Categories
мэдээ цаг-үе

​Иргэдийн худалдан авах чадвар инфляцид “идүүлж” байна

Өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн статистикийн газраас зарлаад байна. Тэдний мэдэгдэж байгаагаар манай улсын инфляци 7.2 хувь, Улаанбаатар хотынх 8 хувь болж өсчээ. Хоёр жилийн өмнө МАН-ыг засаг барихаас өмнө инфляци хэд байсныг сөхөж харлаа.

Тухайн үед буюу 2016 оны зургадугаар сард инфляци 1.6 хувь байж. Хоёрхон жилийн дотор 6.4 хувиар өсчихсөн гэсэн үг. Инфляци өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурдаг зүй тогтолтой. Тэр утгаар нь харвал хоёрхон жилийн дотор инфляци 6.4 хувиар цойлсон нь худалдан авах чадварт илт сөргөөр нөлөөлөхөөр үзүүлэлт гэж эдийн засагчид онцоллоо.

Гэхдээ инфляци үүнээс ч өндөр хувиар өссөн байх магадлал өндөр гэсэн хар тэдний дунд байгаа юм. Бүр тодруулж хэлбэл инфляци нэг оронтой тоонд биш хоёр оронтой тоо руу орсон гэсэн хар сэр хүчтэй байна.

Луувангийн үнэ 228 хувь, төмснийх 182 хувиар өсчээ

Инфляцийг хэмжих нэг том үзүүлэлт нь иргэдийн худалдан авдаг өргөн хэрэглээний барааны үнэ. Бид МАН засаг барьсан буюу 2016 оны зургадугаар сарын өргөн хэрэглээний барааны үнийн жагсаалтыг сонирхлоо. Тухайн үед нэг ам.долларын ханш 1982 төгрөгтэй дүйж байж. Харин өнөөдөр ногоон валютын ханш 24 хувиар өсч 2463 төгрөгт хүрээд байна. Хоёр жилийн өмнө “Алейка” дээд гурилын үнэ нэг кг нь 1310 төгрөг байсан бол өнөөдөр 1600 төгрөг болжээ. Гурилын үнэ 22 хувиар өссөн гэсэн үг. Өргөн хэрэглээний барааны үнэ дээд талдаа 228 хувь, доод талдаа 18 хувиар өсчихөж. Ингээд үнийн өсөлтийн жагсаалтаа үргэлжлүүлье. 228 хувиар өсч рекорд тогтоосон нь монгол лууван. Хоёр жилийн өмнө 825 төгрөг байсан монгол лууван өнөөдөр 2705 төгрөгөөг худалдаалагдаж байна.

Үнийн өсөлтийн амжилтаараа луувангийн дараа төмс жагслаа. 660 төгрөгөөр худалдаж авдаг байсан төмсөө бид өнөөдөр 1860 төгрөгөөр авч хүнсэндээ хэрэглэж сууна. Төмсний үнийн өсөлтийн хувь нь 182 гэдэг бол маш том тоо. Байцааны үнэ хоёр жилийн дотор 99 хувь болж өсчээ. 1475-аас 2935 төгрөг болоод цойлчхож. Хүрэн манжингийн үнийн өсөлт 91 хувиар хэмжигдэж байна. Хоёр жилийн өмнө 2350 төгрөгөөр худалдаж авч иддэг байсан хүрэн манжинг бид өнөөдөр 4490 төгрөгөөр авч байгаа.

Удахгүй сэрүү орж гэр хорооллынхон түлээ түлшээ хэрэглэж эхэлнэ. Нүүрс, модны үнэ төмс, хүнсний ногоонуудын араас жагслаа. Түлээний модны үнэ 93 хувиар өсчээ. Нэг шуудай түлшний модыг 1500 төгрөгөөр авдаг үе ард хоцорчээ. Хоёрхон жилийн дотор шуудай модны үнэ 1425 төгрөгөөр өсч 2950 төгрөг болжээ. Хоёр жилийн өмнө Налайхын нүүрсийг 1700 төгрөгөөр авдаг байсан бол одоо 3000 төгрөгөөс буухгүй. Үнийн өсөлтийн хувь нь 78. Нүүрсний үнэ бараг 80 хувиар өсчихсөн гэсэн үг.

Түлээний модны үнэ хоёр нугарч, дизелийн ханш 23 хувиар цойлоод байна

Жагсаалтыг цааш үргэлжлүүлье. “Сүү” компанийн цөцгийн тосыг олон айл хүнсэндээ хэрэглэхээр худалдаж авдаг. Хоёр жилийн өмнө 3255 төгрөг байсан цөцгийн тосны үнэ өнөөдөр 5245 төгрөг байна. Элсэн чихрийн үнэ ч өндөр өсөлттэй гарлаа. Хоёр жилийн өмнө кг нь 1785 төгрөг байсан элсэн чихрийг өнөөдөр 2560 төгрөгөөр зарж байна. Монголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг бол сүү. “Сүү” компанийн савласан сүү нэг литр нь 2075 төгрөг байсан бол хоёр жилийн дараа буй өнөөдөр 2625 төгрөгт хүржээ. 27 хувиар өссөн гэсэн үг. Задгай сүүний үнэ бүр хаданд гарчээ. Хоёр жилийн өмнө 1335 төгрөгөөр зарж байсан задгай сүүний өнөөдрийн ханш 1765 төгрөг байна. Нийтдээ 32 хувиар өсчээ. Тарагны үнэ 17 хувиар нэмэгджээ. Нэг литрыг нь 2100 төгрөгөөр зардаг байсан бол өдгөө литр нь 2450 төгрөг гэж байгаа. Махны үнэ төрлөөсөө шалтгаалаад 15-22 хувиар өссөн юм байна. Долларын ханш өсөхөд дотоодын мах, сүүний үнэ яагаад өсчхөв өө гэсэн асуулт гарч ирж таарна. Дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг нэг том шалтгаан бий.

Тэр нь шатахууны үнэ. Бензин, дизель, газ түлшний үнэ өсөнгүүт дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг номтой. Наад зах нь гэхэд л “Сүү” компани сүүний тэргүүддээ шатахуун хийж хөдөөнөөс сүүгээ татна, үйлдвэрлэсэн сүүгээ дэлгүүрүүдэд түгээхдээ мөн л шатахуунаар тээвэрлэнэ. Шатахууны үнэ инфляцид, үнийн өсөлтөд нөлөөлдөг нь цаанаа ийм олон шалтгаантай. Өмнөх засгийн үед инфляцийн эсрэг үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шатахууныг онилсны цаад учир нь энэ байв. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд шатахууны үнэ хөдлөөгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч цойлоогүй гэсэн тайлбарыг эдийн засагчид өгдөг. Харин хөтөлбөр зогссон сүүлийн хоёр жилд түлш шатахууны үнэ 13-33 хувиар өсчээ. Хоёр жилийн өмнө АИ 92-ын үнэ 1534 төгрөг байсан бол өнөөдөр 1734 төгрөг байна. Харин АИ 95 шатахууны үнэ 1730-аас 2043 төгрөг болж өссөн байх юм. Дизель түлш 1640-өөс 2014 төгрөг болж өссөн статистик гарлаа. Газ түлшний хувьд хамгийн өндөр буюу 33 хувиар цойлжээ. Хоёр жилийн өмнө 900 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 1200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Бид үнэ ханшийн мэдээллийн эх үүсвэрээ Нийслэлийн статистикийн газрын цахим хуудаснаас авч харьцуулалт хийлээ.

Долларын өсөлтөөр бол инфляци 10 хувь давжээ

Дээрх жагсаалтаас анзаарахад долларын ханш төгрөгийн эсрэг 24 хувиар чангарчхаж. Төгрөгийн ханш тэр хэрээр суларсан гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн жагсаалтыг хийтэл цочмоор өндөр тоонууд гараад ирлээ. Зуу хол давсан, бүр 200 гарсан хувийн үнийн өсөлт гэдэг тайван суух тоонууд биш. Иргэдийн худалдан авах чадвар навс унасныг энэ тоонуудаас харж болно. Ийм нөхцөлд инфляци наймхан хувьтай гарах нөхцөл байхгүй , хоёр оронтой тоо руу орчихсон дэгдэж яваа нь бараг л тодорхой байна.

Инфляцид нөлөөлдөг шалтгааны нэг нь валютын ханш. Ханш 10 хувиар хөдлөхөд арванхоёр сарын хугацаанд дунджаар дөрвөн хувийн инфляци үүсдэг гэсэн тооцоолол байдаг юм байна. Хоёр жилийн дотор ханш 24 хувиар хөдөлсөн гэж өмнө мэдээлсэн. Тэгэхээр инфляци дор хаяж 9.5 хувиар хөдөлсөн гэсэн тооцоо гарч байна. Инфляцийн хувьд хоёр жилийн өмнө 1.6 хувь байсан гэхээр өнөөдөр инфляци дор хаяж 10.6 хувьд хүрсэн байж таарах нь. Манайх шиг худалдааны бизнестэй улсад валютын ханш инфляцид богино хугацаанд нөлөөлдөг гэж эдийн засагчид хэлж байна. Худалдааны бизнес хоёр сарын дотор эргэлддэг учраас ийм нөлөө үзүүлдэг аж. Бид өнгөрсөн жилүүдэд валютын ханш инфляцид хэрхэн нөлөөлж байсан талаар статистик сөхлөө. Валютын ханшийн өсөлт инфляцид 2013 оны дунд үеэс нөлөөлж, 2014 оны дунд үе хүртэл үргэлжилж байж.

Ерөнхийдөө 2014 оны хоёрдугаар хагасаас саарсан зураг харагдлаа. 2013-2014 онд ногоон валютын ханш өсч байхад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн учраас инфляци 30-40 хувьд хүрээгүй гэсэн тайлбарыг эдийн засагчид хэлж байна. Уг хөтөлбөр инфляцийг онилсон байсан учраас инфляци галзуураагүй гэсэн тайлбар дуулддаг. Түүнээс биш гурван их наяд төгрөг эдийн засагт нийлүүлчхээд байхад инфляци хэдэн арван хувиар өсөх учиртай. Дахин хэлэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөр инфляцийг онилсон учраас ийм эрсдэл үүсээгүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *