Categories
мэдээ нийгэм

Иргэд зээлийн түүхээ оноогоор хянадаг болно

Зээлдэгч, зээлдүүлэгч талуудыг зээлийн түүхийн мэдээллээр бүрэн тэгш хангаснаар зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох финтек үйлчилгээг “Бүрэн Скор” компани Монголбанкны тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлэхээр боллоо.

Монгол Улсын хоёр сая иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл Зээлийн мэдээллийн санд байдаг ч зээлийн түүх, ирээдүйд зээлжих чадамжийнхаа талаар ихэнх иргэд огт мэдлэг, ойлголтгүй явдгаас үүдэн зохисгүй хэмжээгээр өндөр хүүтэй зээл авч санхүүгийн эрсдэлд орох, нөгөөтэйгөөр ирээдүйд учирч болох санхүүгийн таатай боломжуудаа алдах зэргээр хохирдог. Өөрөөр хэлбэл, иргэд өөрт хамгийн ашигтай санхүүгийн нэн чухал мэдээллийг огт авдаггүй, хянадаггүй бол нөгөө талд зээлдүүлэгчид мэдээллийн хэт давуу эрхтэй байдгаас санхүүгийн харилцаа тэнцвэргүй, шударга бус байдаг.

Цахим шилжилт, мэдээллийн эрин зуунд энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл нь иргэн бүр хувийн зээлийн түүхийн мэдээллээ ил тод, нээлттэй хүлээж авдаг болох юм. Ийнхүү зээлдэгч, зээлдүүлэгч талуудад мэдээлэл тэгш хүртээмжтэй очсоноор санхүүгийн үйлчилгээ илүү бодит хэлбэрээр хүрэх боломжтой болж, улмаар нийт санхүүгийн зах зээлд зээлийн хүү буурах эхлэл тавигдана. Мөн иргэдийн санхүүгийн хариуцлага боловсрол тогтмол нэмэгдэхээс гадна санхүүгийн үйлчилгээний олон шинэлэг боломж үүснэ гэсэн үг.

“Бүрэн Скор” компани нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас нийт 500 орчим банк, санхүүгийн байгууллагад очдог иргэдийн зээлийн түүхийн мэдээллийг оновчтой, ялгаварлалгүй аргачлалаар тооцоолох хувь хүний “Кредит Скор” буюу “Зээлийн Оноо”-нд хувиргаж, иргэн бүрийг оноогоо хянах, удирдах боломжоор хангах “финтек” үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мэдээллийн аюулгүй байдлын өндөр стандартын дагуу тасралтгүй ажиллах уг үйлчилгээ нь иргэдийг, тэр дундаа санхүүгийн харилцаанд хараахан бэлтгэгдээгүй залуу үеийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгон төлөвшүүлэх гол хөтөч болох юм.

Зээлийн мэдээллийн энэ төрлийн үйлчилгээг өндөр хөгжсөн орнуудад өргөнөөр ашигладаг ба мэдээллийн тэгш хүртээмж сайжирснаар зээлдэгч иргэд илүү өндөр дүнтэй, хүү багатай, үр ашигтай, барьцаагүй зээлийг хурдан шуурхай авах боломж нөхцөлөөр хангагддаг байна.

“Бүрэн Скор” компанийн тухай

Олон улсын стандарт аргачлалын дагуу боловсруулсан, эрсдэлийн үнэлгээнд суурилсан, оролцогч талуудад оновчтой шийдвэр гаргахад туслах зээлийн мэдээллийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар санхүүгийн зах зээлийн хүртээмж өсөлтөд бодит хувь нэмэр оруулах финтек компани юм.

“Бүрэн Скор” компани нь Монгол Улсад хэрэгжиж буй Зээлийн мэдээллийн үйлчилгээний тогтолцоог шинэ түвшинд гаргах, олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай, хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор 2020 оны зургадугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Тус компани салбартаа арвин туршлагатай, өндөр мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн багийг бүрдүүлсэн бөгөөд олон улсын дэвшилтэт техник, технологи, аргачлал, стандартын дагуу цахим орчин, программ хангамжид тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.Цаашид салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, иргэд, аж ахуй нэгж, банк, санхүүгийн байгууллагуудад зээлийн оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай зээлийн мэдээллийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг (зээлийн оноо) илүү ухаалаг, хялбараар хүргэхээр зорин ажиллаж байна.

Дээрх мэдээлэлтэй холбоотой нэмэлт тодруулга авах бол О.Гэрэлтуяатай88779173 утсаар,gerel@empr.mnимэйлхаягаар холбогдоно уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *