Categories
гадаад мэдээ

Испанийн прокурорууд татвараас зугтсан Шакирад 8 жилийн хорих ял төлөвлөжээ DNN.mn

Татвар төлөхөөс зайлсхийсэн поп од Шакирад найман жилийн хорих ял, 24 сая еврогоор торгох шийтгэл төлөвлөснөө Испани улсын прокурорууд өчигдөр зарлажээ.

Колумбын дуучин 2012-2014 оны хооронд олсон орлогоосоо 14.5 сая еврогийн татвар төлөөгүй гэсэн хэрэгт холбогдоод байгаа юм.

Энэ долоо хоногийн эхээр шүүх Шакирад торгуулийн хэмжээг тохиролцох замаар хэргийг хаах санал тавьсан ч дуучин бүсгүй хүлээж аваагүй байна.

Шакира өөрийгөө ямар ч буруугүй гэдэгт итгэлтэй байгааг төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Поп одын татвартай холбоотой хэрэг 2018 оноос сөхөгдөж эхэлсэн юм. 2012-2014 онуудад Испанид амьдарч байсан ч албан ёсны бүртгэлээ өөр газарт хадгалах замаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэж прокурорууд үзэж байгаа.

Испани улсад зургаан сараас дээш хугацаагаар оршин суусан бол татвар төлж эхлэх хуультай юм байна. Харин Шакира дээр дурдсан хугацааны ихэнх үед Испанид байгаагүй гэж мэдүүлжээ.

Шалгалтын үр дүнд дуучин бүсгүй 2012 онд Барселона хотод амины орон сууц худалдан авч, тухайн үед найз залуу нь байсан хөл бөмбөгчин Жерар Пикетэй хамт амьдарч байсныг тогтоосон юм байна.

45 настай Шакира, 35 настай Пике нар 11 жил хамт амьдрахдаа хоёр хүүгийн эцэг эх болсон юм. Тэд энэ оны зургаадугаар сард гэр бүлээ салгаж байв.

Шакирагийн дараагийн шүүх хурлын тов зарлагдаагүй байна.

Эх сурвалж: BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *