Сар шинийн баярын өмнөхөн хөөрөг, үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа болдог уламжлалтай. Монголын өв соёлыг хадгалах, таниулах, олон нийтэд сурталчлах гүүр болдог үзэсгэлэн худалдаа “Ирэх жилийн өнгө-2015” нэртэйгээр Барилгачдын талбайн баруун талд байх “Арт хаус” төвийн гуравдугаар давхарт үргэлжилж байна. “Арт хаус” төв, “Master jewelry”, “Азийн урлаг” галерей, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооноос хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд арав гаруй аж ахуйн нэгж болон хувь хүн оролцож буй ажээ.
Үзэсгэлэнгийн танхим руу орж явтал өөдөөс зөрөх хоёр залуу “Ёстой нүд сэргэж, сэтгэл сэргэмээр сайхан эд байна. Гурав хоногийн дараа ирээд авбал зарагдчих болов уу яах бол” хэмээн ярилцаж байв. Тэр хоёрын нэг нь хөөрөг авах санаатай бүтэн жил болж байгаа гэнэ. Өмнө нь хөөрөг хэрэглэж байгаагүй болохоор ямар хөөрөг авах вэ гэж эргэлзэж байгаа ажээ. Бас хөөргөө танихгүй учраас чулуу муутай хөөрөг өндөр үнээр авчих вий гэж санаа зовж байсан гэнэ. Харин хуурай ахынхаа зөвлөсний дагуу энэхүү үзэсгэлэн худалдааг хагас жилийн турш хүлээж байгаад иржээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид нь үнэт эдлэлийн мэргэжилтэнгүүд байдаг болохоор сайн чанарын эд зардаг юм байна. Тэдэнтэй ийн ярилцаад дотогш орлоо. Хөл хөдөлгөөн ихтэй, эрчүүд голдуу байв.
Үзэсгэлэнд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам гээд төрөл бүрийн чулуун хөөрөгнүүд тавьжээ. Хөөрөгнөөс гадна алт, мөнгөн аяга, эмээл, хазаар, XVIII зууны үед зурсан бурхдын хөрөг, даалин, ээмэг, хэт хутга, айрагны хул, идээний цар, таваг, мөнгөн завьяа гэхчлэн үндэсний уламжлалт хэрэглээний эд зүйлс байна. Хамгийн эртнийх нь XVIII зууны эхэн үеийн хөөрөг юм билээ. Цаашлаад ХVIII зууны сүүл, XIX зууны эхэн, дунд, сүүлийн үеийнх болоод өнөө үед урласан ховор, нандин хөөрөг ч байсан. Алдар цуутай хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан хөөрөгнөөс Увс аймгийн Малчин сумын харьяат улсын заан Ө.Тулгаагийн манан хөөргийг олон хүн сонирхож байв. Сайн чанартайд тооцогдох уг хөөрөг XVIII зууны үеийнх гэсэн. Үнэ нь 80 сая төгрөг. Энэхүү манан хөөрөг үзэсгэлэн, худалдааг сонирхохоор ирсэн хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Үүх түүхийг нь сонссон хүмүүс гар утсаараа зургийг нь авах ажээ. “Худалдаж авдаггүй юмаа гэхэд хааяа нэг зургийг нь хараад сууж байвал энерги өгнө” гэх юм. Бас 180 сая төгрөгийн үнэтэй халтар манан хөөргийг орж ирсэн хүн бүр сонирхож байсан. Ер нь энд зарж байгаа хөөрөгнөөс хамгийн үнэтэй нь 200-300 сая төгрөгийн үнэтэй. Ингэж үнэлэгдсэн хөөрөгнүүд их гарын хэмжээтэй, чулуу нь нэгдүгээр зэрэглэлийн тунгалаг чанартай, өндөр зэрэглэлийн нарийн хийцтэй, XVIII-XIX зууны үеийнх ажээ. Дээрх үнээс доошлоод 150, 100, 80, 50 саяын сонголт ихтэй хөөрөгнүүд бий. Боломжийн үнэтэй гэвэл 10-15 сая төгрөгийн үнэтэй хөөрөг ч байгаа. Орчин үеийн гайгүй хөөрөг авъя гэвэл гурваас таван сая төгрөгтэй байхад худалдаж авч болохоор юм билээ. Харин эмэгтэйчүүд сүүлийн үед хөөрөг хэрэглэх нь харьцангуй их болсон гэнэ. Эмэгтэйчүүд өвөрмөц тогтоцтой, чамин чулуугаар хийсэн жижигхэн хөөрөг барьдаг ажээ. Шүрэн, чулууны сүүдэр нь шилжиж гүйдэг гартааман хөөргийг бүсгүйчүүд сонгодог юм байна.
Хөөрөгнөөс гадна алт, мөнгөн аяга сонирхож байгаа хүн олон байв. 46 см-ийн диаметртэй, мөнгөөр урласан идээний таваг 40 сая төгрөг гэсэн. Бас 50, 100, 200, 300 граммын хэмжээтэй алтан аягыг үзэсгэлэн худалдаанд ирсэн хүмүүс худалдаж авах дуртай байгаа ажээ. Иймэрхүү аяга алтны орц, хийцээсээ хамаараад 5-30 сая төгрөгийн үнэтэй. Мөн “Master jewelry” дарханы газар бүтээсэн мөнгөн эмээл байв. Энэхүү эмээлийг хийхдээ олон жилийн турш үргэлжилсэн судалгааны үндсэн дээр бүтээжээ. Манжийн эзэмшилд орсноос болж монгол эмээлийн хийц өөрчлөгдсөн байсныг 2007 оноос эхлэн өөрчилж, жинхэнэ монгол хийцийн эмээл хийж эхэлсэн байна. Гөлөм, дэвс зэргийг зүү ороодог хатгамлаар хийсэн, Хүннүгийн үеийн хээ дүрслэлээр чимэглэсэн уг эмээлийг 1.6 жилийн турш найман хүний хамтын хөдөлмөрөөр бүтээжээ. Зарж байгаа үнэ нь 200 сая төгрөг гэсэн. Иймэрхүү эмээлийг морь уядаг, моринд хайртай хүмүүсээс гадна үнэт эдлэл сонирхдог, цуглуулдаг, бизнес эрхэлдэг гээд янз бүрийн хүмүүс сонирхдог гэсэн. Зохион байгуулагчид нь “Үзэсгэлэнгийн гол онцлог нь нэгдүгээрт маш өндөр чанартай, нарийн хийц бүхий эдлэл зарж байгаа. Хоёрдугаарт, зах зээлийн бодит үнэлгээтэй. Хүмүүст үнэ хүрэхээргүй зүйлийг их мөнгөөр авчих вий гэсэн болгоомжлол байдаг. Тэгвэл эндээс худалдаж авсан зүйл хаана ч очиход худалдаж авсан үнээ барина. Жишээлбэл, таван сая төгрөгийн хөөрөг авлаа гэхэд тодорхой жилийн хугацаанд үнээ барьж чадна. Жилээс жилд үнэ өснө үү гэхээс хямдрахгүй” гэв. Үнэт эдлэл худалдаж авахдаа зөв сонгож чадвал хэдэн жилийн дараа “чулуу” болдог тухай ч ярив. Үзэсгэлэнгийн үеэр дан ганц худалдаа явагдахаас гадна өөрсдөдөө байгаа хөөргийг авч ирж үзүүлээд мэргэжлийн хүмүүсээр нас, чулуу, хийцийг нь тодорхойлуулж болно гэсэн.
“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдааг сонирхохоор ирсэн хүмүүс зөвхөн худалдан авалт хийхээс гадна хөөрөг болон үнэт эдлэлтэй холбоотой домог, түүх ярилцаж, сонин хачнаа бие биетэйгээ хуваалцаж байв. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын нэг “Азийн урлаг” галерейн захирал А.Алтангэрэлээр Монголд байгаа хамгийн нандин хөөрөгний тухай яриуллаа. Тэрээр хөөрөг болон үнэт эзлэлийн зах зээлтэй холбогдоод 25 жил болж байгаа гэсэн. Тиймээс хэний ямар хөөрөг хэнд, хэзээ, яаж очсоныг өөрийн намтар шигээ мэдэх юм билээ.
Хөөргийг үнэлэхдээ чулуу, чулууны чанар, хийц гэсэн гурван үндсэн шалгуурыг голлодог ажээ. Орчин үед янз бүрийн чулуугаар хөөрөг хийж байгаа ч гэлээ шүр, хаш, мана бол хөөрөгний үндсэн гурван чулуу юм байна. Монголд байгаа хөөрөгнөөс хамгийн ховор, нандин нь “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнийн шүрэн хөөрөг гэсэн. Манайд маш нарийн хийцтэй 20 гаруй шүрэн хөөрөг байдгаас хамгийн оргил бүтээл нь Д.Бат-Эрдэнийнх гэнэ. Уг хөөргийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Төв аймгийн Дэлгэрхаан суманд ирж нутагшсан Бор гэж хүн барьдаг байжээ. Их гоё сийлбэртэй, хамгийн том хэмжээтэй их гарын шүрэн хөөрөг гэнэ. Арваад см-ийн өндөртэй. Өмнө нь Нэргүй, Оюун гэж хүний гар дамжаад одоо Д.Бат-Эрдэнэд байгаа юм байна. Манжийн үеийн хааны үйлдвэрт хийсэн, луу толгойтой, үхэр биетэй, бар хөлтэй, олон амьтны дүрслэлийг оруулсан “Аварга” гэж амьтны сийлбэртэй. Толгойн дээрээ номын зурагтай. Ур хийц, чулуугаараа дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уг хөөргийг Д.Бат-Эрдэнэ 1996 онд арван сая төгрөгөөр худалдаж авч байжээ. Харин одоо дэлхийн хэмжээний цуглуулагчид ямар ч үнэ хэлж магадгүй. Зарах дээрээ тулбал нэг тэрбум төгрөг гэж дуугарах наад захын асуудал болжээ.
Бас Завхан аймгийн Алдархаан сумын баян Мангал гэж хүний хөөрөг байдаг. Нэгдэл байгуулагдахад олон мянган мал улсад бэлэглэж байсан хүн. Баян Мангал гэдгээрээ алдартай. 1997 онд түүний хэрэглэж байсан хөөргийг нэгэн бизнесмэн мөн л арваад сая төгрөгөөр худалдаж авчээ. Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Хөдөлмөрийн баатар Зэвэг гэж хүнд шүрэн хөөрөг байсан. Цагаан хэрмийн хажуугаар хатан хүн морь уначихсан, хөгжим тоглоод явж байгаа сийлбэртэй. Их гарын хэмжээтэй шүрэн хөөрөг өдгөө “Макс”-ын Д.Ганбаатарт байгаа ажээ. Үнэлбэл дор хаяж 800 сая төгрөг хүрэх юм байна.
“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдаа ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.
С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ