Categories
гадаад мэдээ

Ираны цохилт ба урд хөршийн бодлого DNN.mn

Дамаск дахь Ираны дипломат байрыг бөмбөгдсөний хариуд Ираны удирдагчид Израиль руу шууд дайрах шийдвэр гаргасан нь бүс нутгийн энэ хоёр өрсөлдөгчийн хоорондох “сүүдрийн дайн”-ыг ил дайн болгож орхив. Барууны холбоотнууд нь бүс нутгийн хэмжээнд дайн дэгдэхээс болгоомжилж, хурцадмал байдлыг намжаахыг Израильд уриалж эхлэв.

Вашингтон мөн дайнаас зайлсхийхийн тулд Бээжингээс тусламж авах хүсэлт гаргав. Энэ нь өнгөрсөн аравдугаар сард Израиль болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш АНУ Хятадаас Иранд нөлөөлөхийг хүсэж буй анхны тохиолдол биш юм. Урьд нь долоон хүн, тэр дундаа Ираны армийн хоёр ахлах удирдагчийн аминд хүрсэн Израилийн Дамаскад хийсэн цохилтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Хятадын тэргүүн дипломат Ван И болон Турк, Саудын Арабын удирдлагатай ярилцаж, “Хамгийн хурцадмал байдал улам хурцдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бүгдийнх нь ашиг сонирхолд нийцэж байгаа тул бид Ираныг хурцадмал байдал үүсгэхгүй байхыг ятгах ёстой” гэж мэдэгдэж байсан билээ.

Өнгөрсөн оны сүүлээр хуситын босогчид Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоц руу дайрснаас хойш АНУ-ын эрх баригчид Бээжинд шахалт үзүүлэн хуситуудыг сургаж, санхүүжүүлж, тоноглож байгаа Тегераны дэмжлэгийг зогсоох гэж удаа дараа оролдож байгаа билээ. Иймээс сүүлийн үеийн энэхүү хурцадмал байдал нь Хятад Ираныг хазаарлахад хэр их хөшүүрэг болох, Бээжин улс төрийн нөлөөгөө ашиглах уу гэсэн асуулт дахин бий болгож орхив.

Нидерландын Гронингенийн их сургуулийн профессор Уильям Фигероа “Цаасан дээрээс Хятад улс Иранд асар их нөлөөтэй байгаа нь харагддаг. Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд Ираны хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд Ираны нефтийн экспортын 90 хувийг худалдаж авч буй нь Тегераныг АНУ-ын хориг арга хэмжээнээс аврах том тусламж болсон. Мөн Хятадын компаниуд Иранд хамгаалалтын болон хяналтын тоног төхөөрөмж нийлүүлдэг. Гэвч бодит байдал дээр Хятад улс Иранд нөлөөлөхийн тулд эдгээр хөшүүргийг ашиглахад хэцүү. Энэхүү худалдааны харилцааг ингэж сүр дуулиантайгаар зэвсэг болгож ашиглавал Хятадын энэ бүс нутагт явуулж буй өргөн хүрээний стратегийг сүйрүүлнэ” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс Ойрхи Дорнод дахь эдийн засаг, улс төрийн оролцоогоо ихээхэн өргөжүүлсэн. Хятадын удирдагч Си Жиньпин “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ынхаа нэг хэсэг болгон “Ойрхи Дорнодод энх тайван, амгалан тайван байдлыг бий болгохын тулд Хятадын мэргэн ухааныг авчрах болно” гэж амласан билээ Иймээс Бээжин өнгөрсөн жил бүс нутгийн эртний хоёр өрсөлдөгч болох Саудын Араб, Ираныг түүхэн уулзалт хийж ойртуулж чадсан.

Гэсэн ч одоогийн мөргөлдөөнд Иранд саад хийх нь Хятадын хувьд илүү сорилт болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь Тегеран Бээжинд өгсөн Хуситчуудын халдлагыг бууруулах амлалтаа биелүүлээгүйгээс болж Хятад Иран дахь хөрөнгө оруулалтаа байнга багасгаж буй нь хоёр улсын харилцаанд хүндрэл үүсгээд байгаа билээ. Үүнийг профессор Уильям Фигероа “Тэд хэлэлцээрт оролцохдоо баяртай байгаа хэдий ч бодит байдал дээр тэд албадлагыг бус худалдаа, дипломат санаачилгыг голчлон сонирхох болно. Тэгээд ч АНУ-ын гуйлтыг хэрэгжүүлж буй явдал болох тул тэд буулт хийсэн ч ил харагдуулахгүй” гэж тайлбарласан байна.

Тэгвэл “Хятад улс Ираныг Израиль руу анх удаа том халдлага хийж Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлыг хурцдуулж, бүс нутагт илүү өргөн хүрээтэй мөргөлдөөн гарах төлөвийг нэмэгдүүлж байгаад “гүн түгшиж” байгаагаа илэрхийлж, Бээжин энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг бэхжүүлж, алсын хараатай бодлого явуулна” гэж мэдэгдэв.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *