Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ), Манлайлагч хүний нөөцийн менежрүүдийн клуб хамтран МҮЭСТО-нд “Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгт “Говь”, “АПУ”, “Алтанжолоо трейд”, “Таванбагд фүүдс” зэрэг 31 аж ахуйн нэгж оролцож, иргэдийг худалдагч, үйлчлэгч, ачигчаас эхлээд салбарын захирал хүртэлх 2000 гаруй нээлттэй ажлын байранд бүртгэж байна. Нийслэлийн НХЭГ, Цагийн хөдөлмөрийн бирж 2000 гаруй ажлын байранд бүртгэж байгаа аж. Иргэд өдөрлөгт оролцсоноор нээлттэй ажлын байранд бүртгүүлэхээс гадна “Карьер хөгжлийн төв”-ийн хамт олноос мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа тодорхойлох талаар, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гээс шинэ ажлын байрандаа дасан зохицох талаар зөвлөгөө авах боломжтой юм.
Түүнчлэн Дэлхийн банкны Цогц хөгжлийн сургалтад бүртгүүлэх боломжтой. Уг сургалтад бүртгүүлснээр барилгын цахилгаанчин, засал чимэглэлчин, оёмол бүтээгдэхүүн, мах, сүү, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан, эсгий ноос, ноолуур боловсруулах анхан шатны ажилтан, зочид буудлын өрөөний үйчлэгч мэргэжлээр сургалтад сууж, улмаар ажлын байранд зуучлуулах боломжтой аж.
Өдөрлөг 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.