2018 оны 4 дүгээр сараас хойш Турк улсаас Монгол иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох асуудал хүндрэлтэй байдалд орж, оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан иргэдээс олон төрлийн бичиг, баримт шаардах, удааширах асуудал үүсээд байсан. Иргэдэд тулгараад буй оршин суух зөвшөөрөлтэй холбоотой уг асуудлыг хөнгөвчлөх, Монгол иргэдэд тусгайлан хөнгөлөлттэй хандах зэрэг саналыг Турк улсын Гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөний газрын шат шатны албан тушаалтнуудад удаа дараа уламжилж хүсэлт гаргасан.
Хамгийн сүүлийн байдлаар, Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир 2018.12.03-ны өдөр Истанбул хотын Гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөний газрын Дипломат төлөөлөгчийн газруудын асуудал хариуцсан мэргэжилтэн Хайруллах Шахин-ийг ЕКГ-ын байранд хүлээн авч уулзав. Мэргэжилтэн Хайруллах Шахин Монгол улсын иргэд бусад улсын иргэдтэй харьцуулбал гэмт хэрэгт холбогдох нь бага, гол төлөв захиргааны буюу визний зөрчлийн асуудал байдаг. Энэ утгаараа цаашид оршин суух зөвшөөрөл авах асуудалд Истанбул хотын гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөний газраас Монгол иргэдэд тусгайлсан байдлаар хөнгөлөлт үзүүлж ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Иймд, иргэд та бүхэн Турк улсад орж ирснээс хойш 30 хоногийн дотор багтаан E-RANDEVU онлайн бүртгэлд өөрийн паспорт болон бусад мэдээллээ бүртгүүлж, заасан өдөрт нь бичиг баримтын хамт Гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөний газрын байранд өөрийн биеэр очиж оршин суух зөвшөөрлийг хуулийн дагуу авах боломжтой.
Оршин суух зөвшөөрөл авсан тохиолдолд Турк улсын хуулийн дагуу гадаадын иргэний хууль ёсны эрхээ эдлэх боломж нээгдэнэ гэдгийг анхаарна уу.
ИСТАНБУЛ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
Ерөнхий Консулын Газар