Categories
мэдээ нийгэм

Иргэд газраа барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулна

gazar

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

-ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ НЬ ҮР ӨГӨӨЖТЭЙ-

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага бий. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгох шаардлагатай хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа. Мөн энэхүү хуулиар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал үүрэгтэй гэж онцолсон юм. Чуулганаар уг хуулийн төслийн зүйл заалтуудыг сайжруулах шаардлагатайг гишүүд хэлж байлаа. Тухайлбал “Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэдгийг Иргэний хуульд заасан шүүхийн оролцоо, нотариатын оролцоог баталгаажуулах гэдгээр баталж чадна. Иргэдэд сонголтыг олгосон. Энэ хууль гарахгүй бол газраа эргэлтэд оруулж чадахгүй. Байр сууц гэдэг гэрээний хариуцлага, өөрийн эрсдлээ хүлээх хариуцлага юм” хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлсэн юм.


-ГАДНЫ ИРГЭНД ГАЗАР ХУДАЛДАХ ТУХАЙ ХУУЛИАР ОГТ ЯРИГДААГҮЙ-

Газар өмчлөх эрх зөвхөн Монгол Улсын иргэнд бий. Иргэн бүрийн газрын үнэлгээ өөр өөр юм. Тиймээс үүнийг харгалзан иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөтэй нь барьцаалдахдаа үнэлгээг нь тогтоох боломжийг мөн анхаарахыг чуулганы хуралдаанаар сануулж байв. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд “Гадаадын иргэнд газар худалдах тухай энэ хуулиар огт яригдахгүй. 1992 оны Үндсэн хуулиар газар өмчлөх 2002 оноос хойш хоорондоо худалдаж болдог болсон. Өмчлөх эрхийг нь өгчихөөд мөнгө болгоё гэхээр нь хясаад байж болохгүй. Хувь хүний хариуцлагын асуудал. Одоогийнхоороо байвал юу ч өөрчлөгдөхгүй” хэмээн онцолсон юм. Нөгөөтэйгүүр уг хууль хэрэгжих үед хүүхдийн өмчлөлийн газрыг захиран зарцуулах болон өв залгамжлалын асуудлыг хэрхэн зохицуулах тухай асуудал ч хөндөгдсөн билээ. Учир нь хүүхдийн өмчлөлд байгаа газар цаг хугацаа өнгөрөх тусам үнэд орох учир нэг хуульд оруулах шаардлагагүй хэмээн гишүүдийн зүгээс санал гаргасан. Юутай ч иргэдийн зүгээс газраа барьцаалж, эдийн засгийн эргэлтэд оруулах нэг боломж нээгдэх бөгөөд эрх зүйн зохицуулалтыг нь сайжруулах шаардлага бий юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *