Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүйд хүмүүсийн биеийн бүтэц ингэж өөрчлөгдөнө

Холимог үндэстэн

Дэлхийн янз бүрийн орноос гарал үүсэлтэй хүмүүс холилдон нэгдэж гэр бүл болох, шинэ удам угсаа төрүүлэх үзэгдэл улам бүр газар авсаар байна. Энэ бүхний үр дүнд хүмүүсийн хоорондох генетикийн ялгаа арилж, ижил арьс өнгөтэй болох магадлалтай.
________________________________________
Дархлааны системийн сулрал

Хүмүүс эм бэлдмэлээс хамааралтай болохын хирээр дархлааны тогтолцоо суларч ирдэг. Орчин үеийн өндөр хөгжилтэй эмчилгээний технолог, эм бэлдмэлүүд нь бидний эрүүл мэндийг сайжруулж, наслалтыг уртасгаж байгаа болохоор дархлааны систем маань “ажилгүйдэж” сулрах бололтой.
________________________________________
Булчингийн хатангиршил

Аливаа хувьсал илүүдэл зүйлээс ангижирдаг. Хүмүүс хүнд хүчир ажил хийхээ больж, энэ утгаараа биеийн хүч ирээдүйд онц шаардлагагүй болно. Бид одоо ч элэнц хуланцаасаа хавьгүй сул дорой байгааг нэг бус удаагийн судалгаагаар нотолчихоод байгаа болохоор ирээдүйд бүр “туяхан” болох нь лавтай. Сонирхолтой нь, сансарт удаан хугацаагаар ажилласан нисгэгчид буцаж ирэхдээ биеийн хүчний хөдөлмөр хийх чадвараа 40% алдсан байдаг гэнэ.
________________________________________
Өндөр нуруу

Сүүлийн хоёр зуун жилд хүний өндрийн хэмжээ нэмэгдсээр байгаа билээ. Энэ нь элбэг дэлбэг хоол унднаас хамааралтай гэж үздэг. Хүүхэд сайн хооллох тусам өсөлтийн энерги ихтэй байдаг. Иймээс хоол сайтай л бол хүн өсөөд байх нь. Харин өсөлтөнд хязгаар бий үгүйг цаашдын хувьсал харуулж дээ!
________________________________________
Үсгүйдэл

Ер нь хүмүүсийг “ Үсгүй сармагчингууд” гэдэг шүү дээ. Бүх сүүгээр бойжигчдын нэгэн адилаар бидэнд үс байдаг ч, тэр нь хүн дүрст өвөгтэйгөө харьцуулахын аргагүй бага. Орчин үеийн хувцас хунар болон бусад тоноглол нь үсний дулаацуулах үндсэн үүргийг үгүй болгосон. Тэгээд ч эмэгтэйчүүд гэхэд л зарим газраа үсгүй байвал сайхан харагддаг шүү дээ. Ирээдүйд үс бүр алга болж магадгүй л юм.
________________________________________
Агт араагүй байх

Орчин үеийн хүний эрүү их жижиг тул зарим тохиолдолд агт арааг авдаг. Энэ бол хатууллаг идэш тэжээл хэрэглэж байсан үеийн илүүдэл эрхтэн юм. Орчин үед хүмүүсийн 35% нь агт араагүй, эсвэл 1-3 агт араатай (уг нь 4 байдаг) төрөх болжээ. Түүнээс гадна бидний шүд жижгэрч байна. Сүүлийн 100 000 жилд хүний шүд хэмжээгээрээ бараг 2 дахин багассан гэдэг. Энэ үзэгдэл ирээдүйд ч үргэлжилж мэдэх юм.
________________________________________
Ой санамж муудах

Орчин үеийн технолог бидний ой ухаанд одоо ч нөлөөлж байна. Хүний тархи нь үр дүнтэй ажиллахыг чармайдаг машин учраас яг мэдээллийг биш, харин ямар мэдээлэл хаана байгааг илүү сайн тогтоодог. Интернетийн эрин үед энэ онцлог бүр ч газар авч байна. Та ямар нэг юм санахыг оролдон удаанаар боддог уу, эсвэл Интернетээс шууд хайгаад хариугаа авчихдаг уу? Мэдээж сүүлийнх нь. Энэ чинь л биднийг «гадаад санамж» буюу интернетэд найдан толгойгоо ажиллуулахгүй байхад сургаж байгаа юм шүү дээ.
________________________________________
Хөлийн хуруу цөөрнө

Бидний хөл нэгэн цагт гарын үүрэг гүйцэтгэж, барих, шүүрэх, авирах үйлдэл хийж байсныг та нар мэдэх байх. Одоо хөл тэр цагийнхтай зүйрлэшгүй жижиг болсон. Хөлийн эрхий хуруу явах үед тулж тэнцвэрээ олоход тусалдаг, харин чигчий хуруу онцын үүрэггүй. Ингэхлээр ирээдүйн хүн хөлдөө 4 хуруутай үлдэж болзошгүй.
________________________________________
Хэт том, эсвэл хэт жижиг толгой

Энэ бол мэргэдийн маргааны гол бай юм. Ирээдүйд хүн хэт том толгойтой болбол төрөх процесс хүндрэлтэй болно. Иймээс толгой нэг их томрохгүй, харин эсрэгээр багасна гэж зарим эрдэмтэд үздэг. Гэтэл кесар хагалгаа хийлгэж том толгойтой хүүхэд хэвийн төрүүлж болно. Ер нь ирээдүйд ийм хагалгаа нь төрөлтийн хамгийн аюулгүй хэлбэр байх юм. Тэгээд ч хэт жижиг толгойтой хүүхдүүд амьдрах чадвар муутай байдаг гэж нөгөө хэсэг нь зүтгэдэг аж.
________________________________________
Биеэ хөгжүүлэх өндөр чадвар

Өндөр хөгжсөн технологийн тусламжтайгаар хүний хөгжлийг удирдах цаг ирнэ. Жишээ нь, эцэг эх хүүхдээ төрөхөөс өмнө гадаад төрх, зан байдал, онцлог чадвар, авьяасыг нь сонгож болох юм. Ийм практик өргөн дэлгэрснээр зарим сөрөг чанарууд, удамшлын өвчин алга болно.
________________________________________
Ингээд эцэст нь, ирээдүйн хүн ямар шүү харагдахыг зураглацгаая!

•    Сайн хооллодгийн ачаар 180 -210 см өндөр нуруутай
•    Өөх тос, сахарыг бага шингээж, таргалалтаас сэргийлэх богино гэдэстэй
•    Эрчүүдийн үргүйдэл ихэссэнтэй холбоотойгоор жижиг төмсөгтэй
•    Харьцангуй урт гар хөлтэй, гарын хуруун дахь мэдрэлийн эсүүд олширсон байна
•    Сэтгэн бодох үйл ажиллагааг голдуу компьютер гүйцэтгэх учир жижиг тархитай

•    Жижиг ам, том нүдтэй. Нүдний хөдөлгөөн ба нүүрний хувирал нь мэдээлэл дамжуулахад оролцоно.
•    Хоол хүнсийг удаанаар зажлах шаардлагагүй тул шүд цөөтэй
•    Бага идэх ч, их энерги зарцуулах тул дөрөв дахин томорсон эрүүтэй
•    Цаг агаар бүх хүнд адил нөлөөлдөг болох тул бүгд ижил хамартай
•    Бага үстэй буюу  бүр халзан, цахилгаан төхөөрөмж ихээр хэрэглэдгээс үрчлээстэй
•    Нарны хүчтэй нөлөөллөөс болж хүзүүний арьс унжсан, нүдэн доогуур хүрээ татсан
Холимог цуснаас болж боровтор арьстай болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *