Явж ирээд явсан идсэн хоёрынхоо алиныг түлхүү ярьснаас сайн, муугаараа хэлүүлдэг зүйр сэцэн үг бий. Энэ удаа I хороолол хүртэл нийтийн автобус хөлөглөснийг эс тооцвол хол холхид явдал суудал бололгүй ээлжит “өнжөө”-гөө хийв. Харин хэвлэлд нийтлэх сэдэв маань зөвхөн идэх юмны тухай. Хаашаа ч булзахгүйгээр “Муу хүн идсэнээ…” ярих үйлийн үртэй тав дахь өдрийн тэр сурвалжлагыг Нэгдэх-Өдөрсүрэн бичиж, Хоёрдахь-Өдөрсүрэн зургийг нь дарна билээ. Оюуны талх үйлдвэрлэгчид гэгдэх сониныхон “Талх чихэр” компаниар ороод гарах бас сонин л юм. Өглөөний цайны хажууд шинэ талх, сонин хоёр сэнгэнээд байж байхгүй бол нэг л юм дутагдаад байдаг гэгээлэг амьдралын хэв загвар олон айлд бий.Энэ өдөр Монгол Улсын тэргүүлэгч, ууган, хүнсний үйлдвэр гэх тодотголтой “Талх чихэр” ХК дээр үйлдвэрээ шинэчилж өргөтгөсөн ёслолын ажиллагаа болсон юм. Тэнд уригдан очсон дотоод гадаадын зочид, хэвлэл мэдээллийнхэн “Нээг, хоёр, гурваа” хэмээн тоолмогц хөгжим эгшиглэн, тууз хайчлагдан шинэ үйлдвэр нүргэлэн ажиллаж эхлэв. Үүсгэн байгуулагдсанаасаа хойшхи 30 дахь жилийнхээ босгон дээр энэ айл хөгжил дэвшлээрээ барууны технологийг гүйцэж очин сүүлчийн гар хөдөлмөрөөсөө салснаа ийнхүү зарлалаа. Тийм ч бага биш үйл явдлын гэрч бологсод шинэ үйлдвэр хэрхэн ажиллаж буйг бахдан харцгааж бүтээгдэхүүний анхны дээжээс амсаж үзэцгээв.
Эдийн засгийн хямрал нүүрлэн төлөвлөж төсөвлөсөн бүтээн байгуулалтууд халуун зунаар царцлаа гэж байхад Хөтөлд цементийн, хотод “Талх чихэр”-ийн үйлдвэр шинээр нээгдлээ гэх нь хамгийн гэгээтэй сайхан мэдээ байлаа. Бодоод байхад талхаа хүчрэхээ больтлоо хямартал хаа ч юм. Тэгэхлээр талх, өргөн хэрэглээний хүнс үйлдвэрлэгчид цочир хонжоо олдоггүй ч баргийн зуд турханд ажирдаггүйг саяын тууз хайчлалт илэрхийлэв. Өчигдөрхөн нисч явсан компани тэнд дампуурч байхад өнөөдөр энд будаанаас талханд хувирч идүүлсэн бут соёолон тэлж буй нь зөв менежменттэй ч холбоотой байх.
Морин цагт нээлтээ хийсэн ёслолын ажиллагаа төд удалгүй өндөрлөж, зочид ч буцацгаав.
-Үгүй ээ ингэхэд та нар явах болоогүй юм уу? хэмээн компанийн маркетингийн дарга Наранцацрал гайхасхийхэд
-Болоогүй ээ. Өнөөдөр энд өнжих даалгавартай. Хоол унд ч сайтай газар байна. Аягүй бол хонож ч магадгүй. Гурил зуурах мэтийн ойр зуур ажил байвал хэлээрэй хэмээн наргиан болцгоов.
-Энд удаан байвал бараг уйдна даа. Та нарын хийдэг талхнаас өөр. Бид ч заримдаа юу хийхээ олж яддаг шүү гэсэн нь үнэн байв.
-Сая нээлтэн дээр танай даргын онцлон хэлсэн: “…700 гаруй ажиллагсадтай, 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, бялуу, чихэр үйлдвэрлэн 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, хамгийн том…” гэсэн нь тэгээд алив?
-Тэр нь ч үнэн л дээ. Гэхдээ яг энэ үйлдвэр дотор тийм олон хүний хэрэг байхгүй. Гадуур талхаа ачаад зарах гээд явж байгаа жолооч, ачигч, нярав, менежер гээд худалдаа дагнагсадын хамт олны ихэнх бүрэлддэг.
-Үйлдвэр шинэчлэгдэж, автоматчилагдсан гээд цомротгол болоогүй. Үе үе гаднаас түр хугацаагаар туслах ажилтан авдаг байснаа дуудахаа больчихсон төдий. Цагаан сарын хэвийн боов хийх төхөөрөмжийг барууны үйлдвэрлэгчид яах ч аргагүй хийж барсангүй. Тийм учир туслах ажилчид сар шинэ болон бусад онцгой үеүдэд ирж бэмбий нухаж өгдөг хэвээрээ л байна гэв.
Зах зээлийн нийгмийн тогтолцоо гэдэг маань биднийг ийм л болгочихоод байгаа юм. Энэ замыг сонгосон маань зөв байх л даа. Товчхон хэлэхэд хэдхэн хүн техникээр зодон баахан талх үйлдвэрлээд тавьчихдаг. Энийг нь идэх ам мундахгүй ч гэрт нь гарт дөхүүлж өгөхгүй л бол тэндээ овоороод хэн ч ирж авахгүй.Тэгэхлээр аль ч газар ялгаагүй сонинд хүртэл бараагаа хэрэглэгчийн гарт аваачиж өгөх л хамгийн чухал ажил. Социализмийн үед нийтээрээ ямар нэгэн үйл мэтгэцгээдэг харин түүнээ зарж борлуулах дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй байсансан. Дэлгүүрт ойрхон хашаа байшин хамгийн эрэлттэй байсан бол одоо дэлгүүр ба ченжүүд өөрсдөө гүйлдэн ирж улам л бэлэнчилдэг болгожээ. Өнөөдөр улс орон тэр аяараа арилжаа наймаан дээр тогтож ямар нэгэн юм гар дамжуулан зарж амьдралаа залгуулдаг. Малчин ресторанд орж ирээд үхрийн стейкний үнийг сонсоод толгойгоо бариад гарч ирж байна. Манайхаас авч явдаг мах мөн биз дээ гэж дуу алдсан удаатай.
Өглөө эртээ өнөөдөр хэрэглэх гурилыг хорин тоннын даацтай, шуудайгүйгээр тээвэрлэх зориулалттай герман машинаар зөөж ирээд подваль дахь бункер луу тусгай шахуургаар юүлжээ. Тэр гурил нь “Милл хаус”-ын нэг, Оросын “Алейка”-ийн дээд гэнэ. Өөр гурил цавуулаггүй, чанар тохирохгүй учир талхны хөрөнгө исдэггүй аж. Уг гурилыг нисдэг тавга шиг төхөөрөмж сорж аван сэгсчин шүүж дотроос нь өчүүхэн төмрийн үртэс байсан ч ялгаж цэвэрлэж өгөөд гадуураа пургих ямар ч боломжгүйгээр трубагаар дамжин зуурмагийн тогоонд очиж байна. Тэр битүү тогоо руу бүдүүн нарийн баахан хоолойнуудыг залгажээ. Компьютер дээр суусан мэргэжилтэн ус, давс, чихэр, исгэгчний тогтоож өгсөн хэмжээ тоог бичээд “ок” товчийг дармагц эдгээр орц порц тогоотой гурил руу хоолойгоор урсан орж ирж угаалгын машин шиг хэсэг нүжигнэн зуурчихав бололтой. Ажилчин хааяа нэг шилэн цонхоор нь шагайхаас бус ханцуйгаа шамлаад нухаж барих юм байхгүй. Зуурмаг савтайгаа гурван цаг гаран амарч сагаж исэж гүйцэхээр нь түрүүчээс авчран үйлдвэр рүү хийхэд автоматаар нэгэн жигд тасдан дотор нь цагаан даавуу дэвссэн тавагнууд дээр тавилаад гаргаад ирэв. Тэрнийг нь харин нэг ажилтан жигнэх машин дээр нямбай гэгч нь өрж тавив. Хил гаалийн цүнх сав шалгадаг камер машин шиг хэлбэртэй тэрнийг бодвол арав хорин метр урт битүү жигнэх машин руу талх ёстой 24 цагийн турш тасралтгүй орсоор л урд амаар нь хэмжээ нь хоёр дахин томорч болчихсон халуун талх эгнээгээрэ минут тутамд сархийн унана. Талхыг тасралтгүй үйлдвэрлэхийн тулд яваан дунд нь жигнэчихдэг юм байна. Цахилгаан зууханд гучин минут урсахдаа бүрэн болно.
-Хааяа хэвлэлээр “Атар” талхан дотроос тийм ийм юм гарлаа гээд байдаг. Ийм бив битүү юмны хаагуур нь мод чулуу орчихдог хэрэг вэ?
-Харин тийм байгаа биз. Мэдээллийнхэн манайхаас ямар нэгэн хүсэлт тавихаар нь татгалзсаны маргааш л тийм мэдээ бий болдог гэж захирал хэлэв.
“Талх чихэр” компанийн менежер залуус ноднин Итали, Европын орнуудаар явж өөрийн орны уламжлалт боов боорцогнуудыг үйлдвэрлэх шилдэг тоног төхөөрөмж хайж олоод захиалсан юм билээ. Тэр нь явж явж өнгөрдөг хавар хөлөөрөө орж ирсэн ба угсарч туршаад сая л дуусав. Италийн хүнсний салбарын алдарт “CANOL” фирмийн үйлдвэрээр монгол эзэгтэйн ганпанз дээр хэрчдэг савхан боорцог, шөлөнд дүрдэг бин, танзуур, “пярааник”-уудыг ардын дууг “хип хоп”-д оруулан дуулдаг шиг орчин үежүүлж их хэмжээгээр чанадаг боллоо. Мөн л түрүүний “Атар” талх шиг битүү конвейр рүү автоматаар хэрчигдсэн чимхэгдсэн гурилууд эгнээгээрээ жагсан орцгоож байнгын буцлаастай тосон дотор урссаар нөгөө хаалгаар гараад ирнэ. Тосонд чанаж байгаа болохоор хурдан урсаад гараад ирэх юм. Болсон эсэхийг нь амтлаад байх юмгүй 700 хэдэн градус гэнэ үү тэр халууны хэмжээнд төдөн минут хөвсөн гээд л мэдээд авчихна. Өмнө нь галаа тааруулах, том жижиг хэрчих гээд байсан, түлэх түүхийрэх, боовчины авьяас сонирхлоос шалтгаалан чихэр нь ихдэх багадах бүх проблемийг базаад компьютерт хадгалчихсан. Энэ цех дээр хоёр гурван нөхөр юмыг яаж мэдэхэв гэсэн байдалтай хараад суухаас өөр ажил алга. Энэхүү шаргал өнгөтэй дотно үнэртэй идээнээс аваад цайнд хөшиглөөд идсэн чинь яах аргагүй хүүхэд байхдаа ганц өл залгуулж байсан эмээгийн гарын боорцгийг санагдууллаа. Тосонд чанасан боорцгийг хээр хөдөө хөргөгчгүй газар хаттал нь аваад явахад муудахгүй байгаль цаг ууртаа тохирсон уламжлалт шалгарсан арга гэдэг. Бусад талх хөөмөлийн хувьд гурав, цаад тал нь 21 хоног гэж заадаг. Ер нь жаахан удвал муудчих гээд байгаа нь химийн элдэв хамгаалах бодисгүй эко бүтээгдэхүүн шүү гэдгийг л шударгаар хэлээд байгаа болохоос бид муу юм хийчихээгүй гэж байна. Тэр ч үнэн байх шүү.
Малайзаас гэв үү тусгайлан захиалж авчирдаг “есийн тос” хэрэглэдэг гэсэн. Тэрнийгээ машины мотор лугаа “шүүп”-ийг нь татаж үзээд дундарсан эсэхийг л шалгана. Тосыг нэгширч муудах завдал өгөлгүй буцалж байх явцад нь тусгай зориулалтын шүүдэг цаасан дээр хамаг түлэнхийг нь шүүгээд цаастайгаа цуг хогийн сав руу хаягдах тул үргэлж шинээрээ. Энэ танхимд боов боорцог хайрсан шинж, үнэр хиншүүгүй, хөлс урсгасан халуун ч байхгүй. Үйлдвэрийн цонхнууд хаалттай, гаднаас хотын их утаа тоосыг ариутган цэвэршүүлдэг төхөөрөмж байрлуулахад олон тэрбумыг зарцуулсан гэв.
Ингээд зах зээл дээр өртөг багатай, амт, экологи стандартын бүх шаардлага хангасан эрүүл хүнс гээч нь он сар өдөр минуттайгаа савлагдан гараад ирж байна.
Зочид явсны дараа боорцогны уут савлагч машинд алдаа гарч гялгар уут задарсан факт гарлаа. Тэрнийг хэвийн болгохын тулд бусад дамжлагуудыг кноп даран бүгдийг нь зогсоосон. Иймэрхүү жижиг сажиг саатал дээр нэг нь л хариуцлага алдвал нийтээрээ ажлаа түр зогсоохоос өөр аргагүй юм билээ. Тэглээ гээд учиргүй уурлаж бачуурсан юм ч болсонгүй.
Үдээс хойш оройхон тийшээгээ менежерүүд захиалгын тоогоо утсаар өгцгөөж маргааш зарагдах талх боовны багцаа ч босоод ирлээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн хоттой ойрхон суурингуудад маргааш зооглох хүнсний хэмжээ ч тодрон түүнд тохирсон орц поорц батлагдсанаар энэ өдрийн ажил үндсэндээ жигдрэв. Эдийн засагчид, нягтлангууд бүтээгдэхүүн илүүдэж буцаж ирэхээргүй жаахан дутмаг тоо дарж хэлэн үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрөх шиг болов. Хотынхон хэр зэрэг идэж уудгийг тэд ёстой андахгүй.Хорь гучин жилийн турш судалчихсан юм билээ. Одоогийн байдлаар 300 мянган өрхтэй. Үүний 100 мянга нь манай талхыг найдвартай гээд авдаг. 2500 том жижиг дэлгүүр рүү тавь гаран тонн талхыг өдөр бүр зөөж аваачна. Хотын журмын дагуу бага даацтай машинаар хүүхэд тоглож байгаа юм шиг тээвэр хийдэг. Тэр бичил тээврийн хэрэгсэл сая гаран хүн амтай хотын хувиараа эрхлэх аж ахуйд л таардаг байх. Түргэн муудах хүнсийг өмнө нь өөр сонголтгүй цаг үед “ЗИЛ-130”-аар тээвэрлэдэг байсан. Одоо ядаж тийм машиныг том үйлдвэрт зөвшөөрвөл хотод ч иргэдэд ч ашигтай юмсан. Дээрээс нь хүнсний тээвэр хийж байгаа унаа ноймерийн хязгаарлалтад хамрагдана. Машин гардаггүй өдөр гээд талх боовоо зөөхгүй өнжилтэй биш. Үүнээс болоод авто паркаа өргөтгөн одоо бүр 70 машинтай болж түгжрэл утаа хоёрт хөөрхөн нэрмээс болчихсон юм байна. Хөдөлгөөн сийрсэн шөнийн цагаар бараагаа өгчихмөөр. Гэтэл ихэнх дэлгүүр стандарт бус үйлчилгээтэй хулхины газрууд тул худалдагчаа ч хийдэг босс нь ч болдог товарищууд нойроо харамлаад хаалгаа нээхгүй. Зарим нь өглөө арав өнгөртөл онгойхгүй. Тэгээд л бөөн түгжрэлийн цагаар хэдэн талхаа ачин амьтан царайчилсаар өдрийг бардаг ажээ.
-Энэ хот хөдөөгөөр дүүрэн байгаа жижиг дунд гарын цехүүд танай дэргэд ч ёстой боов хийнэ гэж гурилддаг юм байна л даа. Тэднийг дэмжих хэрэг байгаа юм уу?
-Холбогдох хууль хяналт талаасаа бол ч хэцүү шүү. Эрүүл мэнддээ анхаардаг хэрэглэгчид олширч байна. Хаа сайгүй л хүнс бэлтгэгчийг хардах сэжиглэх хандлагатай болчихсон. Манай жижиг үйлдвэрлэгчид бидэнд төвөг учруулаад байгаа биш. Тэртэй тэргүй суманд ганц байгаа цехээсээ өөр хаанаас талх боов авах юм.
-Та нар энэ их хүнсэн дээр ажилласных харихдаа хоосонгүй биз дээ.
-Яалаа гэж тийм юм байхав. Хулгай хийсэн гээд хэрэгт орох байлгүй.
-Тэгээд гэр орныхон чинь дэлгүүрээс талхаа очиж авах уу. Энэ их үйлдвэрлэлээс ганц нэг хазгай мурий гологдол гарсныг нь аваад явчихаж болохгүй гэж үү?
-Их хэцүү асуулт байна. Та нар манайд сайхан л өнжлөө ш дээ. Одоо удахгүй шөнийн ээлж эхэлнэ. Ингэс гээд өндөрлөвөл яасан юм.
“Танайд өнжсөн” сэтгүүлч
Д.ДАВААсүрэн, Ц.МЯГМАРсүрэн, Г.ЛХАГВАдорж,
Ж.Гангаа нар
БААСАН гаригт сурвалжилж
БЯМБА,
НЯМд амрав. 2014 он