Categories
гадаад мэдээ

Израилын ерөнхий сайд гэр бүлийнхээ хоол хүнсний зардлыг өөрөө төлөхөөр болжээ DNN.mn

Саяхан Израил улсын ерөнхий сайдын гэр бүлийн зардалтай холбоотой шүүмжлэл тус улсын хэвлэлээр цацагдсан юм.

Үүнтэй холбогдуулан ерөнхий сайд Нафтали Беннет гэр бүлийнхээ хоол хүнсний зардлыг өөрөө төлж байх шийдвэр гаргажээ.

“Хэдийгээр манай гэр бүл тогтсон дүрэм журмыг зөрчөөгүй ч би олон нийтийн санаа бодлыг ойлгон хүлээж авч байна. Тиймээс өнөөдөр би ажилтнууддаа манай гэр бүлийн хоол хүнсний зардал миний хувийн данснаас гарч байхаар болсныг мэдэгдлээ. Би мөнгөний төлөө эсвэл хүндлүүлэх гэж энэ ажлыг аваагүй. Харин Израилын иргэдэд бүх чадлаараа үйлчлэх гэж ажиллаж байгаа ба цаашдаа ч үргэлжлүүлэн зүтгэх болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Сар бүр ерөнхий сайдын урсгал зардалд төсвөөс $26,400 зарцуулдгаас $7,400 нь хоол хүнсэнд зориулагддаг ажээ.

Түүний өмнөх ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн үед энэ зардлын хэмжээ $84,300 байсан юм байна. Нетаньяхуг татвар төлөгчдийн мөнгийг гамгүй үрдэг гэсэн шүүмжлэл байнга дагадаг байв.

Харин өнгөрсөн оны зургаадугаар сард томилогдсон Нафтали Беннет өмнөх ерөнхий сайдаас өөрөөр ажиллахыг хичээж байгаа.

Тухайлбал тэр Израилын ерөнхий сайдын албан өргөөнд амьдрахаас татгалзаж, Тель-Авивын захад орших хувийн байрандаа амьдарч байна.

Хэвлэлд түүний зардалтай холбоотой шүүмж гарсны дараа Беннет өөрийгөө өмнөх ерөнхий сайдын гаргадаг байсан зардлыг эрс бууруулснаа олон нийтэд тайлбарласан юм. Гэхдээ тэр хоол хүнсний зардлаа өөрөө төлөх шийдвэрийг гаргасан байна.

Беннет нь улс төрд орохоосоо өмнө технологийн хоёр компани үүсгэн байгуулсныгаа нийт $250 гаруй саяар зарж байжээ. Тэр одоо ерөнхий сайдын албыг хашаад сар бүр $16,500-ын цалин авдаг нь Израилын дундаж цалин болох $3,400-аас нэлээд өндөрт тооцогддог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *