Categories
мэдээ улс-төр

​Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам үүсгэн байгуулах хурлаа дахин хийж байгуулагдлаа || DNN.mn

Өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Иргэдийн Оролцооны Нэгдэл намын үүсгэн байгуулах хурал Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах Саруул төвд болж тус нам албан ёсоор байгуулагджээ. ИОННамын үүсгэн байгуулах уг хурал нь 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, бүх шийдвэрээ дахин хэлэлцэж баталсан байна. Ингэснээр Улстөрийн намын тухай хуулийн дагуу ИОНН үүсгэн байгуулсан өдөр нь албан ёсоор өөрчлөгдөж 2022 оны 3 дугаар сарын 3 болж байна. Хэдийгээр энэ удаагийн хурлаар баталсан бүх шийдвэр нь өнгөрсөн жилийн намар баталсантайгаа утга нэг байсан боловч тус намын дүрэмд гол өөрчлөлт нь оржээ.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаарсарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоолоор ИОН намын дүрмийг Улстөрийн намын тухай хуульд харшилсан гэж дүгнэн тус намыг бүртгэж авахаас татгалзаж байсан юм. Дээд шүүхийн тавьсан шаардлагуудыг шинээр баталж буй дүрмэндээ бүрэн тусгасан гэж ИОН намын үүсгэн байгуулах хуралд тавьсан илтгэлдээ намыг санаачлагчЦ.Оюунгэрэл онцлон тэмдэглэсэн юм. Иргэдийн Оролцооны Нэгдэл нам нь баруун төвийн үзэл баримтлалтай, тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, бага зардлаар үйл ажиллагаагаа явуулдаг, цахим соёлыг нэвтрүүлэгч, ардчилалд үнэнч, эмэгтэйчүүд болон залуусын улстөрийн оролцоог хангаж чадахуйц зохион байгуулалттай нам байна гэж дүрэм, мөрийн хөтөлбөртөө дурдсан байна. ИОН намын даргаар Ц.Оюунгэрэл, Ерөнхий менежэрээр Б.Батмагнай, намын бүртгэгчээр М.Хатантуул нар сонгогджээ. Мөн ИОН намын төлөөллийн төв байгууллага болох Төлөөлөгчдийн Танхимыг 33, хяналтын байгууллага болох Маргаан таслах хороог 10, гүйцэтгэх байгууллага болох Үнэт зүйлийн зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Иргэдийн оролцооны нэгдэл нам байгуулагдах үйл ажиллагааны явцад буюу 2021 оны 6-р сараас хойш өнөөдрийн хурал хүртэл нийт 208 удаагийн орлогоор 30.7 сая төгрөгийн хандив цугларсан бөгөөд энэхүү хандивын орлогоос 2 удаа үүсгэн байгуулах хурал санхүүжүүлжээ. Үүний дотор дахин зохион байгуулагдсан энэ удаагийн хурлын зардал нь 7.3 сая төгрөгт багтсан байна.

Эхсурвалж: ИОННамын үүсгэн байгуулах хуралд бэлтгэх ажлын хэсэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *