Categories
мэдээ улс-төр

Ирээдүйн тэтгэвэр авагчид одоогийн настануудаас бага тэтгэвэр авах дүн гарчээ

УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулсан юм.

Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох талаар үе үеийн Засгийн газраас анхаарч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, Улсын Их Хурлаас 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг баталж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцон төлсөн шимтгэлийг нэмж, цалингийн өсөлтийн хэмжээгээр хүү бодоr нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлоход чиглэсэн. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ нэг сая гаруй иргэн нэрийн дансаа нээлгүүлж, уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8,8 их наяд төгрөг болсон байна.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8.2-т заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 30 дугаар тогтоолоор 22,5 жилээр тогтоосон. 2015 онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн нэг сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байгаа аж.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулгадаа нэгэн баримтыг жишээ татаж хэллээ. Түүний хэлснээр тооцоо, судалгаанаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш эмэгтэй 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 103 мянган төгрөг болж, нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30 гаруй хувиар бага байх нөхцөл үүсээд байгаа юм байна.

Энэ нь адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэж байгаа учраасМонгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах шаардлагыг иш үндэс болгон энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй агаад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгажээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Эрдэнэчимэг, Су.Батболд, Ө.Энхтүвшин, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар асуулт асууж тодруулав. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа, өнгөрсөн оны тооцоогоор тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 8.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Одоогоор тэтгэврийн нэрийн данс зөвхөн бичилтийн аргаар явж байгаа, бодит мөнгөн хуримтлал хараахан бүрдээгүй. Иймээс Засгийн газраас ажлын хэсэг гарч, нэрийн дансны сангийн хуримтлалын суурийг бий болгохын тулд анхаарч, Засгийн газрын дотоод бонд, ипотекийн зээлийн эх үүсвэр, хувийн тэтгэврийн даатгалын сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр зэргийг ашиглах асуудал яригдаж байгаа. Хуулийн гол зорилго нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг биш тусдаа бие даасан сантай байх ёстой гэсэн зарчим барьж, Нийгмийн даатгалын санг хөрөнгө оруулалтын найдвартай эх үүсвэр бүхий урт хугацааны сан болгох зорилттой байгаа гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Р.Гончигдорж, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Ө.Энхтүвшин нар хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хороодод шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *