Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүйг өөрчлөх 10 технологи

2020 он гэхэд хүний ажиллагаа зайлшгүй оролцдог долоон сая ажлын байр үгүй болж, хүний хөдөлмөрийг техник орлодог болно хэмээн технологийн салбарынхан таамаглаж байна. Энэхүү таамгийг батлах мэт хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх цоо шинэ технологийн шийдлүүдийг турших ажил дэлхий дээр өдөр бүр явагдаж байна. Ирээдүйг өөрчлөх шилдэг технологиудыг хүргэе.


1.“Тэсла” болон “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск цагт 1223 километр зам туулах чадвартай галт тэрэг зохион бүтээх мөрөөдлөө биелүүлэхээр шийджээ. Түүний санаачилсан Хайперлүүп систем нь тусгай вакум хоолойны тусламжтайгаар ажиллах юм. Шахсан агаар болон индукцийн моторын тусламжтайгаар галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх аж. Тэрээр энэ долоо хоногт Хайперлүүп системийнхээ автомашинд зориулсан хувилбарыг туршсан билээ. Тэгвэл галт тэргэнд зориулсан хувилбараа хоёр жилийн дараа туршихаар төлөвлөөд байна. Хэрвээ энэ технологи амьдралд нэвтэрвэл Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу явахад ердөө 75 минут зарцуулах аж.

2.Ирээдүйд хүн төрөлхтнийг сансарт аялуулах хамгийн хурдан тээврийн хэрэгсэл агаарын бөмбөлөг болно. “World View” компани газрын гадаргаас дээш 32 километрт, стратосфер давхарга хүртэл халуун агаарын бөмбөлөг ашиглан хүн төрөлхтнийг аялуулах шинэ төслийг санаачилсан байна. Сансрын хөлөг нь далайн түвшнээс дээш 100 километрийн өндөрт хөөрдөг байна. Тус компани дэлхийн ерөнхий байдлыг харахад 32 километрийн өндрийг хангалттай гэж үзжээ. Тэд 2016 оны зургадугаар сард анхны туршилтаа амжилттай хийсэн бөгөөд мөн ондоо тасалбараа борлуулж эхэлсэн байна. Нэг хүний тасалбар 75 мянган фунт буюу 250 орчим сая төгрөгөөр борлуулагдаж байна. Гэхдээ зорчигчдыг хэзээнээс тээвэрлэж эхлэх нь одоогоор тодорхой бус байгаа юм.

3.АНУ-ын Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын газар нэгэн шинэ төхөөрөмж хөгжүүлж байна. Энэхүү төхөөрөмж нь жолоочийн амьсгалаар архи уусан эсэхийг нь тогтоодог бөгөөд хэрвээ жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд автомашин нь унтарч, жолоодох боломжгүй болох аж. Уг төхөөрөмжийг жолооч нарын хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг дэмжих үүднээс тэдэнд даатгалын хөнгөлөлттэй үнэ санал болгох юм байна.

4.“Тэсла” компанийн үүсгэн байгуулагч Элон Маскийн дараагийн төлөвлөгөө нь дэлхийн бүх иргэдийг утасгүй интернэтээр хангах юм. Нэн тэргүүнд тэрээр дэлхийн доод орбитод 4000 ширхэг хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авах хэрэгтэй байгаа аж. Тус төслийг 2020 онд хэрэгжүүлж дуусгана хэмээн тооцоолж байна. Мөн Английн тэрбумтан Ричард Бренсон түүнтэй ижил зорилготой байгаа бөгөөд тэдний дунд энэ төслийг түрүүлж хэрэгжүүлэх өрсөлдөөн явагдаж байгаа гэнэ.

5.2050 он гэхэд дэлхийн хүн ам хоёр тэрбумд хүрнэ гэж НҮБ таамаглаж байна. Энэ үед хүн төрөлхтний хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Архитектур Жавир Понс энэ асуудлыг шийдэхийн тулд 24 метрын өндөр, гурван давхар, оройн хэсэгтээ нарны эрчим хүч хураагчтай байгууламжийн санааг гаргасан байна. Энэхүү байгууламжийн доод давхарт загас үржүүлж, хоёр дахь давхарт нь төрөл бүрийн ногоо тарих боломжтой аж. Ингэхдээ ямар ч хөрс ашиглахгүй бөгөөд загас үржүүлж буй усаа ашиглан ногоогоо ургуулах юм байна. Энэхүү байгууламжаа “Хөвж буй ферм” гэж нэрлэсэн бөгөөд нэг тус бүр нь 70 мянган метр квадрат талбайтай байх юм. Нэг “Хөвж буй ферм”-ээс жилд 1.7 тонн загас, 8.1 тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэнэ.

6.Италийн мэдрэлийн мэс засалч Сержио Канаверо хамгийн анхны толгой шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар амьтан дээр хийсэн амжилттай туршилт байхгүй бөгөөд эрдэмтэд түүний санааг хэтэрхий хийсвэр гэж дүгнээд байгаа юм. Нугасны эсийг тархитай холбох боломжгүй учир энэ төрлийн мэс ажил хийгддэггүй байна. Тэгвэл Канаверо мэс засалч энэ асуудлын шийдлийг олжээ. Полиэтилены глицол гэх бодис нь гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл ашиглагддаг байна. Энэхүү бодис нугасны мэдрэлийн эсийн ургалтанд нөлөөлдөг болохыг тэрээр олж нээжээ. Түүний энэхүү нээлт толгой шилжүүлэн суулгах мөрөөдлөө биелүүлэхэд нь тусална гэж тэрээр найдаж байгаа боловч энэ салбарынхан ойрын арван жилийн хугацаанд энэ мэс ажилбар хийгдэх боломжгүй гэж үзсэн хэвээр байна.

7.Дэлхийн хүн амын 30 хувь нь ямар нэгэн байдлаар нойрны асуудалтай байдаг гэнэ. Вашингтоны Их сургуулийн судалгааны баг тархины хамгийн жижиг хэсгийг эзэлдэг, нойрыг зохицуулдаг мэдрэлийн эсүүдийг олж нээжээ. Харин одоо лабораторийн аргаар энэхүү эсийг үржүүлж, тэдний унтах болон сэрэх үед явагддаг үйл ажиллагааг нь судлаж байна. Энэхүү судалгааны ажил нь нойрны эмгэгийг судлах, түүнд зориулсан төхөөрөмж зохион бүтээхэд туслах аж.

8.Хийлгэсэн шивээсэндээ харамсаж явдаг хүн цөөнгүй бий. Тун удахгүй шивээс арилгах хамгийн хурдан бөгөөд хямд аргыг танилцуулах гэж байна. Америкийн докторантур, оюутан Алек Фалкенхам хүний биеийн дархлааны системийн тухай судалгаа хийж байхдаа энэ бүтээлийнхээ санааг олсон байна. Түүний зохион бүтээсэн тос цусны “Макропейж” буюу их идэгч хэмээх бодисыг цагаан эсэд хүргэдэг байна. Цусны цагаан эсэд энэ бодис нэвчсэнээр шивээсний бэхийг бүдгэрүүлж, аажмаар арилгадаг байна. Энэхүү тос гурван фунт буюу ойролцоогоор 10 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарна. Одоо хэрэглэгддэг лазераар арилгах аргатай харьцуулахад түүний шинэ бүтээл хямд, өвдөлтгүй гэдгээрээ онцлогтой юм.

9.Утасгүй цэнэглэгч хэрэглээнд нэвтрээд ердөө жил гаруйн хугацааг ардаа үдэж байна. Хэдий утсаар холбох шаардлагагүй болсон ч гэлээ заавал тусгай хавтан дээр гар утсаа байрлуулах хэрэгтэй гэдэг нь энэ технологийн нэг сул тал юм. Энэ дутагдлыг шийдэхээр “Пи” цэнэглэгчийг зохион бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. Та гар утсаа тус цэнэглэх төхөөрөмжинд 30 сантиметрийн зайд ойртуулахад л хангалттай. Энэ нь гар утсаа цэнэглэж байх үедээ давхар ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна олон хүн нэг дор зэрэг ашиглаж болох юм байна

10.Лондонгийн кофены аж ахуй эрхлэгчид нэгэн шинэ санаа сэджээ. Жил бүр 200 мянган тонн кофены шаар хаягддаг бөгөөд энэхүү хаягдлыг ашиглан био түлш гарган авах санааг энтрепренер Артур Кей амьдралд хэрэгжүүлэхээр шийдээд байна. Хүн төрөлхтний кофений хэрэгцээ жил бүр нэмэгдэж байгаа учир түүнээс ялгарах хог хаягдал ч мөн даган өсөх болно. Кофений хог хаягдлын 85 хувийг био түлш болгон хувиргаж, барилга, байшинг халаахад болон тээврийн хэрэгслийн түлш болгон ашиглах юм байна.

Бэлтгэсэн Э.МАРАЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *