Mөнгөний нийлүүлэлт энэ оны тав дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 190.9 (0.7%) тэрбум төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн статистикийг танилцуулах үеэр онцлов.
Ийнхүү өсөхөд
- Төгрөгийн харилцах 155.9 (3.2%) тэрбум төгрөгөөр
- Валютын харилцах 1.2 (57.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны дөрөвдүгээр сарын эцэст 5.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.1 (1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 809.5 (16%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх сараас 81.9 (8.2%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 229.7 (17.5%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.
Ингэхдээ хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.6 хувийг эзэлж байна.