Categories
мэдээ цаг-үе

Иргэд хувийнхаа хөрөнгөөр диализийн төв байгуулжээ

Саяхан “Lux” диализийн төв нээгджээ. Бөөрний дутагдалтай хүмүүсийн амин чухал зүйл бол гемодиализийн аппарат. Тус аппарат манай улсад тийм ч олон биш бөгөөд нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэг болон “Ulaanbaatar med” зэрэг хуруу дарам цөөн эмнэлэгт л бий. Ингэхдээ хавсарга бүхий гемодиализийн тасгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ганц нэг аймагт цөөн ширхгээр байдаг аж. Тэгвэл Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд “Lux” диализийн цогц төв нээгдээд удаагүй байна. Тус төв “Люкс Хаус-3”-ын хоёр давхарт байрлах бөгөөд биднийг очиход хараахан үйлчлүүлэгчид ирээгүй байсан юм. Төд удалгүй тэдэнд хандах хүмүүс ар араасаа цувж эхлэв. Эмчилгээ хийлгэхээр эмчдээ үзүүлээд цаг захиалаад явж байгаа нэгэн байхад зөвлөгөө аваад гарч байгаа хүмүүс ч таарав. Зөвхөн өвчтөнүүдэд зориулсан учраас бүх үйлчилгээг нэг дороос бүрэн авах боломжийг бүрдүүлжээ.

Үйлчлүүлэгч мэдээллийн ажилтанд бүртгүүлээд их эмч Х.Бумдэлгэртэй уулзаж анхан шатны шинжилгээ өгөх юм байна. Ингэхдээ эмч тухайн өвчтөний биеийн онцлог, өөр ямар суурь өвчтэй зэрэг олон судалгаа, шинжилгээ авсны эцэст эмчилгээний цагийн хуваарьт орох нөхцөл бүрдэх юм байна. “Lux” диализийн төв есөн ширхэг гемодиализийн аппараттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоногт 27 өвчтөн гурван ээлжээр хүлээн авах хүчин чадалтай аж. Хоёрхон хоногийн дотор 20 гаруй хүн эмчлүүлэхээр захиалга өгчээ. Ихэнх хувийн эмнэлэгт 139 мянган төгрөг байдаг. Харин тус эмнэлэг 130 гаруй мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Бөөр нь хүний амин чухал хос эрхтэн. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба минутад 1.2 литр цус шүүдэг байна. Бөөрний архаг үрэвсэл нь бөөрний дутагдалд хүргэдэг болохыг эмч нар хэлж байсан. Бөөрний архаг дутагдалд орсноор эцэстээ эмийн эмчилгээ үр дүнгүй болж гемодиализийн аппаратад ордог. Эсвэл бөөр шилжүүлэн суулгах хувилбарыг сонгодог байна. Харин энэ төрлийн аппарат нь улсын хэмжээнд 100 хүрэхгүй тооны байдаг учраас эрүүл мэндийн салбарын өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа аж.

Б.Бэхболд гэх хижээл насны эр 27 настай хүүгийнхээ хамт их эмч Х.Бумдэлгэрийн өрөөнд орж ирэв. Түүний хүү бөөрний архаг дутагдалд ороод жил гаруй хугацаа өнгөрчээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таны хүү бөөрний архаг дутагдалд ороод жил гаруй хугацаа өнгөрсөн гэлээ. Энэ хугацаанд гемодиализийн эмчилгээ хийлгэж байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Энэ аппаратны тусламжтайгаар л миний хүү өнөөдрийг хүртэл амьдарч явна.

-Та энэ эмнэлэгт хэзээ хандсан бэ?

-Одоо л ирж байна. Манай хамаатны нэг хүн диализийн бүр том төв нээгдсэн гэж надад хэлээд хаягийг нь хүртэл зааж өгсөн юм. Үнэхээр тааламжтай санагдаж байна.

-Юу нь?

-Юм бүхэн нь. Би хүүгээ хөтлөөд жил гаруй хугацаанд эмнэлгийн үүд сахиж, эмч нарыг царайчилж ирсэн. Хувийн эмнэлэгт өртөг өндөртэй. Улсын эмнэлэг болохоор бидэнд олдохгүй. Ганц хоёр аппаратад ороод л дахиад хүлээж авах боломжгүй гэдэг. Би хэд хоногийн өмнө бүр аргаа бараад Эрүүл мэндийн яаманд очсон. Нэг өвчтэй хүүтэй, нэг оюутан хүүхэдтэй. Гэр бүлээ тэжээмээр байдаг. Оюутан хүүхдийнхээ төлбөрийг хийчихмээр байдаг, өвчтэй хүүгээ ямар үхэхээс өөр сонголт байхгүй гээд хаялтай биш. Хоёулаа л миний мах цусны тасархай. Гэтэл би өнгөрсөн хугацаанд байсан болгоноо хүүгийнхээ эмчилгээнд зориулаад дууссан. Арай л гэр бүлээрээ гадаа хоночихгүй явна. Тиймээс хүүд минь туслах ямар нэг арга хэмжээ байна уу гэж яаманд хандсан. Хувийн эмнэлэгтээ ч хэдэн төгрөгөө өгч барахаа байлаа шүү дээ.

-Яамны зүгээс ямар хариу өгсөн бэ?

-Анх удаа хандаж байгаа нь та биш. Манай яамны үүдэнд бөөрний архаг дутагдалтай гэх оноштой 95 хүн байна. Ямар ч эмчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн. Шулуухан хэлэхэд эдгээр хүмүүс донор олдтол, эсвэл хэн нэгнийг үхэхээр бөөрийг нь горьдоод сууж байна.

-Хувийн эмнэлэгт хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэж байсан бол?

-Өдрийн 170 мянган төгрөгөөр гемодиализийн аппаратад орж байсан.

-Тэгэхээр та дахиад хувийн эмнэлэгт хандахаас өөр сонголтгүй болжээ?

-Өөр яахав. Энд нэг өдрийн эмчилгээ нь 139 мянган төгрөг юм байна. Ядаж л хямдхан. Бас үйлчилгээ сайтай санагдлаа. Ямар ч байсан эмчээсээ зөвлөгөө авлаа. Их сайхан дэлгэрэнгүй ойлгомжтой зөвлөгөө ч өглөө.

-Долоо хоногт хэдэн удаа эмчилгээ хийлгэх үү?

-Ийм өвчтэй хүн долоо хоногт гурван удаа аппаратад орох ёстой юм билээ. Гэхдээ мөнгө төгрөгийн бололцоо хомс байгаа учраас яаж ийгээд долоо хоногт хоёр удаа орох бодолтой байна гэв. Тэрээр “Миний хүү насан туршдаа ийм давтамжтайгаар дээрх эмчилгээг авна шүү дээ. Гэтэл өдрөөс өдөрт бидэнд мөнгө олдох нөхцөл улам л хумигдаад байна. Төр засаг энэ төрлийн өвчнийг эрүүл мэндийн даатгалаар зохицуулж өгвөл үнэхээр магнай тэнийх гээд байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Х.Бумдэлгэр эмчийн ярьснаар бол стандартын дагуу бөөрний архаг дутагдалтай хүмүүс насан туршдаа долоо хоногт гурван удаа гемодиализийн аппаратны эмчилгээнд орох ёстой гэсэн. Нэг удаа орохдоо дөрвөн цаг эмчлүүлж цусаа шүүлгэж, бүрэн сэлбэдэг байна. Хэрвээ аппаратны эмчилгээнд орохгүй бол бие сульдах, амьсгаадах, нойргүйдэх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Энэ тохиолдолд зохих арга хэмжээ авахгүй бол шууд л амь насанд нь нөлөөлдөг байна. Тэрээр Улсын нэгдүгээр эмнэлэгт бөөрний чиглэлээр олон жил ажилласан туршлагатай эмч бөгөөд уг өвчин олон жилийн туршид бугшсаар нэг өдөр архаг болтлоо хүндэрсэн байдаг гэдгийг онцлов.

Энэхүү диализийн цогц төвийг хувь хүн өөрийнхөө хөрөнгөөр байгуулжээ. Ингэхдээ ашгийн бус зөвхөн хүний төлөө гэсэн тайлбарыг хэлж байсан. Тус төвийн үүсгэн байгуулагч Т.Пунцаг Америкт амьдардаг юм байна. Тэрээр “Люкс Хаус” компанийн захирал Н.Төрбаттай хамтран энэхүү төвийг байгуулжээ. Т.Пунцаг “Би нефтийн мэргэжилтэн. Эрүүл мэндийн салбарт “А” ч үгүй. Анх уг төвийг байгуулах санаа 2011 онд төрсөн. Би Америкт олон жил амьдарсан. Одоо ч амьдарч байна. Гэхдээ би олон эмч найзтай. Тэднээс болон Монголынхоо тухай сонин, сэтгүүлээс бөөрний өвчлөлийн талаарх мэдээллийг нэлээд уншсан. Тэгээд энэ өвчнөөр шаналж яваа хүмүүст туслах арга зам хайж эхэлсэн. Ингээд эм тариа, ширхэг гуурс байсан ч ямар зориулалтаар ашигладаг болоод энэ өвчлөл Монголд хэрхэн газар аваад байгаа талаар олон судалгаа хийж том төсөл хүртэл бичсэн. Үүний дараа гемодиализийн аппаратыг судлаад Америкийн “Davita Village Trust” нэртэй ашгийн бус сайн дурын олон улсын байгууллагад хандсан. Тэд намайг болон Монголын нөхцөлийг маш нарийн судалсны үндсэн дээр хамтарч ажиллахаар болж энэхүү аппаратуудыг нийлүүлсэн” гэв. Түүний хувьд эмнэлгийн зураг төслөө гаргажээ. Тэрээр “Люкс Хаус” компанийн захирал Н.Төрбат бид хоёр эртний танил. “Бид ашиг хараагүй. Гол нь энэ өвчнөөр шаналж буй мянга мянган хүн, тэдний гэр бүлд бага ч гэсэн аз жаргал бэлэглэх зорилго нэгтэй” гэсэн юм. Н.Төрбат захирал барилгын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ч эрүүл мэндийн салбарт санаа зовниж явдаг нэгэн гэнэ. Тиймээс өөрийн хөрөнгөөр Улсын нэгдүгээр эмнэлэгт 100 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивласан болохыг ажилчид нь хэлж байлаа.

Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн ар гэрийнхэн нь аппаратных нь эмчилгээг тасалдуулахгүйн тулд байр, машин, ээмэг зүүлт, төрөл төрөгсдийнхөө эд хөрөнгийг зарж дууссан талаар олон ч тохиолдол дурдсан. Диализ эмчилгээ тасралтгүй хийлгээд 16 жил болсон хүн ч байдаг гэнэ. Тиймээс диализийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамрагдуулж өгөх нь олон мянган бөөрний дутагдалтай өвчтөний амийг авраад зогсохгүй тэдний ар гэрийнхний нуруун дээрх ачааг бага ч гэсэн хөнгөвчлөх байна. Ингэхдээ эмчилгээний тал хувийг өвчтөн өөрөө гаргаж, үлдсэн хувийг нь даатгалаас гаргадаг тогтолцоотой болох нь чухал гэдгийг тус төвийнхөн онцолж байсан. Диализийн аппаратаас илүүтэйгээр дагалдах шүүлтүүр, холбох аппарат нь үнэтэй тусдаг гэнэ. Монгол Улсад 2007 оны байдлаар зөвхөн Улсын нэгдүгээр эмнэлгийн судалгаагаар 100 мянган хүн тутмын 110 нь бөөрний архаг дутагдалд орсон байсан бол таван жилийн дотор энэ тоо дөрөв дахин өсчээ. Энэ төрлийн өвчлөл Монголд эхний гуравт бичигддэг байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *