Иракт болсон халдлагын улмаас 77 хүн амиа алдсан байна. Тэдний дийлэнх нь Иран, Афганистанаас ирсэн шиитүүд байжээ.
Иракийн нийслэл Багдад хотоос урд зүгт 100 км зайд орших Хилла хотын шатахуун түгээх станц болон зоогийн газрын ойролцоо тэсрэх бөмбөгтэй ачааны машин дэлбэлсэн байна.
Карбала хотод лалын шиитүүдийн тэмдэглэдэг “Арбаин” ёслолд оролцсон эдгээр мөргөлчид автобусаар гэртээ харих замдаа түр зогссон байна. Энэ үеэр халдлага болжээ. Халдлагын улмаас 77 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан байна гэж албаны хүмүүс мэдээлэв.
Энэхүү халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгджээ.