Энэ удаагийн тоглолтын өмнө та догдлолтой байгаа байх. Яагаад вэ гэвэл та эх орноосоо хол амьдарч үзлээ, харьд байж үзлээ. Эх орныхоо үнэ цэнийг мэдэрч, тайзаа санаж, үзэгчдээ үгүйлж байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Би өнгөрсөн жил буюу 2018 оны гуравдугаар сарын 8-нд Лос-Анжелес хотод дуучин Баярцэцэгтэй хамтраад “Зүрхнээс гарсан содон аялгуу” тоглолт хийж байлаа. Энэ тоглолтыг тус хотод ажиллаж амьдардаг монголчуудад зориулсан юм. Би урлагийн хүн учраас тэнд хоёр жил гаруй хугацаанд байхдаа бусад хотуудад соёл урлагийн ийм арга хэмжээ ямархуу байдалтай явагддагийг олж харахыг хичээсэн л дээ. Тэндхийн Монгол залуучуудын холбооны удирдлагуудтай уулзаад, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байлаа. Хэдийгээр харьд байгаа ч монголчууд маань нэгнээ хэр дэмжиж, хоорондоо уялдаа холбоотой байдаг юм бол гэдгийг судалсан л даа. Ерөнхийдөө бол бүгдээрээ л юм хийх гээд дор бүрнээ хичээцгээдэг. Нэг ийм юм ажиглагддаг юм. Харь оронд ажиллаж байгаа хүмүүсээ их шүүмжилдэг. Монголдоо байхгүй байж гадны орноос шүүмжиллээ, үг хэллээ гэдэг. Гадаадад очиж амьдарч байхад эх орноо холоос хардаг. Хэдийгээр дунд нь байхгүй ч санаа зовох юм ихтэй болчихдог. Түрүүлээд муу мэдээг нь олж хардаг ч юм уу. Хүмүүс чинь мэдэхгүй юм аа, мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс л олж хардаг. Тэгэнгүүт бүх юм бужигнаад болохгүй байгаа юм шиг. Тэнд визний асуудалтай, бидэн шиг чөлөөтэй зорчиж чадахгүй байгаа хүмүүс олон бий. Бас тэндээ дасчихсан, амьдрал, ажил бүх юм нь тэнд уягдчихсан, үр хүүхэд нь сургууль соёлд орчихсон байлаа ч эх орон нь бодогдоод болдоггүй. Ёстой өнөө …Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон гэдэг шиг. Яг л энэ дууны мөрүүд шиг байдаг юм.

Би тэнд байхдаа тэндхийн амьдралын хэмнэлд орох гэж, гэр орноо авч явах гэж хажуугаар нь хэлний сургалтдаа сурах гэж их ядарсан. Тэгэхэд “Эх орондоо, гэртээ байсан бол хэн нэгнийгээ, эгчийгээ, дүү нараа дуудаад туслуулах байсан. Энд хэнийгээ дуудах билээ” гэж цөхөрсөн. Манай нөхөр дэндүү монголжуу. Монгол хоол, цайгаа идэж уух гээд Монголоо санаж дурсаад байдаг байлаа. Харин миний хувьд тусгай виз гарсан юм чинь 2020 он хүртэл эндээ амьдаръя, өөрийгөө харь оронд сориод хэл ус сураад амьдралын хэв маягтай танилцъя. Энэ бүхэн үр хүүхдийн ирээдүйд хэрэгтэй шүү дээ гэж бодож байсан л даа. Тэнд олон жил амьдарсан монгол бүсгүйтэй танилцсан л даа. Ойр зуурын амьдралдаа туслуулъя гэсэн нэртэй ч үнэндээ би хань татсан юм. Гадаад хүн гэхээс монгол хүнтэйгээ ярилцсан нь дээр ч юм шиг. Тэгтэл манай хүн Монголоос ирлээ. Ирээд хэдхэн хонож байсан юм. Би нөхөртөө “Аянчин” хиам, боорцог гэх мэтийн идэх юм захичихсан байсан юм. Бид энд байхдаа тэгж их хиам, боорцог идээд байдаггүй шүү дээ. Тэгтэл өнөө бүсгүй маань манайд ирээд “Өгөөж”-ийн боов, хиам идэж байснаа гэнэт нулимс нь бөмбөрөөд ирсэн. Би эхлээд анзаараагүй юм. “Яана аа, амт нь яг хэвээрээ байна шүү дээ. Огт өөр юм аа” гээд уйлж билээ. АНУ-д арав гаруй жил болсон мөртлөө тэр боов, хиамны амтыг мартаагүй байна гэдэг чинь хүний зүрх сэтгэл ямар их ой санамжтай вэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу. Би хүртэл тэгж байгаа юм. Хүүхдүүдээ сургууль соёлд нь өгчихөөд нэг их сайхан сууя гэхээр найз нөхөд хамаг юм үгүйлэгдээд байдаг юм билээ. Харьд байгаа хүний сэтгэлийг сэтгэлээсээ мэдэрсэн гэж хэлж болно. Би ганц эгчтэй л дээ. Эгч маань Японд олон жил амьдарсан. Сүүлийн жилүүдэд нь утсаар маш их залгадаг байсан юм. “Ямар ядаргаатай, яасан их залгадаг юм бэ” гэж түвэгшээдэг байсан юм. Бид нар энд байдгаараа л байж байхад байн байн залгаад байх юм гэдэг байж билээ. Тэгтэл би эсрэгээрээ яг тэр байдалд орж үзээд л эгчийгээ яагаад байнга залгадаг байсныг ойлгосон л доо. Эх орон гэдэг ямар үнэ цэнэтэй, хүний эх нутаг, ижий аав гэдэг ямар эрхэм бэ. Монголчууд маань газар шороо, байгаль эхээ дээдлэн амьдарч ирсэн нь их том ухаан юм даа.

-Таны дуулсан ариг сонссон л доо. Их сайхан дуулжээ. Энэ тоглолтдоо хуучны сайхан дуунуудаа, сэтгэлд хоногшсон бүтээлээ дэлгэх байх?

-Тоглолт маань дөрвөн хэсэгтэй. Ардын дуу дуулна. Хүүхдийн хоортой дуулна. Поп дуунуудаа эгшиглүүлнэ. Сонгодог дуу дуулна. 2007, 2013 онд хийсэн том тоглолтууддаа анх гаргаж байсан “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, “Хоёулаа хамтдаа” цомгуудаасаа ерөөсөө оруулаагүй юм билээ. Харин саяхан Ангирмаагийнхаа тоглолтод “Намайг эзэмдэх чиний сэтгэл”-ийг хийлч Дээгийтэй хамт дуулсан чинь хүмүүс маш их хүлээж байсан нь мэдрэгдсэн. “Итгэл өгөөч наддаа”-г дуулсан чинь хүмүүс их сайхан хүлээж авсан. Тэгээд би их баярлаж байна. 25, 27 жилийн өмнө гаргасан энэ дуунуудыг маань хүмүүс мартаагүй байна. Бид чинь шинэ юм хийх гээд л гүйгээд байдаг. Шинэ л цомог гаргачихвал бүх юм болчих гээд ч байгаа юм шиг. Тэгтэл үгүй юм байна. Хуучныхаа юмыг гоёор сэргээж байх ёстой юм байна. Тоглолтод маань эхнээс нь дуустал симфони оркестр сууна. Үзэгчдэдээ тэр тансаг хаан хөгжмийн эгшгийг мэдрүүлнэ гэж зорьж байгаа. Мэргэжлийн дуучны түвшинд хийх тоглолт болно. Тоглолтдоо олон сонгодог дуу дуулахгүй, хоёрыг дуулна. Хоёр дууны төлөө л ингээд гаммаа уншаад хөлсөө дуслуулаад зогсч байна шүү дээ (инээв).


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *