Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд зээлээ төлж чадахгүй байгаагаас ломбардныхан машины ченж болжээ

Автомашин барьцаалж зээл олгодог ломбард, хувь хүмүүс машины ченж болжээ. Учир нь зээл авсан иргэд мөнгөө төлж чадахгүй хугацаа хэтэрч, алданги төлөх болсноор барьцаанд тавьсан машинаа авч чадахаа больжээ. Зарим банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа 200 гаруй машины бичиг хураалгаастай тухай ч мэдээлэл ирлээ. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж иргэд ээмэг, бөгж, утас, компьютероо ломбардад орхих болсон талаар бид сурвалжилж байсан. Тэгвэл одоо унаагаа орхихоос аргагүй болжээ.

“Хугацаа хэтрээд долоо хоновол л барьцааны машиныг зарна”

Бидэнд мэдээлэл өгсөн иргэн “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллагад машинаа барьцаанд тавьж зээл авчээ. Тэрбээр зээлээ хугацаанд нь төлж байгаад өнгөрсөн сараас хойш төлж чадаагүй гэнэ. Барс худалдааны төвд лангуу түрээсэлж, наймаа хийдэг байсан тэрбээр бараа зарагдахгүй байснаас ажлаа орхижээ. Гэнэт орлогогүй болсон учраас зээлээ төлж чадахгүй байгаа гэнэ. Тэр залуу “Барс худалдааны төвд наймаа хийж байхдаа бараагаа зөөх гэж суудлын автомашин авсан юм. Эргэлтийн мөнгөтэй болох гээд машинаа барьцаанд тавиад зээл авчихсан. Гэтэл нэг сар зээлээ төлөөгүй гэдэг шалтгаанаар машиныг минь зарах гээд байна” гэлээ.

Бид “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагчтай холбогдоход “Зээлийн хугацаа хэтрээд долоо хоносон л бол манай байгууллага зарах эрхтэй. Угаасаа энэ тухай гэрээндээ заачихсан байгаа. Та гэрээгээ уншиж, зөвшөөрсөн учраас гарын үсэг зурсан биз дээ. Сар зээлээ төлөөгүй бол алданги нь талийж өгсөн. Угаасаа зарагдахаас аргагүй юм байна” гэлээ. Харин тус байгууллагын Чингэлтэй дүүрэг дэх салбар дээр очиход өөр хариулт хэллээ. “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллага авто машин барьцаалж 500 мянгаас 50 сая төгрөг хүртэлх зээл олгодог юм байна. Зээлийн сарын хүү дөрвөн хувь бөгөөд нэгээс гурван сарын хугацаатай зээл авах боломжтой. 500 мянган төгрөгийн зээл авбал 35 мянган төгрөг, түүнээс дээш мөнгөн дүнтэй зээл авбал 75 мянган төгрөг авдаг аж. Машин лизингээр худалдаж авахаар бол мөн дөрвөн хувийн хүү төлнө. Харин хугацаа нь 1-12 сар байх юм билээ. Чингэлтэй салбарын захирал Д.Мөнхтуяа “Яг манай салбар дээр хураагдсан, зарагдах гэж байгаа машин байхгүй. Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа бол бид үйлчлүүлэгчтэйгээ ярилцана. Машинаа зараад мөнгөө төлөх боломж олгоно.

Хэдээр худалдах вэ гэдгийг тохиролцоно. Шууд зарчихдаг гэж ойлгож болохгүй. 200 гаруй машин барьцаанд байгаа гэдэг нь манай үйлчлүүлэгчдийн тухай мэдээлэл болохоос зарагдах гэж байгаа машины тоо биш” гэлээ. Тэдний зээлийн гэрээ байгууллагын нууцад хамаардаг бололтой, үзүүлэхгүй гэнэ. Барьцаанд хураагдсан машин, эд зүйлээ борлуулах асуудлыг дотоод журмаараа зохицуулдаг гэдэг тайлбарыг хэлсэн юм. Зээл авахаар гэрээ байгуулбал л дотоод журам, гэрээтэй нь танилцах боломжтой гэсэн.

“Сайн” ломбард барьцаанд байгаа 100 гаруй машин зарна

Баянзүрх дүүргийн “Да хүрээ” захын зүүн талд байдаг “Сайн” ломбардад очиход үйлчлүүлэгч байсангүй. Зээлийн эдийн засагч нь “Манайх автомашин барь­цаалж 300 мянгаас арван сая төгрөг хүртэлх мөнгийг сарын хугацаатай 5.5 хувийн хүүтэй зээлүүлдэг. Хүүгээ төлөөд зээлээ сунгах боломжтой. Ихэнхдээ иргэд Prius 20 маркийн машин барьцаалдаг. Гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд зээлдэгч ирж эдийн засагчтай уулзаад сунгах боломж бий. Хэрвээ ингээгүй тохиолдолд гэрээнд заасан ёсоор барь­цаанд байгаа автомашин ломбард­ны хувийн эзэмшил болдог” гэлээ. Түүний тайлбар­ласнаар зээл төлөх хугацаа дууссанаас хойш 15 хоногийн дараа уг машиныг зарах эрх ломбардад үүсэх аж. Эзэн нь зээлээ төлж чадалгүй, ломбардны эзэмшил бол­сон машиныг зарах борлуу­лагчид ажилладаг гэнэ. Гэрээт борлуулагч нь “Сайн” ломбардад хураагдсан машинуу­дыг зардаг аж. Цайз захын зүүн урд “Сайн ломбард зээлийн барьцаанд хураагдсан автомашин худалдаа” гэсэн хаягтай гарааж, зогсоол байх юм. Зогсоолд ихэвчлэн жийп байх аж. Суудлын тэрэгнүүдээс Prius-20 цөөнгүй харагдсан. Ломбардны барьцаанд байгаа гэдэг утгаараа зах зээлээс хямд үнэтэй гэнэ. Тиймээс машин сонирхох хүн олон байлаа. Тэнд 2011 онд үйлдвэрлэсэн “Landcruiser-200” маркийн автомашин 70 сая, 2007 оны “Landcruiser-100” 30 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байна. 2001 оны “lexus 470” 23 сая төгрөгийн үнэтэй аж. “Prius” загвараасаа хамаараад 3.5-7 сая төгрөгийн үнэтэй. Борлуулагч залуу “Энэ жил барьцаанд хураагдсан машины тоо харьцангуй өссөн. Харь­цангуй хямд үнээр зардаг болохоор хүмүүс маш их сонирх­дог” гэлээ. “Prius-20” маркийн машинаа барьцаанд тавиад, зээлийнх нь хугацаа хэтэрсэн бүсгүй машинаа яаж авах талаар сураглаж явахтай таарлаа. Түүнд борлуулагч залуу “Алданги чинь маш их мөнгө болсон. Тэгээд ч prius машины үнэ буурчихсан байгаа. Ломбарданд хүү, алданги төлж байхаар эндээс машинаа найман сая төгрөгөөр худалдаад авчих” гэдэг зөвлөгөө өгчээ. Учир нь ломбардны алданги хоногийн 0.5 хувийн хүү байдаг гэнэ.

“Маш шил” ломбард машин барьцаалж нэг сарын хугацаатай зээл олгодог гэнэ. Машиныг нь харж байгаад 2-3 сая төгрөгийн зээл олгодог гэнэ. Сарын дотор мөнгөө, хүүтэй нь төлж чадахгүй бол машиныг нь борлуулах эрх үүсэх гэнэ. Тэднийд хугацаа хэтэрсэн учраас ломбардны мэдлийнх болсон гурван машин байгааг эдийн засагч нь хэлсэн. Үнэ тохирвол зарна гэдгийг мөн ярина лээ.

“Да хүрээ” хавийг тойрсон хэд, хэдэн ломбардаар явахад хүмүүс яагаад машинаа зээлийн барьцаанд алдаад байгаа дүр зураг ерөнхийдөө тодорхой болох аж. Өнгөрсөн жил, өнөө зун хоёр олон сумын ой болсон. Ойдоо явах гэж байгаа хүмүүс банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй лизингээр машин авчихсан. Эргээд зээлээ төлж чадахгүй урьдчилгаанд төлсөн мөнгө ч үгүй, машин ч үгүй үлдэх болжээ. Зарим нь хураасан хэдэн төгрөгөө шавхаад машин авчихсан. Нутаг руугаа явах, наадамлах зардлаа олохын тулд машинаа барь­цаалаад зээл авчихсан. Ирээд мөн л мөнгөө төлж чадахгүй машингүй үлдэх болжээ. Зээлээ эргээд төлөх боломжтой эсэх, тогтмол ажил­тай эсэхийг ломбард харгалзахгүй зээл олгодог учраас барьцааны баахан машинтай үлддэг бололтой юм.

Хуулиас гадуурх дотоод журам, гэрээний нөхцөл

Сонин, зарын сайтуудад автомашин барьцаалж зээл олгох тухай маш олон зар байв. Зарын дагуу холбог­доход ихэвчлэн хувь хүмүүс автомашин барьцаалж зээл олгож байна. Ингэхдээ машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад мөнгө зээлдэг юм байна. Зээлээ төлж чадахгүй бол машин нь өнөөх зээлдүүлэгчийн өмч болох гэрээ байгуулах аж. Гэрээ нь ихэнхдээ нууц. Зөвхөн зээл авахаар бол гэрээний нөхцөлийг харуулна гэнэ. Тэдний зээлийн хугацаа нэг сар. Сарын хүү нь зургаан хувь байх аж. Хувь хүмүүс ийм үйлчилгээ үзүүлж байгаагаа “Явдаг ломбард” гэнэ. Өөрөөр хэлбэл, зээл авч байгаа хүн машинаа өөрөө унаж болно. Харин нэр нь зээлдүүлэгчийнх байх ёстой. Зээлээ хүүтэй нь төлсний дараа машинаа буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэх аж. “Да хүрээ” захад машин зардаг ченж залуу “Автомашин барьцаалж зээл олгодог хүмүүс өөрсдөө машины ченж байдаг юм. Ломбардууд бас ченжүүдтэй холбоотой ажилладаг. Тэд зээл олгохдоо машиныг нь багаар үнэлж, шуурхай мөнгө өгдөг. Зээлээ эргэн төлөх чадвартай эсэх нь зээлдүүлэгчид огт хамаагүй. Машинаа барьцаалаад хоёр, гурван сая төгрөг зээлчихсэн хүн сарын дараа бөөнд нь өнөөх мөнгөө төлөхөд хэцүү. Тэгээд л машинаа алдчихдаг. Энэ төрлийн үйлчилгээ нэг ёсны машин хямд авах арга болчихсон байгаа. Машин барьцаалж зээл олгоно гэсэн жижиг ломбард, хувь хүмүүс рүү залгаад “Машин зарах уу” гэж асуухад бүгд зарах машинтай байдгийн учир энэ. Машинаа барьцаанд тавь­сан хүн хэл ам хийх гэвэл бөөнөөрөө гэрт нь очиж дарам­талдаг тохиолдол ч бий. Бүр зээл авсан хүн өөрөө машинаа зараад алдангийг нь төлнө гэсний төлөө хоёр хоногийн дотор зар гээд гэрт нь очоод хөзөр тоглоод суучихсан ч тохиолдлыг мэднэ. Иргэд машинаа хурдан зарж чадахгүй шүү дээ. Алданги нь маш өндөр байдаг учраас унаагаа хоёр, гурван сая төгрөгийн барьцаанд хаяад явахаас аргагүй болдог” гэлээ. Үнэхээр ч машин барьцаалж зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдоход 2009 оны “Prius-20” 11 сая, 2006 оны “Harrier” 21 сая төгрөгөөр зарна гээд өөр олон машин байгааг сонирхохыг урилаа.

“Зээл авахдаа гэрээг нь сайн унших хэрэгтэй”

Иргэд бага мөнгө зээлээд, эргээд машин ч үгүй үлдэж байгаа нь эрхзүйн мэдлэг тааруу байгаатай холбоотойг хуульч бас ярив. Хуульч, өмгөөлөгч Ц.Энхтүвшин “Машинаа болон хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж зээл авч байгаа бол тухайн ломбардныхаа гэрээтэй маш сайн танилцах хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа барьцаанд байгаа эд зүйлийг өөрийн болгоно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой. Ломбардны гэрээн дээр “гэрээний хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дараа эд хөрөнгийг худалдаалж ломбардны орлого болгоно” гэж заасан байдаг. Мөн хуга­цаагаа сунгаагүйгээс гарсан хохирлыг тухайн ломбард хариуцахгүй гэж бичсэн. Энэ нь Иргэний хуулийг шууд зөрч­чихсөн байгаа хэрэг. Иргэний хуульд зааснаар хугацаа дууссан бол 14 хоногийн дотор зээлдэгчийн гэрийн хаягаар мэдэгдэл хүргүүлэх учиртай. Дараа нь зарах талаар тохиролцож, зарж борлуулсны дараа ломбард зээлүүлсэн мөнгөн дүнгээ, хүүтэй нь аваад зөрүүг эзэнд нь олгох ёстой. Гэтэл манайхан утсаар дарамтлах төдий ярьчихаад барьцааны эд хөрөнгийг зарчихдаг. Эсвэл “Одоо энэ манай өмч” гэж ханддаг. Хэрвээ ломбард­ныхан ийм хандлага гаргасан бол үйлчлүүлэгч Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй” гэсэн юм.

Ц.Өрнөх

Б.Сувд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *