Categories
мэдээ цаг-үе

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага гадаадын цахим халдлагад өртөх нь ихэссэн гэв

Сүүлийн жилүүдэд интернэт хэрэглэгчдийн тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгаа. Үүнийг дагаж цахим орчинд гарах гэмт хэргийн давтамж жил ирэх тусам өсөн нэмэгдэж, үйлдлийн арга улам бүр нарийсч байгаа аж. Хил хязгаар, нас хүйсээс үл хамааран энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд эд хөрөнгө, мөнгө санхүү, нэр төрөөрөө хохирсон олон үйлдэл цагдаагийн байгууллагад их бүртгэгджээ. Үүнийг нас насны хүмүүсээс гадна гадаадын иргэд ч үйлдэж, бусдыг хохироосоор байгаа гэнэ. Гол төлөв иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж цахим шуудан, фэйсбүүкийн нууц дугаар болон бусад мэдээллээ алддагаас ийм хэргийн хохирогч болдог.

“ГАДААДАД ЭНХИЙГ САХИУЛАХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА” ГЭХ НЭРЭЭР ЗАЛИЛАХ БОЛЖЭЭ

Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг ярихдаа “Манайх энэ оны эхний арван сарын байдлаар иргэд хуулийн этгээд байгууллагуудаас нийтдээ 18 мэдээллийг хүлээн авч шалгасан. Ингэхэд “Гадаадад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй” гэх нэрээр залилан хийсэн хэрэг бүртгэгдсэн. “Маш их хэмжээний мөнгө хөрөнгө хуримтлуулсан хэрнээ түүнийгээ өвлүүлэх хүнгүй. Миний мөнгийг өв залгамжлуулах найдвартай хүн хэрэгтэй байна. Монгол Улсын иргэдийг би найдвартай хүмүүс гэж сонгож байна” гэсэн хуурамч захидал илгээдэг. Ингээд л манай нэг иргэнтэй танилцчихдаг. Ийм аргаар их хэмжээний мөнгө шилжүүлээд авчихдаг юм билээ. Гэхдээ татвар хураамж гаалийн бүрдүүлэлт зэрэгт мөнгө шаардлагатай байна гэж танилцсан хүнээсээ мөнгө авч залилдаг” гэв. Өөрийгөө АНУ-ын иргэн, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг. АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой гэх мэтээр худлаа танилцуулж, итгэлийг нь олж аван залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж байна. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг дутмагаасаа болж залилангийн гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амссаар байгаа талаар онцоллоо. Тодруулбал, фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Люди Эмил Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй. АНУ-ын цэргийн командлагч гэж танилцуулсан уг этгээд манай улсын иргэнтэй харилцаж, улмаар Индонез улсын Жакарта хотод эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан миний нэр дээрх таван сая ам.доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьжээ. Өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20 мянга 750 евро Индонез улс руу шилжүүлж залилан авсан гэв. Мөн манай улсын иргэн Г.Нацагдорж АНУ-ын иргэн Али Ариф гэгчтэй цахимаар танилцжээ. Гадаадын иргэн Г.Нацагдоржтай цахимаар сайтар харилцаж, холбоо тогтоож байгаад гэрлэх санал тавьсан байна. Хамтран ажиллах тухай харилцан тохиролцож Гана улсын “UBA” банкаар 20.934 ам. доллар шилжүүлж, залилуулсан аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Манай улсад интернэт хэрэглэгчдийн тоо хоёр сая найман зуугаад орчим болсон гэв. Үүнээс фэйсбүүкт бүртгэлтэй хэрэглэгч хоёр сая 600 орчим байдаг ажээ. Идэвхтэй хэрэглэгчийн тоо бол ойролцоогоор сая 500 мянга орчим байгаа юм.

ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРЭГ ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ

Цахим орчинд үйлдэгдэж буй залилан мэхлэх гэмт хэрэг нь интернэт худалдаатай холбоотой байдаг аж. Гар утсанд мессеж ирэх, цахим шууданд и-мэйл хэлбэрээр их хэмжээний мөнгө хожчихсон, өв залгамжлагч болсон. Хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа, цахимаар болзоо тогтоох зэргээр гэмт этгээдүүд бусдыг залилдаг байна.

Манай томоохон худалдааны компаниуд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь сүүлийн гурван жилд эрс нэмэгджээ. Тухайлбал, гэмт этгээдүүд цахим шуудангаар харилцаж буй хоёр байгууллагын хоорондын мэдээллийг олж авч, өөрт ашигтай нөхцөл байдал руу татдаг гэв. Ингэхдээ ихэвчлэн харилцагч байгууллагын цахим хаягтай тун төстэй цахим хаягнаас тус байгууллагын харилцагч руу дансны мэдээллээ өөрчилснөө хэлдэг гэнэ.

Энэ талаар албаны эх сурвалж мэдээлэхдээ тухайн байгууллага гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа бараа бүтээгдэхүүн захиалахдаа цахимаар харилцдаг. Харилцаж байсан и-мэйл хаягийг дундаас нь хакерддаг юм билээ. Хуурамч мэдээлэл явуулна, тэдний харилцаж байсан и-мэйл хаягийг өөрчлөхдөө цэг таслал нэмдэг. Хүн анзаарахгүй байдлаар тэмдэг тэмдэглэгээ хийдэг. Тухайн харилцагч байгууллага түүнийг нь хүлээн авч, сайтар нягталдаггүйн улмаас хуурамч мэдээлэлд итгэж, өөрчлөгдсөн гэх дансны дугаар руу нь их хэмжээний мөнгөө шилжүүлдэг байна. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард Мухамед (Mu­hamed) гэх фэйсбүүк хаягтай хүн “Бүгд найрамдах Турк улсад ажилд зуучилна” хэмээн манай иргэдийг залилжээ. Тэр М.Сонгуульбаяр, Б.Бадам, О.Алтантуул, Б.Мөнхчимэг, О.Билгүүн нарын таван иргэнийг мэхэлсэн гэв. Мухамед гэгч манай иргэдийг залилан авч явсан бөгөөд тэд Турк улсын хил дээрээс Оросын холбооны улсын Москва хот руу буцаж 2500 ам. доллараар хохирсон гэнэ.

Мөн манай улсын томоохон аж ахуйн нэгж байгууллага арьс шир боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж авахаар гадаадын компани руу хандаж, харилцаж байгаад залилуулсан хэрэг гарчээ.

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч Д.Эрдэнэбулган хэлэхдээ “Манай улсын аж ахуйн нэгж байгууллагууд 2013 оноос эхлэн цахим гэмт хэргийн хохирогч болох болсон. Энэ төрлийн гэмт хэрэг манай улсад үйлдэгдэж, гарч буйг бид аль болох богино хугацаанд хуулийн хүрээнд шийдвэрлэх арга замаар явж байна. Гадаад улс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн тохиолдол их. Тухайн улсын цагдаагийн байгууллагад шалгалт хийх хүсэлт явуулах, шалгах нөхцөл байдлыг бид хүлээдэг. Иймээс шалгалтын ажиллагаа удааширдаг. Гэхдээ аль болох хурдан шийдвэрлэхийн тулд нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна” гэв.

Интернэт залилангийн улмаас 2013-2017 онд 18 иргэн, хуулийн этгээдэд нийт 711.329 ам доллар, 170.000.000 төгрөг, 20700 еврогийн хохирол учирчээ.

Иймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ 13 нас хүртэл нь фэйсбүүк нээж өгөхгүй байх хэрэгтэй. Иргэн бүр өөрийнхөө цахим хэрэглээнд хяналт тавьж, хувийн мэдээллээ дэлгэрэнгүй оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байлаа. Хэрэв ийм гэмт хэргийн хохирогч болбол гэмт хэргийн талаар хүүхдийн тусламжийн 108, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдээлэхийг анхааруулав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *