Ирэх оны улсын төсвийг батлахтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг салбарын хөрөнгө оруулалт, 2022 оны төсөв, салбарын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг танилцууллаа.
Гадаад харилцааны яам “Дэлхийн монголчууд-2”, “Монгол үнэлэмж” гэсэн хоёр хөтөлбөрийг тус бүр 2-4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх оноос эхлэл нь тавигдах юм.
Тус хоёр хөтөлбөрийн хүрээнд томоохон хэмжээний 43 ажлыг хэрэгжүүлэхэд нийт 7.8 тэрбумыг зарцуулахаар төсөвт тусгажээ. Энэ нь Монгол Улсыг гадаад сурталчилгааг хийх, Монголын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх, шинэ Засгийн газрын бодлого, хөгжлийн урт хугацааны баримт бичгүүдэд тусгасан сурталчилгааны ажлуудыг олон улсын хэмжээнд хийх зорилготой хөтөлбөр аж. Мөн хилийн чанадад сурч ажиллаж амьдарч буй монголчуудтай хамтарч ажиллах зэрэг ажлуудыг төлөвлөсөн гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.