Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-аас “Иргэний шилжилт хөдөлгөөн”-ий бүртгэлийг цахимаар бүртгэх үйлчилгээг өнөөдрөөс (2022.06.16) И-Монголиа нэгдсэн системд нэвтрүүлсэн талаар мэдээллээ.
Шилжилт хөдөлгөөний бүртгэл нь хамгийн их хамааралтай үйлчилгээ бөгөөд манай улсад жилд 210-250 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийдэг байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдсанаар шилжилт хөдөлгөөн хийхэд шаарддаг байсан бичиг баримтын тоог хоёр дахин багасгаж, шилжсэн газраасаа хасалт хийлгэж, нөгөө газраа бүртгүүлдэг байсныг зөвхөн шилжиж очиж байгаа талдаа бүртгэлээ хийлгэдэг зохицуулалттай болгожээ.
Энэ зургаадугаар сард тоон гарын үсгийг гар утасны аппликэйшн дээр хийх ажлыг хийж дуусгана. Ингэснээр гар утасны аппликэйшний тоон гарын үсгээр дамжуулаад шилжилт хөдөлгөөнийг хийх бололцоотой болох юм гэв.
Иргэний шилжих бүртгэлийг цахимаар бүртгэснээр оршин сууж байгаа хаягийн баталгааг бүртгэлийн ажилтнууд цахим системээс шалгах бололцоогоор хангаж байна.