Categories
мэдээ нийгэм

Истанбул хотын аялал жуулчлалын газартай хамтран ажиллана

Истанбул хотын аялал жуулчлалын газартай хамтран ажилланаБүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод жил бүр зохион байгуулагддаг EMMIT (East Mediterranean International Tourism Expo) буюу Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнуудын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2018 оны өнгөрсөн сарын 25-28-ны өдрүүдэд 22 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “А Стар Монголия ХХК”, “Аян Трэйвэл ХХК”, “Баттур ХХК”, “ДМД Монголия ХХК” Ялгуун брэнд болон Улаанбаатар чуулгын уран бүтээлчид хамтран эх орноо сурталчлан амжилттай оролцов.

Тус бүс нутгийн жуулчдыг татах, Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан шинэ зах зээл нээх зорилгоор Улаанбаатар хотыг олон улсын аялал жуулчлалын байгууллагуудад сурталчлан, гадаадын тур операторууд болон жуулчдыг мэдээллээр ханган ажиллаа.

Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнуудын жуулчдад аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгодог тус үзэсгэлэнг энэ жил 54364 хүн үзэж сонирхсон бол 85 орны 1065 аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг төлөөллүүд талбай авч оролцон 106 орны 600 орчим аяллын бөөний худалдаа эрхэлдэг агентлагууд оролцож 7000 бизнес уулзалтууд болж өнгөрлөө.

Үүнээс гадна нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл Истанбул хотын аялал жуулчлалын газрын дарга Сердал Акюүрт, тус газрын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Дидем Огүр нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж хамтран ажиллахаар болов.

Уулзалтаар хоёр хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хамтран борлуулах маркетингийн төлөвлөгөө гарган ажиллах, Газрын дундад тэнгисийн орнууд болон Турк улсаас дамжин ирэх Европын жуулчдыг Монгол Улс руу татах, Монгол Улсаас дамжин ирэх Зүүн өмнөд Азийн жуулчдыг Турк Улс руу татан харилцан ашигтай ажиллах, Истанбул хотод Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах, хоёр хотын хэвлэл мэдээллийг баг, блог нийтлэгч, аялал жуулчлалын компаниудын төлөөллийг харилцан аялуулах ФАМ Турыг зохион байгуулахаар тохиролцов.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *