Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Италийн алдарт “Loriblu” Монголд нээгдлээ

Италийн хамгийн шилдэг, хамгийн тансаг дээд зэрэглэлийн брэндэд тооцогддог “Loriblu” компанийн салбар дэлгүүрийн нээлт өчигдөр боллоо.

Дээд зэрэглэлийн арьсан эрэгтэй, эмэгтэй гутлыг өдөр тутам, спорт, тансаг зэрэглэл гээд хүмүүсийн өргөн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэдэг тус компани өнгөрсөн жил 40 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн байна. “Loriblu” компани нь дэлхийн улс орнуудад нээгдэж буй салбар дэлгүүрүүддээ тогтсон стандарт, нарийн чанд шаардлагыг тавьдаг бөгөөд үүнийг давж салбар дэлгүүрийн эрхийг авна гэдэг нь нэр төрийн хэрэг гэгддэг. “Loriblu” брэнд нь Италид үйлдвэрлэдэг, гар урлалчдын нарийн чимхлүүр ажиллагаа, нарийн ур чадвар ордог гэдгээрээ онцгойрдог дээд зэрэглэлийн брэнд билээ. Мөн үнэт чулуу, уулын болор чулуу орсон сваровски элементтэй загварууд нь олны таашаалд нийцдэг.

Тэгвэл манай “Мөнхийн дөлгөөн мөрөн” компани “Loriblu” компанийг Монголд төлөөлөх эрхийг авчээ. Өчигдөр болсон нээлтийн ажиллагааг компанийн захирал Н.Лхамсүрэн нээж үг хэлсэн бөгөөд урлагийн одод, чанар чансаатай гутлыг эрхэмлэдэг олон хүмүүс нээлтэд ирсэн байлаа. Энэхүү нээлтийн ажиллагаанд оролцохоор “Loriblu” компанийн гүйцэтгэх захирал Аннарита Пилотти Италиас хүрэлцэн ирсэн юм байна. Тэрбээр Итали, Европын гутлын үйлдвэрүүдийн холбооны ерөнхийлөгчийн нэр хүндтэй албыг хашдаг ажээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон уг холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд хатагтай Аннарита 85 хувийн саналаар сонгогдож, түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч нь болсон байна.

Тэрбээр уг албандаа 2019 он хүртэл ажиллах юм. Хатагтай Аннарита Пилотти нь “Loriblu” брэндийн Монгол дахь нээлтэд оролцохоор ирсэн хэдий боловч дэлхийд арьс ширний боловсруулалт, гутлын бизнесээрээ алдартай Итали болон Европын гутлын үйлдвэрүүдийн холбооны ерөнхийлөгч Монголд ирж байгаа нь ихээхэн ач холбогдолтой хэмээж болох юм. Манай улсын хувьд арьс, шир түүхий эдийн томоохон орон боловч боловсруулалт муу, арга технологи нэвтрээгүйгээс дэлхийд үнэтэйд тооцогдох түүхий эдээ үнэд хүргэж чаддаггүй билээ. Хатагтай Аннарита Пилоттийн эзэмшдэг “Loriblu” брэнд Монголд орж ирснээр цаашид энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг олгох талтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Аннарита Пилотти: Монголчуудтай өргөн салбарт хамтран ажиллах боломж бий

Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр хатагтай Аннарита Пилоттитой ярилцсанаа хүргэж байна.

-Манай улсад хүрэлцэн ирсэн танд баяр хүргэе. Та өмнө нь Монголд ирж байв уу?

-Би танай сайхан оронд анх удаа ирж байна. Өргөн уудам нутагтай сайхан орон юм аа. Миний энэ удаагийн ирсэн зорилго маань гэр бүлийн бизнес болох “Lor­iblu” брэндийнхээ салбар дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор ирлээ. Дэлхийн олон оронд салбар дэлгүүр маань нэмэгдэж, тэр дундаа танай Монгол Улсад 44 дэх салбараа нээж байгаадаа баяртай байна.

-Танай салбар дэлгүүрийг нээх шалгуур өндөр байдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Манай салбар дэлгүүрүүд Ром, Венец, Милан, Парист нээгдэж, алхам алхмаар дэлхийн хотуудад нэмэгдсээр байна. Юуны өмнө манай брэндийн чанар чансаа, нэр хүндийг мэддэг итгэдэг болсон компаниуд бидэнд албан ёсоор хүсэлт тавьж, харин бид тэрхүү хүсэлтийг нь нарийн шалгаж үзсэний дүнд хариугаа гаргадаг гэж болно. Мэдээж, бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт хүргэх хүсэл үйлдвэрлэгч бүхэнд бий. Гэхдээ бид хэрэглэгчдээ хүндэтгэж ирсэн соёл, шалгуураа баримтлахаас аргагүй. Монголын “Мөнхийн дөлгөөн мөрөн” ХХК-тай бид хамтран ажиллах гэрээ байгуулж, өнөөдөр албан ёсоор дэлгүүрээ нээж байгаадаа баяртай байна.

-“Loriblu” брэнд дэлхийн дээд зэрэглэлийн, тансаг брэндүүдийн нэг гэгдэж байгаа. Танай бүтээгдэхүүний онцлог яг юундаа байдаг гэж та хэлэх вэ?

-Юуны өмнө бүтээгдэхүүнийхээ чанарт бид гойд анхаардаг. Маш дээд зэрэглэлийн материалаар бүтээгдэхүүнээ хийдэг. Хамгийн сайн арьс, даавуу, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн ашиглана. Бидний хувьд хэрэглэгчдийн хүсэл сонирхол чухал учраас тэдэнтэй эргэх холбоо сайтай ажиллахыг хичээдэг. Зах зээл юуг эрж, юуг хүсч сонирхож байгааг бид анхааралтай ажигладаг учраас манайхаас хүсч байгаагаа олох боломж бий. Манай брэндийг сонгодог хүмүүс спорт, өдөр тутмын, тансаг зэрэглэлийн бүхий л бүтээгдэхүүнийг авах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Хамгийн гол нь бүх зүйл нь Италид үйлдвэрлэгддэг гэдэг нь бас нэг онцлог болов уу. Италид үйлдвэрлэсэн гэдэг нь чанар чансаа баталгааг илэрхийлдэг болсон гэдгийг хүмүүс нэгэнт мэднэ. Түүнээс гадна манайхаар үйлчлүүлсэн хүмүүс дээд зэргийн үйлчилгээний соёлыг мэдэх ёстой гэсэн шаардлагыг бид тавьдаг.

-Та гутал үйлдвэрлэдэг хүний хувьд дэлхийн аль улс оронд ямар төрлийн гутал хэрэгцээтэй байдаг, ямар онцлогтойг тэр зах зээл эрж хайж байдгийг анзаардаг байх аа. Монголчуудын хувьд цаг агаарын байдлаасаа болоод аль болох арьсан, дулаахан, үстэй гутал сонирхох нь бий?

-Тийм ээ. Бид зах зээлээ сайн судалдаг гэж дээр хэлсэн. Тэр утгаараа аль бүс нутагт, ямар гутлын хэрэгцээ байгааг судалдаг. Монголчуудын хувьд зузаан арьстай, дулаахан гутал сонирхдогийг анзаарсан. Ерөнхийдөө Оросын зах зээлтэй ойролцоо гэж ойлгосон. Манай компани Оросын зах зээл тэр дундаа Сибирийн бүсийнхний онцлогийг сайн мэддэг. Ер нь бид өөрсдөө үйлдвэрлэгч учраас онцлогт нь тааруулж, эрэлт хүсэлтийн нь дагуу гутал үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой. Бидний хувьд бүс нутгийн онцлогийг нь харгалзаж ажилладаг. Сүүлийн үед Ойрхи Дорнодын орнууд руу манай компани хүч түрэн орж байгаа. Арабын бүс нутгийн онцлогт тааруулж бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа нь тэдэнд ихээхэн таалагдаж байгаа. Мэдээж, тэнд үстэй, арьс зузаантай гуталнууд шаардлагагүй, харин цаг агаарын дулаан нөхцөлд нь тааруулсан гутал нийлүүлнэ.

-Та Италийн үндэсний гутал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний албыг хашдаг. Энэ албан тушаалын төлөөх өрсөлдөөн нэлээд хүчтэй байдаг гэж сонссон юм байна…

-Би өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулиар энэ албан тушаалд 85 хувийн санал авч сонгогдсон. Гутал үйлдвэрлэх олон жилийн түүхтэй италичуудын хувьд энэ холбооны ерөнхийлөгчийн албан тушаал анхаарал татдаг нь үнэн. Бас өмнө нь дандаа эрчүүд энэ холбоог удирдаж авч явдаг байсан. Анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр ажиллах болж байна. Тиймээс олон хүний анхаарлыг татсан байж магадгүй. Гэхдээ дийлэнх олонхийн саналыг авсан нь хүмүүс надад итгэл хүлээлгэж ажиллуулахыг хүссэнийх гэж ойлгож байгаа.

-Манай улс хөдөө аж ахуйн орон. Бидэнд мал аж ахуйн гаралтай түүхий эд, арьс шир их бий. Гэхдээ бидэнд боловсруулах арга технологи байхгүй учраас маш хямдхан урагшаа гаргадаг. Энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг та хэрхэн харж байна вэ?

-Италийн компаниуд болон Монголын компаниудыг холбож, хамтран ажиллах өргөн боломж бий. Арьс ширийг хэрхэн боловсруулж бүтээгдэхүүн болгох тал дээр хамтран ажиллахаас гадна өөр олон салбарт хамтрах боломжууд байна. Өчигдөр гэхэд бид танай ноолуурын үйлдвэрт зочиллоо. Ноолуураас эхлээд хамтарч ажиллах өргөн боломж бидний өмнө байна.

-Танай үйлдвэр байдаг Ла Марк хотынхоо талаар танилцуулахгүй юу. Танай компанийн байгуулсан очир эрдэнийн ордон тэнд үзэмж нэмдэг гэж дуулсан…

-Манай хот байгальтайгаа ойр маш сайхан газар байдаг. Хажууханд өндөр уул, тэнгис байдаг. Бид энэ сайхан байгальтай газар гутлынхаа үйлдвэрийг байгуулсан. Бүх зүйл байгальтайгаа ойр, бас байгалийн гаралтай жинхэнэ Италид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн хүмүүст хүргэхээр бид ажилладаг. Манай үйлдвэрт ороход арьс шир, гутлын цавууны үнэр байхгүй. Үйлдвэрт ороод ирлээ гэсэн сэтгэгдэл төрөхгүй. Агааржуулалтын систем өндөр, цэвэр цэмцгэр орчинг бид бүрдүүлсэн. Яг үйлдвэрийнхээ дэргэд байгуулсан очир эрдэнийн ордон маань архитектурын хувьд мөн болор шилээр бүрхсэн учраас алмаз шиг харагддаг.

-Танай гэр бүлийн хүн анх компаниа байгуулж байсан гэж дуулсан…

-Манай гэр бүлийн хүн 44 жилийн өмнөөс энэ ажлаа эхэлж байсан. Тэр маань мэргэжлийн дизайнер хүн. Одоо загваруудаа гаргахаас гадна компанийнхаа ерөнхийлөгчийн албыг хашдаг. Эхэн үедээ би түүний бизнест оролцдоггүй байлаа. Би багш бас цагдаагийн ажилтан ч байлаа. Одоогоос 21 жилийн өмнө би гэр бүлийн бизнестээ орж ажиллах нь зүйтэй юм байна гэж үзээд ажлаа орхиж байв. Харин өдгөө бид хамтдаа бизнесээ үргэлжлүүлсээр явна.

-Танай бараа бүтээгдэхүүн бол дундаас дээш үнэтэй. Та бүхэн худалдан авах чадварын судалгааг хийж байж салбараа нээдэг байх л даа…

-Мэдээж бид судалгаа хийдэг. Монголын хувьд нарийн судалгаа хийгээгүй байсан. Манайхыг төлөөлөх компани маань үүнд баталгаа өгч байгаа. Манай бараа бүтээгдэхүүний үнэ бол дунджаас дээш. Бид Хятад, Румын, Туркт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэггүй. Италид хийдэг. Бүх материал маань Италид хийгддэг. Коллекц бүрээ гаргахын өмнө судалгаа хийж, их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Тийм ч учраас хүмүүсийн сэтгэлд нийцдэг, хөлд нь эвтэйхэн байдаг. Энэ бүхэн маань өөрөө чанарын баталгаа болж байдаг учраас хэрэглэгчид маань мэднэ. Монголчууд ч гэсэн гутлын чанар чансааг мэддэг хүмүүс учраас ялгаж салгаж ойлгох байх аа.

-Манай оронд хүрэлцэн ирж, бас бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа.

-Би бас танай сайхан оронд ирээд, цаашдын хамтын ажиллагааны их ирээдүй байгааг хараад баяртай байна. Та бүхэнд бас баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *