Байнгын хорооны хуралдаанаар эхлээд газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг төрийн байгууллагуудын удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яамны ажлын хэсэг оролцов.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн.
Мөн үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжпийн үзэл баримтлал-2030”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагуудаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Тухайлбал, макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2019 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах; төсөв, мөнгөний бодлогыг хослуулах замаар инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх; хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх; хөнгөн хүнсний салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хүнсний эрүүл ахуйг ахуйн чанарыг сайжруулах; геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх; бодит салбарын өсөлтийг дэмжих, зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Түүнчлэн хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх; эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх; Төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх; төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх; хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Харин засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, Төрийн албаны тухай хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулах; төрийн болон орон нутгийн өмчийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стандарт хэмжил зүйн байгууллагын олон улсын итгэмжлэлийн үйл ажиллагааг сайжруулах; хөрөнгө оруулалтын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх; энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний барилгын засвар төслийг хэрэгжүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг тусгажээ.
Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан бодлогын хүрээний 20 зорилт, 123 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 8 их наяд 619.7 тэрбум төгрөгийн санхүүжүүлт шаардагдана. Эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр 2019 онд эдийн засгийн бодит өсөлт 8 хувьд хүрэх, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд онцоллоо.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат үндсэн чиглэлд цалин тэтгэврийг нэмэх, ялангуяа эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах талаар хэрхэн туссаныг тодруулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүний асуултад өгсөн хариултдаа, татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд дэвшил гарна гэж үзэж байгаа. Энэ үндсэн дээр цалин тэтгэврийг үнийн өсөлт инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх бодлого барьж байгаа.
Эдийн засаг бага багаар өсч, орлого зохих хэмжээгээр нэмэгдэж, нааштай өөрчлөлт гарч байгаа, гол нь урт хугацааны тогтвортой өсөлт чухал байна. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн хэрээр өр зээлийн дарамт зохих хэмжээгээр буурч байгаа. Засгийн газар арилжааны банкуудаас зээл авахаа больсон, энэ хэрээр тэр зээл аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд олгогдож байгаа. Энэ бүхний үр дүнд арилжааны банкуудын зээлийн хүү жилд 0.4 пунктээр, Монголбанкны бодлогын хүү 1 пунктээр буусан гэдгийг дурдав. Мөн Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зээлийн хүүг бууруулах үүднээс стратегийн бодлогын баримт бичгийг Монголбанктай хамтран боловсруулан хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан саналыг нэгтгэж эцэслэхээр ажиллаж байгаа гэлээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ирэх оноос Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэх учраас тус албаны хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудлыг үндсэн чиглэлд нэмж тусгах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар боловсрол, эрүүл мэндийн салбарын менежментийг боловсронгуй болгох замаар цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Эдгээр саналтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хорооны хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр Байнгын хорооноос агд Ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 382 зорилтоос 14 нь бүрэн, 42 нь 70 хувийн хэрэгжилттэй байна. Гэвч Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байхад хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээний 85.1 хувь нь хангалтгүй буюу 0-40 хувийн биелэлттэй байгаа учраас хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж Ажлын хэсэг үзжээ.
Энэ үндсэн дээр хөтөлбөрөөс харьцангуй сайн хэрэгжилттэй байгаа арга хэмжээнүүдийг олон нийтэд сурталчлах ажлыг хүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулах, мөн хэрэгжилт нь удаашралтай байгаа болон бүрэн хэрэгжих боломжгүй болсон зорилтуудын шалтгаан, нөхцөлийг олон нийтэд бодит байдалд үндэслэн тухай бүрт нь тайлбарлан таниулж байх, түүнчлэн олон нийтийн зүгээс харьцангуй хүлээлт ихтэй байгаа 35 зорилтод онцгой анхаарч 2018 онд хэрэгжилтийг 70-80 хувьд хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг чиглэлийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Ажлын хэсгээс боловсруулсан чиглэлийн дагуу Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг чиглэлүүд өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.