Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчийн цалин нэмэх тухай асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу 2018 оны Улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор батлагдсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг МҮЭ-ийн зүгээс дэмжихгүй байгаа аж. Учир нь багш нарт олгох урамшууллын мөнгийг цалин хэлбэрт оруулан өгөх гэж байгаагаа цалин нэмсэн гэж нийтэд ойлгуулж байгаа. Мөн төрийн албан хаагчдын цалинг тэнцвэргүй байдлаар нэмсэн учир ажил хаялтаа зогсоохгүй, үргэлжлүүлнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.
МБШУҮЭХ-ны дарга Б.Батзориг “Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэхээр болсон нь инфляцтай уялдаагүй шийдвэр, хэрэглээний үнийн индекс жил тутам өсч байхад цалинг уялдуулан нэмэх ёстой. Энэ удаагийн Засгийн газраас гаргасан шийдвэр нь биднийг аргацаах гэсэн нэг оролдлого байлаа. Тиймээс бид ажил хаях асуудлаа цааш үргэлжлүүлнэ. Гэхдээ Есдүгээр сарын нэгэнд биш есдүгээр сарын 3-нд болгон өөрчилсөн. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байна. Ажил олгогч, засгийн газрын талынхан биднийг хууль бусаар ажил хаяж буй мэтээр харагдуулж байна. Үүний цаана хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа учраас аль болох хүүхдийн эрх ашгийг хохироогүйн тулд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажил хаях асуудалд маш хүлээцтэй хандсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт зарлахаас долоо хоногийн өмнө холбогдох байгууллагуудад урьдчилан мэдэгдэж бүх зүйлийг хуулийн дагуу хийх болон” гэв.
Хэрэв МҮЭХ хүргүүлсэн шийдвэрийг харгалзан үзэж нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол зөвхөн багш төдийгүй эмч, эмнэлгийн байгууллагууд ч ажил хаялтад нэгдэнэ гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
Энэ талаар Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмар, “Сувилагчийн цалинг 20-30 хувиар нэмж байгаа бол эмчийн цалинг хэзээ, хэдэн хувиар нэмэх нь тодорхойгүй байна. Тийм учраас манай холбоо хуралдаж Засгийн газраас асуулга асуухаар боллоо. Энэ удаагийн цалингийн нэмэгдэлд эмэгтэйчүүд, шүдний тасгийн сувилагчид болон ахлах сувилагчийн цалинг нэмэх асуудлыг огт хөндсөнгүй. Эмч нарын цалинг ирэх онд хэзээ, хэдэн хувиар ямар шатлалаар нэмж байгааг тодорхой болгосны дараа бид ажил хаялтад нэгдэх эсэхээ ирэх долоо хоногт шийднэ. Боловсролын салбарынхны ажил хаялтыг эрүүл мэндийн салбарынхан бид бүрэн дэмжиж байна” гэв.
МҮЭХ-ээс Засгийн газарт тавьж буй шаардлага нь, төрийн байгууллагын ажилчдын цалинг тэгш байдлаар жигд нэмэхийг хүсч байгаа аж. Тиймээс энэ үеэр МҮЭХ-ны бусад салбар хороод боловсролын салбарынхны ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
З.МӨНХСУВД