Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээг тогтоолоо

2017 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар манай улс нийт 21500 тн мах, махан бүтээгдэхүүн экспортлосон, үүний 80 хувийг адууны мах эзэлж байна. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ 2017 онд 20 мянган тн адууны мах экспортлохоор тогтоосон, гүйцэтгэл нь 100 хувьтай байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг зарим компанийн үйл ажиллагаатай өчигдөр танилцах үеэр адууны мах авах хүсэлт, захиалга ирүүлж буй улс орнууд байна. Иймд энэ жилийн квотыг нэмэгдүүлж өгөхийг үйлдвэрлэгчид хүсч байсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээг тогтоолоо.

Үхрийн мах 27900, адууны мах 33600 тн-ыг, харин хонь, ямааны мах экспортлох тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар боллоо.

Мөн энэ онд экспортлох адууны махны хэмжээг 10 мянган тн-оор нэмэгдүүлэхээр хурлаас шийдвэрлэлээ.

Мах, махан бүтээгдэхүүн экспортлоход мэргэжлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж, нэг цэгийн үйлчилгээ бий болгох саналыг үйлдвэрлэгчид Ерөнхий сайдад тавьсан юм. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдааны үеэр хөндөж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл арга хэмжээг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжид мэргэжил-арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарт даалгалаа.

Мөн хурлаар хүнсний улаан буудай 225 мянга, үрийн улаанбуудай 10 мянган тн-ыг импортлоно. Мөн 4218 тн хуурай сүү импортлоно, харин шингэн сүүний импорт хийхгүй гэж Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *