Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Изинис эйрвэйз” компани үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ

Изинис эйрвэйз” компани өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ. Тус компани нь “Ньюком” группийн хөрөнгө оруулалттайгаар 2006 оны 12-р сарын 06-ны өдөр байгуулагдаж байжээ. Анх Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдэж байсан бол Дорнод,  Хөвсгөл, Өмнөговь, Увс,  Баян-Өлгий  5 аймгийн 6 чиглэлд, мөн олон улсын 1 чиглэлд Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу тус тус тогтмол болон захиалгат нислэг үйлдэж байсан юм. Харин дөнгөж сая үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухайгаа мэдэгдэл гарган мэдээлсэн байна. Мэдэгдэлдээ “Изинис Эйрвэйс ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгуулагууддаа талархал илэрхийлье. 

Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *