Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Израил улс пуужингийн довтолгооноос хамгаалах лазерын шинэ системээ амжилттай туршжээ DNN.mn

Израил улс пуужингийн довтолгооноос хамгаалах лазерын шинэ системээ амжилттай туршсаныг өчигдөр зарлажээ.

Туршилтын үеэр шинэ систем нь төрөл бүрийн пуужин, миномёт, танк эсэргүүцэгчийн довтолгоог таслан зогсоож чадсан тухай тус улсын батлан хамгаалахын сайд Бэнни Ганц мэдэгдсэн байна.

Ирэх арван жилийн хугацаанд Израил улс ийм системийг хилийнхээ зурвасыг тойруулан байрлуулах гэнэ.

Туршилтыг өнгөрсөн сард Негевийн цөлд зохион байгуулсан байна.

Энэ оны хоёрдугаар сард Израилын ерөнхий сайд Нафтали Беннет тус улс нэг жилийн дотор пуужингийн довтолгооноос хамгаалах цоо шинэ систем ашиглаж эхлэх тухай мэдэгдсэн нь өөрийн бүс нутгийн гол дайсан Иранд анхааруулсан хэрэг байв.

Лазерын шинэ системээ Бэнни Ганц “өртөг хямд, үр дүнтэй, шинэлэг хамгаалалтын шүхэр” гэж тодорхойлсон байна.

Израил улс сүүлийн жилүүдэд алсын тусгалын пуужингаас эхлээд хэдхэн километрийн зайнаас харвасан пуужинг хүртэл устгах чадвартай хэд хэдэн төрлийн хамгаалалтын систем хөгжүүлээд байгаа.

Тус улс танкуудаа хүртэл пуужингийн хамгаалалтын системээр тоноглож чадсан юм.

Одоогоос бараг нэг жилийн өмнө Газын зурвас дахь Хамас зэвсэгт бүлэглэлтэй Израил улс 11 өдөр дайтахад Хамасын талаас 4,000 гаруй пуужин харваж байжээ.

Израил улсын одоо ашигладаг Iron Dome (Төмөр бөмбөлөг) хамгаалалтын систем нь 90 хувийн үр дүнтэй агаарын цохилтоос хамгаалж чаддаг. Гэхдээ уг систем нь маш өндөр өртөгтэй юм.

Лазерын шинэ системийн гол давуу тал нь хямд өртөг тул олон тоогоор олон байрлалд зэрэг ашиглах боломжтой ажээ.

Эх сурвалж: Associated Press

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *