Categories
мэдээ улс-төр

Иргэдийн оролцоог дэмжих хоёр дахь шатны баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны байгууллага хамтран Иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурав.

Гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Өнөөдөр их сайхан өдөр байна. Дүн өвлийн цас бударсан шинийн есний энэ өдрийн морин цагт Монгол Улс гурван сая иргэнтэй болсон тухай сайхан мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, дэлхий нийтэд зарлалаа.

Мөн энэ өдөр Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичигт гарын үсэг зурлаа. Дэлхий дээр шууд ардчиллаар хамгийн их туршлага хуримтуулсан орон бол Швейцарийн холбооны улс юм. Бидний хамтарч хийсэн хамгийн анхын ажил бол Иргэний танхим байсан. Өнөөдөр Монголд 300 гаруй газар Иргэний танхимтай боллоо. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг иргэдийн санал асуулгаар шийддэг болсон. Цаашид монголчууд ардчиллын замаар тууштай замнахын тулд сонгуулийн ардчилалтай шууд ардчиллыг хослуулах нь зүйтэй гэж үзэж байна. Манай гурван сая монголчууд шийдвэр гаргадаг, төр, засаг, улс орны хөгжлийн амин чухал шийдвэрийг ард иргэд бүгдээрээ нийлж шийдвэрлэдэг болбол Монгол Улс хамгийн хүчтэй, хамгийн ардчилсан, хамгийн тогтвортой орон болох боломжтой.

Иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичиг нь үүний эрх зүй, улс төрийн орчныг бүрдүүлэх, туршлага судлах зорилготой юм. Түүнээс гадна монголчууд өнгөрсөн 25 жилд ардчиллын, түүний дотор шууд ардчилын их туршлагатай болсон. Олж хуримтлуулсан туршлага, мэдлэгээ энэ хоёр дахь шатны хүрээнд бусад оронтой хуваалцана. Мьянмарын холбооны улс, Киргиз зэрэг оронтой бид туршлагаа хуваалцах талаар энэ төсөлд тусгалаа. Зөвхөн Монгол Улсын иргэдийн шууд оролцоог хөгжүүлэхээс гадна олсон туршлагаа бусадтай хуваалцах сайхан хаалга нээсэн шинэ төсөл хэрэгжих гэж байна.

Энэ төслийг 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс 2017 оны 4 дүгээр сарын 1 хүртэл 2 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Монгол бол сонгуулийн ардчилалтай улс. Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж ирсэн бодлого бол сонгуулийн ардчиллыг шууд ардчилалтай хослуулах нь ирээдүйтэй гэсэн бодлого юм. Өнөөдөр бид иргэдэд илүү их эрх мэдэл өгөх, иргэдийн оролцоог илүү дэмжих төсөл хэрэгжүүлэх түүхэн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн эхний үе шат амжилттай өндөрлөж, хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр болсон Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны байгууллагад баярлалаа. Засгийн газар, Сангийн яам дэмжсэнд мөн баярлалаа. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын иргэд илүү эрх мэдэлтэй, шийдвэр гаргахад илүү оролцдог эрх зүйн болон бусад орчин бүрдэнэ. Үр дүн нь сайн болно гэдэгт найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *