Categories
гадаад мэдээ

Италид “Covid-19”-ийн вакцины 1500 асар байгуулна

Итали улс ирэх нэгдүгээр сараас эхлэн “Covid-19”-ийн вакцины олон зуун асар байгуулахаар болжээ.

Сэргэн мандахыг бэлгэдсэн цэцгэн чимэглэлтэй уг модон асрын зураг төслийг архитектор Стефано Боэри зөвлөхүүдийн хамт гаргасан байна.

Нийт 1500 дугуй асрыг Италийн хотуудын төв талбайд байгуулах гэнэ. Боэри хэвлэлд өгсөн ярилцлагадаа асрын загварыг сэргэн мандах, амгалан тайван байдлыг бэлгэдэн гаргасан тухай дурджээ. “Вакцинд хамрагдана гэдэг хувь хүний хариуцлага, бусдыг хайрлаж байгаагийн илэрхийлэл, шинэ амьдралын эхлэл байх болно. Энэ вирус биднийг гэрт эсвэл эмнэлэгт түгжиж байгаа бол вакцин биднийг амьдралд буцаан хөтлөх үүдийг нээж өгөх болно” хэмээн Боэри хэлжээ.

Боэри нь Италийн хамгийн алдартай архитекторуудын нэг бөгөөд уг зураг төслийг үнэ төлбөргүйгээр гүйцэтгэсэн байна. Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр тус улсад нийт 65 мянга гаруй хүн коронавирусийн халдвараар нас баржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *