Categories
мэдээ нийгэм

Иргэн Г.Буяндорж нэр бүхий шүүгч, прокуроруудыг авлига авсан гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж гомдол гаргав

Иргэн Г.Буяндорж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийллээ.

Тэрбээр “Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл бизнесийн салбарт ажиллаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын зарим нэг ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлж, гомдол гаргаж байна.

Манай “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч Монгол Улсын шүүх миний хэргийг цагаатгасан.

Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор байсан прокурортой холбогдох гомдол бий. Миний хэргийг шалгах явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаажилж дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан тул түүний санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэний дараа би мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Ингэж хэлснийхээ төлөө би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар 5 удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хоригдсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж би 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан.

Сүүлийн үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгч нараас бизнесийг нь булааж, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр айлгаж, сүрдүүлдэг, дарамталдаг ажиллагааны эсрэг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас Монголын төрд итгэх итгэл маань сэргэсэн. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж 65 хуудас нотлох баримтыг өгч, гомдол гаргаж байна” гэсэн юм.

Иргэн Г.Буяндорж авлига, хээл хахууль авсан гэх прокурор, шүүгчийг нэрлэсэн бөгөөд тэдгээр нь Салхитын мөнгөний ордод шалгагдаж буйтай адил буюу шүүгч, прокурор нар нь гэр бүлийн, ураг төрлийн харилцаатай байгаа хэмээн онцоллоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил, шүүгч, прокурор нь жижиг хонгил үүсгэж бизнесменүүдийг дарамталж байгаа бол одооноос эхлэн өргөдөл, гомдлоо өгч болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдог хүний хувьд хурдан арга хэмжээ авна. Шүүгч нарын хувьд Салхитын мөнгөний ордын жишээ шиг хугацаа их шаарддаг хэдий ч энэ хэргийн шүүх хурал удахгүй болно. Та бүхэн тэндээс Салхитын хонгил ямар хэмжээнд хүрснийг харж болно. Иргэн Г.Буяндоржийн өргөдлийг авч байна. Судлаад холбогдох байгууллагад нь шилжүүлнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *