Манай улсад ЕБС-ийн 486 дотуур байранд 32 мянга гаруй сурагч амьдарч байна. Тэдгээрийн төлөөлөл болох Баян-Өлгий, Ховд аймгийн дотуур байрны хүүхдүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, түүнээс гарах арга замыг эрэлхийллээ.
Баян-Өлгий аймгийн Толбо суманд Норвегийн тусламжийн байгууллагаас санаачлан БСШУСЯ болон ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЗДТГ хамтран “Дотуур байр- Хүүхдийн хөгжил, оролцооны орчин” сэдэвт форумыг амжилттай зохион явууллаа. Гурван өдөр үргэлжилсэн тус форумд дотуур байрны хүүхдүүд, багш, нийгмийн ажилтан, тогооч, жижүүр, сургуулийн удирдлагууд, холбогдох яам, агентлагийн дарга, мэргэжилтнүүд зэрэг нийт 150 орчим төлөөлөгч оролцсон юм.
Дотуур байрны хүүхдүүд тухайн жилийнхээ 250 гаруй хоногт нь эцэг эхээсээ хол амьдарч байна. Энэ нь тэдэнд онцгойлон анхаарал хандуулах шаардлага буйг харуулж байна. Тиймдээ ч гурван өдрийн турш чуулахдаа нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэхээс гадна хөгжил, оролцоогоо хэрхэн хангах тал дээр санал солилцлоо.
Тухайлбал, хүүхдийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаа түлхүү зохион байгуулах тэднийг манлайлалд сургахын зэрэгцээ орон нутгийн удирдлагад хандаж асуудлаа хэлэлцэх, ИТХ-д хүүхдүүдийн төлөөлөл оролцож санал бодлоо тусгуулах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.