Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүйн настнууд кибер гэр бүл, хөрштэй байна

Сингапураас ирсэн Фелма Кей гуай “Улаанбаатарт хэсэгхэн явж үзээд миний анзаарсан зүйл гэрлэн дохио их хурдан асч, унтарч бай­на. Настай хүн бол амжиж гарч чадахааргүй юм. Гадаа зам тэргэнцэртэй хүнд зориулсан налуу биш учраас бэрхшээлтэй, харин амарч суух сандал хангалттай байх шиг санагдсан хэмээн дүгнэлээ. Тэрбээр Ази Номхон далайн идэвхтэй насжилтын консерциумын удирдах зөвлөлийн гишүүн юм. Эрүүл мэндийн яамны “Б” танхимд болсон насжилт, настай хүмүүст тохиолддог эмгэгийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр энэ тухай яригдлаа. XXI зууныг зарим нь “Насжилтын зуун” хэмээн нэрлэжээ. Учир нь 2050 онд дэлхийн түүхэнд анх удаа настайчууд хүүхдүүдээс олон болох гэнэ. Өнөөг хүртэл харьцангуй залуу үндэстэн гэгдэж ирсэн монголчуудын хувьд санаанд оромгүй нарийн ширийн зүйлс энд сонсогдов. Настай хүмүүс явганаас унаж бэртэхээргүй орчин бүрдүүлэх нь чухал гэнэ. Ядаж л шал гөлгөр биш, хана дагуу бариул байрлуулах гэх мэт арга бий. Монголчуудад ч энэ хамааралтай сэдэв. Учир нь Эрүүл мэнд, спортын яамны газрын дарга Р.Оюунхандын илтгэлд явганаас унаж бэртэх нь манай настнуудын хөгжлийн бэрхшээлтэй болох гол шалтгааны нэг хэмээн дурдагдсан. Үүнээс гадна ой санамж буурах, шээс задгайрах, сэтгэл гутрал, халдварт болон халдварт бус өвчнүүд нь настануудын бие даах чадвар алдагдахад нөлөөлдөг байна. Ахмад настны унаж бэртэх эрсдэлийг монголчууд ч судалсан байдаг. Настай хүмүүс явганаас унаж бэртэхэд замын халтиргаа гулгаа 60 хувь нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн нас ахих тусам тэнцвэр алдалт, сэтгэл гутрал, алхах, сонсох, харах чадвар доройтдог нь ч нөлөөлжээ.

Фелма гуай “Унаж бэртэхээс сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд дэвсгэр гулгамтгай, шал халтирамтгай байж болохгүй. Гэрэлтүүлэг хангалттай байх ёстой. Гэрээс гараад унаж бүдрэхээр юм байлгахгүй байхад анхаарах учиртай. Настай хүний тэнцвэрийг сайжруулах дасгал хийлгэж болно. Нойрсуулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг бол алхаа гишгээ өөрчлөгдөж болно” хэмээн зөвлөсөн.

Геронтологийн үндэсний төвийн Б.Аюуш, Т.Энхзул нар Улаанбаатар хотын зарим байгууллагад настанд ээлтэй орчин бүрдүүлсэн эсэх талаар судалжээ. Судалгаанд хамруулсан 50 байгууллагын 88 хувь нь муу үнэлгээ авсан байна. Байгууллагын хаяг, дотор талын шат, шал дэвсгэр, дотоод гэрэлтүүлэг зэрэг нь сайн дүн авах шалгуур байв. Муу оноо авахад хүргэсэн үзүүлэлтүүд нь сүүдрэвч, мэдээллийн самбарын настанд зориулсан хэсэг, тэргэнцрийн зам зэрэг байжээ. Настанд ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ авах боломж олгосон барилга байгууламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэнэ. Монгол настнуудын хувьд эрүүл мэнд хангалтгүй байгааг судалгааны дүгнэлт харуулав. 2008-2011 онд хийсэн судалгаагаар манай нийт настны 84 хувь нь ямар нэг эмгэгтэй, дунджаар гурваас дөрвөн өвчинтэй байжээ. 55-аас дээш настай настнуудын дунд ихээр тохиолддог арьсны өвчнүүд гэхэд л дотор эрхтэн системтэй холбоотой байгаа нь судалгаагаар тогтоогдсон учраас хавсарсан эмчилгээ шаардлагатай талаар Геронтологийн үндэсний төвийн эмч, судлаач нар сануулж байлаа.

ЭМСЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандаас ахмад настны асаргаа сувилгааны талаар тодруулав. Тэрбээр “Геронтологи, гериатрийн салбарын өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч бөгөөд өдгөө арван жилийн ойгоо тэмдэглэж буй Геронтологийн үндэсний төвийн анхны дарга юм.

-Ахмад настан, хэвтрийн өвчтөнд Геронтологийн төвийнхөн багаар үйлчилдэг юм байна. Энэ үйлчилгээг хүртээмжтэй байлгахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Гэрийн тусламж үйлчилгээ гэдэг олон тусламж үйлчилгээг багтаадаг том ойлголт. Энэ дотроос бид нэг тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тэр нь олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээ. Бид эмч сувилагч, нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч мэргэжлийн хүмүүс нийлж байгаад баг болсон юм. Анх 2007 онд энэ үйлчилгээг бий болгоод, багаараа 2013 оныг хүртэл 24-хөн хүн ажиллаж байсан. Хүнээ үзнэ. Дээрээс нь энэ багт ажиллана. Мэдээж бид улс орны хэмжээнд явж ажиллаж чадахгүй. Хотын зургаан дүүрэгт л ажиллаж байна. Жилдээ хамгийн ихдээ 700-800 гаруй хүнийг гэрт нь очиж үзэж зөвлөгөө өгч амжсан. Хамгийн цөөндөө 380 орчим хүнд тусламж үзүүлдэг. Уг нь энэ тусламжийг Өрхийн эрүүл мэндийн төв үзүүлэх учиртай. Харамсалтай нь манай явж ирсэн тогтолцоогоор өрхийн эмч, сувилагч нарын настны эрүүл мэндийн мэдлэг хангалттай биш. Уг нь Геронтологийн үндэсний төв гуравдугаар шатлалын эмнэлэг учраас гэрийн тусламж, үйлчилгээ хамаагүй. Гэвч шинэ салбар хөгжиж байна. Тэнд байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүмүүст ойлгуулж, мэдүүлж зааж өгөх, настнуудад тусламж үзүүлэхийг зорьсон. Бид бүх хүнд хүрч амжихгүй байгаа. Учир нь хүний нөөц хүрэхгүй. Гэхдээ өнөөдөр дүүргүүд гериатар (настны эмгэг судлаач)-ын эмчтэй болчихлоо. Одоо олон мэргэжлийн багийн тусламжийг улсын хэмжээний болгохоор “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-т суулгасан. Гэтэл хүний нөөц нь бүрдээгүй байхад журам гаргаж болохгүй байна. Учир нь мэргэшсэн хүн ажиллах учиртай. Чадвартай боловсон хүчин бүрдүүлж байж улсын хэмжээний үйлчилгээ болговол настай хүнээ үзүүлэх гэж хоёр, гурвуулаа бүтэн өдрийн ажлаа алдаж явах шаардлагагүй болно. Олон мэргэжлийн багийнхан өрхийн эмчид нь, гэрт байгаа асран хамгаалагчид, настанд зөвлөгөө өгдөг онцлогтой.

-Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд өрхийн эмч нар энэ үйлчилгээг үзүүлэх ёстой юм байна?

-Одоо үзүүлэх боломж нь нээгдэж байна. Учир нь гэрээр үйлчилдэг тусламж үйлчилгээ өмнө нь санхүүжилтгүй байсан. Бид энэ асуудлыг тавьсаар байгаад Даатгалын хуульд оруулсан. Даатгалын хууль ирэх нэгдүгээр сараас эхлээд хэрэгжих учраас гэрийн тусламж үйлчилгээ санхүүжилттэй болно. Гэрийн тусламж үйлчилгээ гэрт байгаа нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, настнуудад хүрэх юм. Гэрийн тусламж санхүүжилттэй болохоор хүртээмж, чанар нь сайжирна. Бидний зүгээс үйлчилгээний чанарыг сайжруулах, сургахад дэмжлэг үзүүлэх юм.

-Настныг асарч сувилах чиглэлээр сурах сонирхолтой хүн төдийлөн олон биш. Монголчуудын хувьд энэ сонирхлыг яаж урамшуулах вэ?

-Настны эмч, сувилагчийг төрийн сангийн дэмжлэгээр анхан болон хоёрдугаар шатны эмнэлгүүдээс бэлтгэх юм. Настны эрүүл мэндийн чиглэлээр ажиллахыг хүсч байгаа хүн хүсэл, зүрх сэтгэлтэй байх ёстой. Хүмүүс халуун зүрх сэтгэлтэй байж энэ тусламжийг үзүүлж чаддаг гэж гаднаас ирсэн зочид онцолсон. Тусгайлсан урамшуулал байхгүй ч сургалтыг нь төрөөс дааж, ажлын байр бий болгож чадна.

-Настнуудын асрамжийн газар гэхээр Батсүмбэр гээд шорон шиг газар хүмүүст төсөөлөгддөг. Настнуудыг асарч сувилах газар хэрэгцээтэй байна. Өвчин эмгэгтэй, насны доройтолд орсон олон ахмад харж асрах хүнгүй гэртээ өдөр хоног өнгөрөөж байна?

-Асрамжийн газар гэдэг өөр ойлголт, огт харж хандах хүн байхгүй, ганц бие хүмүүс, бага залуу насандаа алдаа эндэгдэл гаргаад орон шоронд явсан хүмүүсийг асарч халамжилдаг байгууллага. Таны асуугаад байгаа асаргаа сувилгааны газрууд бас өөр. Гучаад төрлийн ийм байгууллага бусад улс оронд байдаг. Манайд үүний эхний хэлбэр болох өдрийн эмчилгээ гэж байна. Сэргээн засах төвүүд бий болж байна. Энэ үйл ажиллагааг бодлогоор дэмжихээр бид Эмнэлгийн тусламжийн тухай хууль хийж байна. Энэ хууль маань Засгийн газарт өргөн баригдаад дэмжсэн. Одоо УИХ-д орох гэж байна. Энэ хууль батлагдахаар Удаан хугацааны сувилахуйн тусламж үйлчилгээг Монгол Улсад анх хийх гэж байна. Ингэж чадвал асаргаа сувилгааны төвүүд, сувиллын газрууд, өдрийн эмчилгээний төвүүд, сэргээн засах тусламж үйлчилгээ хүнд хүрэх боломжтой болно. Өнөөдрийн хууль эрх зүйн орчинд бид рашаан сувиллын үйлчилгээг л үзүүлж чадна гэв.

БНСУ-аас ирсэн Хан Донг Хи доктор “Дижитал насжилт”-ын талаар ярив. Тэрбээр “Настны амьдралын чанарыг сайжруулах шинжлэх ухааны институт”-ыг төлөөлдөг юм. Настны стратегийн талаар солонгосчууд Японоос суралцсан гэнэ. Солонгосын хувьд настнуудын нийгэмд эзлэх жин 2000 онд долоон хувь байсан бөгөөд энэ нь аль хэдийнэ настай нийгэмд тооцогдох үзүүлэлт аж. Монгол Улсын хувьд ч 2030 он гэхэд нийт хүн амын дотор настны эзлэх хувь 12-т хүрэх хандлагатай. Тийм ч учраас насжилтын тухай сэдэв биднээс хол асуудал биш. “Настны бие даасан байдлаа хадгалах, үр бүтээлтэй, идэвхтэй насжилтыг дэмжсэн хөтөлбөр чухал” гэж Хан Донг Хи доктор зөвлөв. Тэд настай хүмүүст ухаалаг утас, компьютер ашиглахыг заадаг. Энэ нь настай хүмүүст мэдээлэл авах, нийгэмд өөрийн дуу хоолой, оролцоотой байх, бусадтай харилцахад тусалдаг. Орчин үеийн настнууд кибер хөрш, кибер гэр бүлтэй байх болжээ. Магадгүй ирээдүйн настнуудын дунд компьютерт донтох өвчин ч газар авах юм билүү.

Монголын настнууд чөлөөт цагаараа юу хийхийг хүсдэг талаар судалгааны дүнг хурал даргалагч сонирхуулсан. 2011 онд судалгаанд оролцсон настнуудын 33 хувь нь найз нөхөдтэй болмоор байна гэсэн бол 28 хувь нь сонирхлын бүлэг, клубт хамрагдахыг хүсчээ. Гэхдээ ахмадууд шатар, билльярд тоглоход чөлөөт цагаа зарцуулахаас илүүтэй нийтийн бүжиг гэх мэт амьд харилцааг илүүд үздэг. Үндэсний статистикийн газраас 2014 онд гаргасан мэдээгээр дундаж наслалт эрэгтэй 65 бол эмэгтэй 75 байна. Наслалтын зөрүү өндөр байгаа нь настны амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшүүр, орлогын хомсдолд хүргэдэг. Сонирхлын клубууд, Ахмадын хөгжлийн төвүүдийг дэмжсэнээр өтлөх насны ганцаардал, гутралаас сэргийлэх боломжтой гэнэ.

Сингапурын жишээг татаж байсан Фелма доктор тэтгэвэрт гарах насыг уртасгах тухай ярьсан нь ихэнх монголчуудын хувьд хүнд хүлээж авдаг сэдэв. Хэдийгээр олон оронд 60-аас дээш настнуудыг тэтгэвэрт гаргадаг ч сүүлийн үед хөдөлмөрийн чадавхитай настнуудын хувьд үргэлжлүүлэн ажиллах хүсэл сонирхол ихсэх болсон. Үүнтэй холбоотойгоор тухайн хүн хүсвэл ажил олгогч үргэлжлүүлэн ажиллах боломж олгох талаар хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийн насыг хойшлуулах талаар яриа хөөрөө өрнөх болжээ.

Гадаадын туршлагаас гадна монголчуудын урт наслах уламжлалт арга ухаанаас ч авах зүйл их юм. Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, академич Ш.Болдын судалгааг иш татъя. Юань улсын үеийн идээ ундаа шим тэжээлийн мэргэжилтэн Хүсэхүй “Индээ ундааны жинхэнэ товч” зохиолыг 1330 онд хэвлүүлжээ. Уг зохиолд “Эрт язгуурын хүмүүсийн ёсыг мэдэгч нь арга билгийн ёсыг дүрэмлэн, амьдралдаа нийцүүлж, идээ ундааны тоо хэмжээг баримталж, явдал мөрийн хэв ёсыг сахиад, дэмий балайг хэтэрхий үйлдэхгүй учраас урт насалдаг байв. Эдүгээ цагийн хүмүүс явдал мөрдөө хэв ёсыг үл хайхран, идээ ундааны харшил цээрийг мэдэхгүйн гайгаар тоо хэмжээг баримтлахгүй, тачаангуй хүсэлд автан, амттанд шимтэн, хэт шүтэж, дундаж хэвийг батлан сахихгүй мөртлөө ханашгүй эдлэхийн тулд байдаг учраас дөнгөж 50 нас хүрмэгц тамир тэнхээ доройтогсод олширсон болой. Жаргал цэнгэлийн ёс болбоос биеийг сайтар арчлахад буй. Биеийг сайтар арчлах ёс гэдэг нь дундаж хэвийг сахихуй дор баймой. Дундаж хэвийг сайтар сахиж чадваас арвидаж, барагдах зэрэг өвчин эмгэгт үл нэрвэгдмой” хэмээснийг санахад илүүдэх юун.

Б.Янжмаа

Гэрэл зургийг

Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *