2020 оны олимпийн наадмын эрх олгох 21 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Италийн Удине хотын “Фриули” цэнгэлдэхэд явагдлаа. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь Италийн Серие А лигийн Удинезе клубын талбай бөгөөд 1990 оны ДАШТ-ий хэсгийн шатны гурван тоглолт энэ цэнгэлдэхэд явагдаж байсан түүхтэй. Уг цэнгэлдэх 25,151 хүний суудалтай юм. Испани болон Германы шигшээ багуудын хооронд явагдсан финалын тоглолтонд Испаний залуучууд 2:1-ээр хожиж Европын аварга боллоо.Тэд энэхүү тэмцээнд тав дахь удаагаа түрүүлж буй юм.
Итали, Сан Марино улсуудад зохиогдсон 21 хүртэлх насны Европын АШТ-нд долоон гоолыг оруулсан Германы шигшээ багийн довтлогч Лука Вальдшмидт шилдэг мэргэн буучаар тодорлоо. Харин тэмцээний шилдэг тоглогчоор Испаний шигшээ багийн хагас хамгаалагч Фабиан Руис шалгарав. Энэхүү тэмцээний хасагдах шатанд шалгарсан Испани, Герман, Румын, Францын шигшээ багууд 2020 оны олимпийн наадамд Европ тивийг төлөөлөн оролцох эрхтэй болж байна. Тэмцээний туршид явагдсан 21 тоглолтонд 78 гоол орсон нь нэг тоглолтонд дунджаар 3,71 гоол орсон гэсэн үг юм.
У.ЧИНЗОРИГ