Иргэн Д.Монголхүүгийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болов. Өглөө 09:00 цагт эхлэх ёстой байсан шүүх хурал түүний өөрийн биеэр оролцох хүсэлтийг харгалзан үзэж, 461 дүгээр ангиас шүүхийн байранд авчиртал түр хойшилсон юм. Улмаар үдээс хойш шүүх хурал үргэлжлэн хуралдаж, иргэн Д.Монголхүүг суллах шийдвэрийг гаргалаа. Иргэн Д.Монголхүүтэй холбогдон сэтгэгдлийг нь сонслоо.
-Шүүхийн шийдвэрийн талаарх байр сууриа эхлээд илэрхийлээч?
-Намайг хоёр үндэслэлээр буруутган хөдөлгөөн хязгаарлах ялыг биеэр эдлүүлэх ялаар сольсон. Тэрхүү хоёр үндэслэлийнх нь нэг нь Гэмтлийн эмнэлэг рүү очоогүй, явах замаа зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй, тогтоогдохгүй байна гэж үзсэн. Нөгөөх нь цахим гаваа унтраасан гэдэг нь тогтоогдсон. Хуулиараа эхний гурван сардаа хоёроос дээш зөрчил гаргасан нь тогтоогдвол хорих ялаар солино гэдэг юм билээ. Түүнийх нь нэг нь үндэслэлгүй байсан тул хорих ялыг буцаагаад хөдөлгөөн хязгаарлах ялаар сольсон шийдвэр сая гарлаа.
-Одоо танд дүүргээсээ гарахгүй хөдөлгөөний хязгаартай байх хэдэн сарын хугацаа үлдсэн бэ?
-Одоо таван сарын л хугацаа үлдсэн.
-Тэр хугацаанд нь дахиад зөрчил гаргасан тохиолдолд яана гэнэ?
-Сануулах арга хэмжээ л авах байлгүй. Би түүнийг нэг их сонирхсон ч үгүй. Угаасаа дүүргээсээ гарахгүй юм чинь.
-Хориход байхад тань манай сонин танаас яриа авсан. Тэр ярилцлагаа уншсан уу. Түүний дараа хорихын нөхцөл байдал ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдсөн үү?
-Хорихын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Ярилцлагыг уншсан. Маш том, сайхан ярилцлага болсон байна лээ. Өчигдөр (уржигдар) манай өмгөөлөгч Б.Баяраатай хийсэн ярилцлагыг чинь бас уншсан. Өмгөөлөгчтэй маань хийсэн ярилцлагатай сониныг хурааж авчихаад өгдөггүй. Тэгэхээр нь тэр алба хаагчид өөрт нь хорихын дотоод журмыг ярьж өгөөд, “Хэрвээ та нар наадхаа цензурдэж оруулна гэвэл наадах дээр чинь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзнэ. Чамд гомдол гаргана шүү” гэж байж авч уншсан шүү дээ. Харин чи бид хоёрын ярилцлага хүмүүст миний нөхцөл байдлыг сайн хүргэсэн байна лээ. Надтай маш олон хүн ирж уулзсан. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах гэх мэт. Юун түрүүнд намайг суллахад хүчин зүтгэл гаргасан танай сонины хамт олон болоод чамд маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Үнэхээр хүний эрхийн төлөө бичдэг өдөр тутмын сонинтой байгаадаа баярлаж байна. Мөн өмгөөлөгчдөдөө баярлалаа. Маш их баярлаад догдлоод байгаа учир жаахан тулгамдаад үг гарахгүй байна. Ойлгоорой (инээв).
-Та дүүрэгтээ байх хугацаандаа юу хийе гэж бодож байна. Цаашдын зорилго юу байна вэ?
-Үнэндээ хэлсээр байгаад ам чилж байна. Ардчилсан нийгмийн хуулийг тоталитор нийгмийн арга барил техник хэрэглэж, Монгол Улсыг дээвэргүй шорон болгож байгаа байдалтай үргэлжлүүлэн тэмцэх болно. Одоо бол би nonstop шүү дээ. Хаа хүрээд дуусах юм, тэр хүртэл нь явна.
-Танд авсан арга хэмжээг “No war”, “No double standart” хөдөлгөөнийхөнд үргэлжлүүлээд байна шүү дээ?
-Ер нь хэрэг тохоод явуулдаг жишээ сая надаар харагдлаа шүү дээ. Тийм эрсдэл байгаа. Эд нар ямар ч зөрчил гаргаагүй байсан ч зөрчил зохиож байгаад, хорьж чадна. Түүнийх нь баталгаа нь би боллоо шүү дээ. Шүүх дээр нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөөд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмтэлд очоогүй, өөр газраар дэмий тэнэсэн гэх мэтээр мэдээлэл өгч байгаад намайг хорьсон. Тийм үйл ажиллагаа дахиад явагдахгүй гэх баталгаа алга. Тийм боломж тэдэнд бүрэн байна.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Сэтгэл санаа догдолчихсон байгаа болохоор өөр үг гарахгүй нь ээ. Ямар ч байсан та бүхэндээ, танай хамт олонд, намайг зорьж ирж уулзсан хүмүүс, ард нь сэтгэлээ дэвсээд сууж байсан бүх хүмүүст баярлалаа. Хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа, үг үзэл бодлоо илэрхийлэх, түүнд саад хийсэн бүхний эсрэг тэмцэх үйлсээ зогсоохгүй үргэлжлүүлэх болно.