Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд: Зогсоолоо шийдээгүй барилгын компаниуд байрныхаа үнийг бууруулах нь зүйтэй DNN.mn

Зургийг “Хангай хотхон”-ы оршин суугчдын группээс авав.


Үүр цүүрээр ажилдаа гарч харуй бүрийгээр гэртээ ирээд машинаа хаана тавих вэ гэдэг нь иргэдийн шүдний өвчин болжээ. Улаанбаатар хотын автомашины зогсоолын талаар сурвалжлахаар 120 мянгатад байрлах олноо “Хоёр өндөр” хэмээн танигдсан “Энхтайван” хотхоныг зорилоо. Баригдаад олон жил болсон ч шинэхэн мэт будагтай өндөр цагаан саарал орон сууц доод давхрууддаа олон төрлийн үйлчилгээ эрхэлдэг газруудтай. Гэвч энэ барилгад шийдээгүй асуудал нь нүдэнд илхэн харагдана. Үйлчилгээний газрууд руу орох гэсэн иргэд машинуудаа эгнээ дараалал шахцалдуулан тавьж, хаяанд нь тэрэгтэй хүүхдээ салхилуулан явах бүсгүй явган хүний зам дээр машин байршуулж тавьсан учраас машин замаар бүдчин яваа харагдана. Энэ байдлынх нь тухай асуухад иргэн А “Анх энэхүү орон сууцанд ороход м.кв-ын үнэ 3.2 сая төгрөгийн үнэтэй байсан. Харин одоо үнэ нь нэмэгдээгүй байгаа ч үнэдээ таарсан орон сууц уу гэвэл үгүй. Учир нь нийтийн орон сууц эзэмшигчдийн хувьд зогсоол яалт ч үгүй стресс үүсгэдэг. Хүүхдүүдийн гэр сургуультайгаа ойрхон ч одоо бол зогсоолтой газар амьдрах нь чухал болчихоод байна. Машингүй хүмүүс нь явган хүний зам дээр машин тавилаа гэж уурлана.

Гэвч үл хөдлөхөө зарчихаад бусдыг нь өөрсдөө болго гэсэн шиг хандаж байгаа тухайн байгууллагын буруу шүү дээ. Иргэд өндөр үнэ төлж байр худалдан авдаг ч зогсоолын асуудлаа ч шийдээгүй газрын үл хөдлөх улам өсөөд байгааг ойлгодоггүй. Нэгэнт л байраа зарсан бол бусад бүх нөхцөлийг хангаж өгөх ёстой шүү дээ. Бид зогсоол гаргаж өг, зогсоолоо нэм гэж заргалдаад ч нэмэр байдаггүй. Гаражид машины зогсоол худалдаж авах гэхээр бараг байрны урьдчилгаа мөнгөтэй дүйцдэг. Зогсоолоо шийдээгүйгээс оршин суугчдаа өдөр бүр стресст оруулж байгаа энэ компаниуд байрныхаа үнийг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хүн ая тухтай амьдрах гэж байр худалдан авч байгаа нь ойлгомжтой. Зогсоолгүйгээс болж нөхөр маань зориулалтын бус газар машинаа байрлуулж хонуулчихаад шөнө нь бүтэн нойртой хонох нь хэцүү байдаг. Энэ бүгдийн эцэст оршин суугч л хохирч таарч байгаа биз” гэв.

-Тэрэгтэй хүүхдээ түрээд явах газар ч байхгүй байна шүү дээ, энүүгээр. Ингэж яваад машинд шүргүүлчих ч юм уу элдэв осол гарахыг үгүйсгэх арга алга?

-Би хүүхдээ салхилуулаад арай цэвэр агаартай газар очихын тулд өдөр бүр энэ замаар алхдаг. Нэг удаа машинд шүргүүлэх шахсан. Сандарсандаа муухай орилоод хүүхдээ айлгачихаж билээ. Тэр өдрөөс хойш жаахан айдастай л энүүгээр явах болсон. Зарим машин хүүхэд түрээд явж байгааг улайм цайм харсаар байж сигналаа чангаар дардаг. Түүнд нь хүүхэд цочиж уйлна. Шөнө унтахгүй айчихсан байх үе бишгүй гардаг. Хүмүүс автомашинаа явган хүний зам дээр байрлуулаагүй бол би ингэж явах шаардлагагүй. Энэ барилгууд машины зогсоолоо шийдчихсэн бол жолооч нар ч явган хүний зам дээр машинаа байрлуулах шаардлагагүй шүү дээ. Ер нь Улаанбаатарт амьдрахад улам стресстэй болж байна. Шинээр байр авах гэж буй хүмүүс машины зогсоол хүрэлцээтэй байр аваарай. Зогсоолоо шийдээгүй барилга ч гэсэн зах зээлийн үнээс хямдруулдаг болмоор байна. 10-20 хувийг хасч тооцдог болчихвол дараа дараагийн компаниуд орон сууц барихдаа зогсоолыг нь шийддэг болох ч юм билүү. Төрийн өмнөөс бодлого бодтол иргэдийгээ ингэж зовоомооргүй байгаа юм даа уг нь гэв.

Үргэлжлүүлэн “Натур “худалдааны төв рүү явсан юм. Тэндхийн байр байдлыг ажиглахад ямар ч зохион байгуулалтгүй баригдсан олон шигүү өнгө өнгийн орон сууцнууд харагдав. “Home­land” хотхоны хажууд байх түгжрэлтэй энэхүү нарийхан зам хүмүүсийн стрессийг бардаг ба “натурын хавцал” гэж хэдийнэ нэрлэгдэх болжээ. Энэхүү хавцлын хажуугаар дуустал явахдаа зогсоол байхгүйн улмаас зөрчил гарган тавьсан олон машин байв.


Иргэн Д мөн л машинаа буруу байрлуулаад бууж байхад нь очиж ярилцсан юм.


-Та машинаа буруу газар байрлуулчих шиг боллоо?

-Зогсоолгүй газар ингэж тавихаас өөр яах юм бэ.

-Таны машиныг ачаад явчихвал яах вэ?

-Машины ачилт бол цэвэр хулгайн асуудал. Хувийн компани хийдэг гэсэн, энэ нь цагдаатайгаа хүртэл сүлжигдчихсэн. Эмнэлгийн хашаан дотор, эмнэлэгт хүн сахиж байгаа хүний машиныг хүртэл аччихаад байна. Энэ эрүүл хүний үйлдэл биш. Үндсэндээ машин тэргээ ачуулсан хүмүүс хохироод үлдэж байгаа болохоос өөр хэн ч үүнийг авч хэлэлцэж байгаа зүйл байхгүй. Цагдаа тоохгүй байна шүү дээ. Энэ бол яаж ч бодоод бодлогын буруу буюу төр засгийн буруу. Тухайлбал, Улаанбаатарын захиргаа нийтийн үйлчилгээний зогсоолын асуудлыг авч хэлэлцэн шаардлага тавьж зохион байгуулах ёстой шүү дээ. Иймэрхүү зүйлсээ шийдээгүй байж усан оргилуур мэтэд өчнөөн төсөв мөнгө зарцуулдаг гажиг тогтолцоотой болчихоод байна.

-Зогсоолгүйн улмаас та хэдэн удаа машинаа ачуулж байв?

-Хэд хэд ачуулсан. Зүгээр л ямар ч анхааруулга сэрэмжлүүлэг байхгүй хулгайлаад л явчихдаг шүү дээ. Иргэдээ зүгээр л тамлаж чадаж байгаа юм шүү. Хатингаршсан төрийн зохицуулалтгүй, хот төлөвлөлтийн алдаанаас болж иргэд яагаад ингэж хохирох ёстой юм бэ хэмээсэн юм.

Монголд 1200 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 700 гаруй нь гишүүнчлэлтэй байдаг гэх. Иргэдийн зүгээс СӨХ-ны дээд зөвлөлд СӨХ болон оршин суугчдын маргааны асуудлын тухай гомдол их ирдэг аж. Энэхүү гомдлын 60 хувийг дан ганц автомашины зогсоолын асуудал, гомдол л эзэлдэг байна. Нийслэл хотод өдрөөс өдөрт дээд зэрэглэлийн өндөр барилгууд нэмэгдэж байгаа ч тэд бүгд зөвхөн дотоод засалдаа л анхаардаг ч зогсоолын асуудлаа шийдсэн барилга байдаггүй.

“Натур” худалдааны төвөөс Улсын их дэлгүүр, Тэди худалдааны төвийг зорив. Мөн л энд зогсоолын асуудал шийдэгдээгүй. Эргэн тойрон нэгдүгээр эгнээнд тавьсан машинууд харагдана. Нэг машиныг хэсэг ажиж зогслоо. Зогсоол хайж Улсын их дэлгүүрийг хоёр, гурван ч удаа тойроодхов. Иргэн Н.Ганболд ярихдаа “Бүхэл бүтэн Улсын их дэлгүүр байж байж зогсоолгүй. Ийм байж 400 сая жуулчин хүлээж авна гэж бүлт үсрээд. Ядаж Улсын их дэлгүүрийнхээ зогсоолыг шийдээч ээ. Зогсоол олох гэж хамаг цаг, бензинээ барж байна шүү дээ. Ганц машин гарчих юм болов уу гэж тав тойрч байж арай гэж нэг зогсоол оллоо. Улсын их дэлгүүр мөнгө олдог газар биз дээ. Номингийн Баярсайхан шиг мөнгөтэй хүн Монголд байхгүй шүү дээ. Тийм байж ашиг орлого олдог шигээ зарцуулж чаддаг баймаар байна. Улсын их дэлгүүрээ ядаж нэг зогсоолтой болгоод өгөөч” гэв.

Тэрбээр зогсоол хайж хэд хэд тойрсондоо бага зэрэг стресстсэн бололтой тамхи татаад цааш алхчихав.

Их дэлгүүрээс жаахан хойшилоход Тэди худалдааны төв бий. Тэр зүг алхах ганц км хүрэхгүй газарт автомашины зогсоолтой холбоотой олон зөрчил харж болно. Гэлээ гээд яалтай билээ зөвшөөрөгдсөн зогсоол байхгүй нь үнэн гэж энгийн иргэдээ өмөөрөн бодогдох аж. Тэди худалдааны төвийн гадаах төлбөртэй зогсоол битүү. Зогсоол хүлээн зогсох автомашины дараалал үүсчээ. Төлбөртэй ч хамаагүй зогсоол иргэдэд маш их хэрэгтэй байгааг эндээс бэлхэнээ харж болно. Ингээд Тэди худалдааны төв рүү орлоо.

Тус төвд лангуу түрээсэлдэг иргэн ярихдаа “2-4 давхар хүртэл бүх талбайгаа лангуу болгон хуваагаад түрээсэлдэг энэ газарт нэг давхарт нь ойролцоогоор 40 лангуу байдаг. Үүнийг дундажлаад гурван давхартаа үржүүлэхэд 120 лангуу түрээслэгч энд ажиллаж байгаа гэсэн таамаг гарна аа даа. Эдгээр олон лангуу бүгд тус тусын үнэтэй нь ойлгомжтой. Нэг лангууг хамгийн багадаа 300 мянгаар түрээслүүлдэг гэж тооцвол энэ худалдааны төв сар бүр маш их ашиг олж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл гадаа нь үйлчлүүлэгч битгий хэл түрээслэгчид нь өөрсдөө машинаа байрлуулах зогсоолгүй. Жилийн дөрвөн улиралд энэхүү худалдааны төвөөс болж энэ хавийн зам битүү түгжрэлтэй байдаг. Тэнгисийн урд зам, Тэдигийн хойд зам түгжрэлгүй байна гэж ховор. Ингэж их ашиг орлого олж байж машины зогсоолын асуудлыг шийдэхгүй өчнөөн жил боллоо шүү дээ. Сэтгэл л дутдаг байх даа” хэмээн толгой сэгсрэн халаглан ярив.

Ингээд Тэди төвөөс гараад бидний хэлж заншсанаар 100 айл буюу Хангай хотхоныг зорив. Энд өдрийн цагаар харьцангуй машины зогсоолын асуудал үүсээд байхгүй ч ажлын цаг тарсны дараа битүү машинуудын цуглаан болдог гэхэд хилсдэхгүй. Учир нь байрнуудын дунд байх хэсэгхэн зогсоолд түрүүлж ирсэн нь эвтэйхэн машинаа байрлуулдаг бол орой ирсэн хүмүүст машинаа тавих нүх сүв ч олдохгүй. Энэ талаар Хангай хотхоны оршин суугч ярихдаа “Манай хотхонд машины зогсоолын асуудал маш хүнд. Ажил тарсны дараа жаахан оройтож ирэх юм бол машин тавих газар олоход нэн хэцүү. Гэр рүүгээ яарах бус зогсоол олохын тулд эртлэн ажлаасаа гарахыг боддог. Зам дагуу тавьчихаар нөгөө хэдэн шуналын тулам болсон ачилтынхан гэрийн гаднаас машин хулгайлаад явчихна. Энэ хотхонд машинаа ачуулаагүй хүн ховор байх. Манай хотхоны оршин суугчдын фэйсбүүк группт машины зогсоолын асуудал шийдэхгүй бол СӨХ-ны төлбөр төлөхгүй байя гэсэн давлагаа ч яваад эхэлсэн. Хоёр блок барилгын дунд байдаг шороон хэсэгт машинаа байршуулдаг байсан ч тэнд одоо цэцэрлэг барих гэж байгаа гээд хашаалчихсан. Машин тавих боломжгүй болсон доо. Үнэнийг хэлэхэд, энэ зогсоолоос болж маш их бухимдах болсон. Арай гэж зогсоол олоод тавихаар өглөө нь машинаа гаргах гэж дор хаяж гурван хүн рүү залгах хэрэг гарна. Зарим нь машиндаа дугаараа үлдээдэггүй. Энэ болгон чинь өдрийг аятайхан эхлэх ямар ч боломжгүй бухимдал үүсгэж байгаа юм. Тэгээд зогсоолоо сайн шийдээгүй байж нэмээд блокууд бариад байх юм” хэмээв.



С.ОТГОНБАЯР

Б.ГАНТОГТОХ

М.МАЙНАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *