Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 672.6 тэрбум төгрөг суулгажээ

УИХ сонгуулийн өмнөх жилийн төсвийг баталлаа. Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьж, ирэх онд тодотгол хийх замаар асуудлыг шийдэхээр боллоо. Ирэх онд халамжийн хөтөлбөрт 67 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна. Мөн цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд ирэх онд 672.6 тэрбум төгрөг суулгажээ. 2019 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэврийг зүүн бүсийн амьжиргааны доод түвшинтэй уялдуулж харин халамжийн тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр тооцож нийт 21.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгаад байна. Ингэснээр нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр,тэтгэмж авч буй нийт 134.9 мянган хүний орлого сар бүр нэмэгдэх аж. Түүнчлэн ирэх онд нийгмийн даатгалын сангаас 1,086.0 мянган хүн тэтгэвэр, тэтгэмж авахаар байгаа нь 2018 оноос 25.4 мянган даатгуулагчаар нэмэгдэхээр байна. Үүнээс тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тооны цэвэр өсөлт 23.1 мянгад хүрэх аж.

Халамжийн санг нэгдсэн удирдлагаар хангаж, үйлчилгээг цаг хугацаанд нь шуурхай хүргэхээр холбогдох албаныхан тооцоолжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээнд жилд зарцуулж байгаа нийт хөрөнгийн 42 хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна. Энэ нь орон нутгийн нийт зардалд хамгийн өндөр дүнг эзэлж улмаар орон нутгийн төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан оны эхний хагас жилд тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг санхүүжүүлэхэд орон нутагт хүндрэл учруулж байгаа аж. Түүнчлэн халамжийн зардалд зориулан улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгосон санхүүгийн дэмжлэгийг бусад зориулалт, арга хэмжээнд шилжүүлэн санхүүжүүлж, төсвийн сахилга батыг алдагдуулах тохиолдол цөөнгүй гарчээ. Дээрээс нь нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон. Мөн ирэх оноос хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй. Ингэснээр 912 мянган хүүхдэд 218 тэрбум төгрөг олгох тооцоог Сангийн яам хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *