Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлээс сэтгүүлч тодруулжээ. Хязгаарлана гэхээр огт олгохгүй гэсэн үг биш банк хэрэглээний зээлийг олгодгоороо олгоно. Хэрэглэгчид зээлээ авдгаараа авч болно. Харин ямар хязгаарлалт тогтоосон бэ гэвэл, өнгөрсөн зургаа болон есдүгээр сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаар өр орлогын харьцаанд 70 хувь гэдэг хэмжээ тогтоож өгсөн. Хугацааг 30 сар байхаар хязгаарласан. Тодорхой хэлбэл, харилцагч банкинд очоод, сард өөрийнхөө олдог орлого буюу татварын дараа авдаг мөнгөнийхөө 70 хувиас хэтрүүлэхгүйгээр эргэн төлөлт хийхээр л зээл авах боломжтой гэсэн үг. Сая төгрөгийн цалин татварын дараах байдлаар авдаг бол сард 700 мянгаас дээш төгрөгийн эргэн төлөлттэй зээл авч болохгүй л гэсэн үг. Хоёрдугаарт, 30 сарын хугацаанд л зээлээ багтаан төлөхөөр болж байна. Зургадугаар сард бид судалгаа хийж үзэхэд, банкуудын зээлийн дундаж хугацаа 28 сар байсан. Тиймээс 30 сараас илүүгүй хугацаанд зээл олгоход болох юм байна гэж үзэж, хязгаарлаж өгч байгаа юм. Банкууд 30 сараас дээш хугацаатай хэрэглээний зээл өгөхгүй л гэсэн үг.
-Хэрэглээний зээл гэдэг ангилалд ямар зээл багтаж байгаа вэ. Иргэдэд мэдээлэл өгвөл?
–Хамгийн түгээмэл бүтээгдэхүүнүүд гэвэл цалин, тэтгэврийн зээл, лизингийн үйлчилгээ байна. Машин, гар утас, тавилга барьцаалсан гэх мэт иргэдийн хамгийн их авдаг зээл гэсэн үг.