Categories
мэдээ нийгэм

Иргэдийн 80 хувь зөвшөөрвөл барилгыг буулгана

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Ерөнхий төлөвлөгөөний газрын шалгалтаар нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 150 барилга байгааг тогтоосон.

Үүнээс 21-ийг нь буулган, газарт нь шинэ барилга барихааар болсон юм. Үүнд Баянгол дүүргийн XX хорооны 30 дугаар байр, Хан-Уул дүүргийн II, III хороо, Нэхмэлийн шарын байрнууд багтаж буй.

Энэ талаар өчигдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ. Тус газрынхан эхний ээлжинд СӨХ-дтой хамтран оршин суугчдыг хуралдуулж, санал авахаар төлөвлөсөн тул айл бүрт мэдэгдэх хуудас өгч, дахин төлөвлөлтийн талаар танилцуулж байгаа аж.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дахин төлөвлөх байруудад хэчнээн айл амьдарч байна вэ. Иргэдийн хэдэн хувь нь зөвш өөрвөл барилгыг буулгах юм бэ?

-21 барилгад 560 орчим айл амьдарч байгаа. Нийслэлийн ИТХын баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах журмын дагуу иргэдийн 80-аас дээш хувь нь зөвшөөрвөл дахин төлөвлөнө.

Иргэд дэмжихгүй бол төслийг хэрэгжүүлэхгүй. Мөн тухайн барилгыг үргэлжлүүлэн ашигласнаас иргэдэд учирсан хохирлыг төр, засаг хариуцахгүй, улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө гарган, орон сууцыг засахгүй, оршин суугчид хариуцна гэж журамд заасан.

-Төсөл хэрэгжүүлэгчийг хэдийд шалгаруулах вэ?

-Ирэх долоо хоногоос шалгаруулах төлөвлөгөөтэй. Төсөл хэрэгж үүлэгч шинэ барилга барих хугацаандаа иргэдийг орон байраар хангана, нүүлгэх буулгах зардлыг бүрэн гаргах юм.

Төрийн байгууллага дэд бүтцийг нь шийдэх боломжтой. Орон сууцны тухай хуулийн дагуу төсөл хэрэгжүүлж дуусах хүртэл тухайн орон сууцны доорх газар төрийн мэдэлд байна. Нийслэлийн Засаг дарга сууц өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулж ажиллана.

-150 барилгаас эхний ээлжинд 21-ийг нь шинэчилнэ. Үлдсэн барилгыг хэдийд дахин төлөвлөх вэ?

-Энэ бол эхний ээлжийн ажил. Барилгын нас, чанараас шалтгаалан жагсаалт гаргаж, дараа дараагийн ажлыг эхлүүлэх юм.

-Төсөл хэрэгжүүлэх хугацааг заасан уу?

-Гурван талт гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн дотор хэрэгж үүлнэ.

-40 мянгатын байруудад гал гарсны дараа ашиглалтын шаардлага хангах, эсэхийг нь шалгах шийдвэр гаргасан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Судалгаа, шинжилгээ хийж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *