Categories
мэдээ цаг-үе

Интернэтэд зар тавьж, цэнгээний газартай тохироод мянга шахам хүүхдийг залилжээ

-+15, +16 ГЭХ ЭЛДЭВ ШОУ ЗОХИОН ХҮҮХДҮҮДИЙГ САДАР САМУУН, АРХИДАЛТАД УРИАЛДАГ БОЛЖЭЭ-

Өсвөр насны 700-гаад хүүхэд өнгөрсөн баасан гаригт бөөнөөрөө хотын гудамжаар оройжин тэнэжээ. Баар болгоны гадна очиж бөөнөөрөө “Саагилдъя” гэж орилолдон үймж шууги­жээ. Үүнийг харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгснөөр хүүхдүүдийг 22.00 цагийн үед тараасан гэнэ.

Хүүхдүүд үдэш оройн цагаар ингэж бөөнөөрөө хотоор тэнэсний учир нь 10 мянган төгрөгийн үнэтэй, “single party” гээч үдэшлэгийн тасалбар худалдан авч, шоу хийх баараа хайж байсан нь тэр. Facebook хуудаст “Winter sensations 2015” хаягаар дээрх шоуны зарыг тараажээ. Тэнд зар тавихдаа “Монголд анхдагч хүүхдэд зориулсан парти, аялал зөвлөгөө өгөх зорилготой DVBBS event нь өсвөр насны охид хөвгүүддээ зориулан “Single party after” хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна” гээд дөрвөн утасны дугаар тавьжээ. 10 мянган төгрөгийн тасалбарыг зар дээр тавьсан утасны дугаар руу ярьж V сургуулийн өмнөөс эсвэл Их дэлгүүрийн өмнөөс тасалбар авах ёстой гэж тодотгосон байв. Мөн гурван тасалбар авбал дөрөв дэх нь үнэгүй гэжээ.

Шоунд хип хопчин DJ Хаагий, жүжигчин Анхбаяр нар оролцохыг зарласан байв. Шоу арванхоёрдугаар сарын 19-нд 16-22 цагийн хооронд болно гэсэн атлаа, хаана гэдгийг зарлаагүй байв. Арван мянган төгрөгийн үнэтэй тасалбараа зарж дуусах үедээ “Парти маань МАСС клуб-т болохоор болсон. Тэнд доргицгооно оо” гэж тодотгожээ. Facebook дэх дээрх хаягаар хүүхдүүд парти дээр яах, ийхээ ярилцаж “үнсэлцэж болох уу”, “тэндээс хосоо аваад гарна шүү” гэх зэргээр бичсэн болзохион байгуулагчид гэх залуучууд нь “Дүрс бичлэг хийх үү”, “Яах нь та нарын дур”, “Сайхан доргицгооно оо”, “Саагана гэж хөлөө дэвсээд үсрэхийг хэлдэггүй. Яадгийг та нарт мэдрүүлнэ ээ” гэх мэтээр өдөөсөн байх юм. Сүүлдээ өнөөх тасалбар нь 18, 20 мянган төгрөгийн үнэтэй болчихжээ. Нийтдээ 700-гаад тасалбар энэ мэтээр зарсан мэдээ байна. Тасалбар авсан хүүхдүүд өнгөрсөн баасан гаригийн орой III хороолол дахь “Масс” бааранд очиж тасалбараа өгөөд орсон байна. Тэнд цуглаж байтал хамгаалагч нь “Насанд хүрээгүй хүүхэд энд байж болохгүй” гээд хөөж гаргасан байна. Хүүхдүүд тасалбар худалдсан хүмүүс рүүгээ ярихад “Орд” гэдэг бааранд оч хэмээгээд тэд мөн л дээрх байдлаар хөөгджээ. Тэндээс “Турво” гэдэг баар руу явж оройжин бөөнөөрөө хотоор тэнэсэн байна. Хөөгдөөд гарах бүртээ баарныхаа гадна “Саагилдъя” гэж орилолдон эмх замбараагүй байдал үүсгэжээ. Энэ талаар эх сурвалж “Хамгийн аймаар нь тэр хүүхдүүд бааранд орохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Архи уусан тэр олон хүүхэд эмх замбараагүй байдал, үймээн дэгдээж гэмт хэрэг хийсэн бол яах билээ. 12 настай хүүхэд хүртэл байсан. Бүгд хөөрчихсөн яаж ч мэдэхээр байсан. Хөөрсөн, согтуурхсан хүүхдүүдийг цагдаа ирж салгаагүй бол юу болох байсныг хэлэхэд хэцүү” гэсэн юм. Хүүхдүүдийг баарнаас баар руу орилолдоод явж байхад цагдаа нар ирж тараажээ.

ХҮҮХДҮҮД “МӨНГӨ ЯАХ ВЭ ДАХИАД ШОУДЪЯ”

Хүүхдүүд facebook-т ингэж бичсэн байна. Тэд мөнгө юу ч биш, харин парти нь бүтэлгүйтсэн нь харамсалтай гэж бичжээ. Бүр “Тэр мөнгө яах вэ. Дахиад партигаа зохион байгуулаач” гэж уриалсан байна. Бас шоу зохион байгуулсан, тасалбар зарсан хүмүүсийг элдвээр харааж, зодож цохих тухай хоорондоо ярьсан байв. Хүйтэнд гадаа зогссондоо хорсч байгаагаа илэрхийлээд ямар нэгэн аргаар хариу авах талаар ярилцсан байлаа. Хариуд нь уг шоуг зохион байгуулах санаачилгыг гаргасан Г.Ганзориг гэгч “Ерөнхийдөө бүх юм шийдэгдчихсэн шүү. Өдөр мөнгөө аваарай. Тэгээд тав дахь өдөр нэг шоунд бүгд үнэгүй ороорой. Гэхдээ үнэнийг хэлэхэд би сохор зоос ч аваагүй шүү” гэжээ. Хүүхдүүдийг 22.00 цаг хүртэл бааранд цэнгэхийг уриалж, ийм шоу зохион байгуулсан хүмүүс тасалбараа дунд сургуулийн хүүхдүүдээр заруулжээ. Тасалбар зарсан хүүхдүүд “Бид хууль бус зүйл хийж байгаагаа мэдээгүй. Тасалбар зараад тодорхой хувийг нь ав гэсэн” гэж мэдүүлсэн талаар эх сурвалж хэлсэн.

СИНГЛ ПАРТИ ГЭГЧ АНХ УДААГИЙНХ БИШ

Хүүхдүүдийн дунд парти гэх нэрийдлээр цуглуулж, архи дарс уухыг “заадаг”, садар самуунд уруу татаж мөнгө олсон энэ луйвар анхных биш. Өмнө нь Халовен, Валентины баяр гэх зэргээр нууцаар хийцгээдэг байж. Хамгийн сүүлд гэхэд “I LOFT” бааранд “Kiss me party”, “Single party” гээчийг энэ сарын 13-нд хийжээ. Энэ үдэшлэгийг мөн л “DVBBS EVENT MGL” төв гээч Б.Ганзориг зохион байгуулсан. Үдэшлэгээ сургалт гэж нэрлээд “Монголын Анхдагч хүүхдэд зориулсан парти аялал зөвлөгөө өгөх зориулттай DVBBS EVENT MGL зохион байгуулж байгаа single party хоёр дахь удаагаа болох гэж байна. Уг парти нь өсвөр насны охид, хөвгүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн хүрээг тэлэх, өөрийгөө нээх зорилготой зохион байгуулагдаж байна” гэжээ. Тэр үдэшлэгт орсон хүүхдүүд стикер цуглуулна. Стикер нь тав болбол өөрийн таалагдсан охин, хөвгүүн дээрээ наагаад үнсэх ёстой. Хүүхэд бүр гурван өнгийн бугуйвч авсан. Ногоон өнгөтэй бугуйвч зүүсэн нь хосоо хайж байгааг илэрхийлэх гэнэ. Улаан өнгөтэйг зүүсэн бол яасан ч яах вэ гэдгийн илэрхийлэл юм байх. Харин цэнхэр өнгөтэй бугуйвч зүүсэн бол “Намайг битгий оролд. Би хостой” гэдгээ илэрхийлж байгаа гэж тайлбарлажээ. Үдэшлэгийн гэрэл зургаас харахад хүүхдүүд хагас нүцгэн шахуу хувцастай юм. Нэгийгээ тэврэн үнсэлцсэн зураг интернэтээр нэг таржээ. “I LOFT” баарны менежерээс энэ үдэшлэгийн талаар асуухад “Манайд ямар ч хамааралгүй. Зүрхний цооролттой Амин-Эрдэнийн ах зохион байгуулсан. Манайд болсон болохоор бидэнтэй холбоод байх юм. Бид зөвхөн үйлчилгээ үзүүлсэн. Тэгээд ч хүүхдүүд согтууруулах ундаагаар үйлчлүүлээгүй” гэж хариуллаа.

“DVBBS EVENT MGL” ГЭЖ ЮУ БОЛОХ, Г.ГАНЗОРИГ ГЭГЧ ХЭН БЭ

Хүүхдүүдийн дунд элдэв шоу, цэнгээн зохион байгуулж, баар саванд юу дуртайг нь хийлгэж, дундаас нь мөнгө олдог нөхрийг Г.Ганзориг гэдэг. 20 гаруй настай тэр залуу “DVBBS EVENT MGL” сургалтын төв гээчээр өөрийгөө халхалдаг. Үнэндээ тийм сургалтын төв байхгүй. Зөвхөн facebook-т ийм нэр бүхий хаяг бий. Facebook-т зар тавиад л хэдэн зуун тасалбар зарчихдаг. Дараа нь аль нэг бааранд очоод цаг авчихдаг. “Танайд тэдэн хүн үйлчлүүлнэ. Тэр үед биднээс өөр үйлчлүүлэгч авах хэрэггүй” гээд тохирчихдог. Орлогогүй шахам байгаа баарнуудад бол том олз. Хэдэн зуун хүүхэд, хэдэн сая төгрөгийн орлого оруулаад гардаг учраас “Хуулиас гадуур юм хийхгүй” гэж баарны эзэд хэлэхгүй нь ойлгомжтой. Бас хүүхдүүдийн сонсдог дуучин, DJ-д мөнгө өгөөд урьчихна. Түүний ажил ердөө л энэ. Энэ мэтээр таван шоуг зохион байгуулсан талаар эх сурвалж хэллээ. Тэр өөрийгөө facebook дэх найз, дагагчдадаа “Амин-Эрдэнийн ах” гэж танилцуулдаг. Амин-Эрдэнэ бол зүрхний төрөлхийн цооролттой оношоор гадаадад эмчилгээ хийлгэж байгаа жаахан хүүхэд. Түүний эмчилгээнд зориулж хандив цуглуулж байсан билээ. Гэтэл Г.Ганзориг гэгч түүний ах гээд тасалбар зарж олсон орлогоо бүгдийг нь хүүхдийн эмчилгээнд зориулна гэжээ.

ТАНЫ ХҮҮХЭД ХААНА ЯВНА ВЭ

Хүүхдүүд бусдад алдсан мөнгөндөө огтхон ч харамсахгүй байна. Бас шөнө орой бөөнөөрөө гадуур тэнэж, баар сав хэсч яваадаа харамсахгүй байна. Бүр дахиад, дахиад шоу гэцгээж байна. Тэд өөрсдөө мөнгө олдоггүй учраас харамсахгүй нь гарцаагүй. Таны өгсөн мөнгөөр хүүхдүүд чинь хаана, юу хийж явааг анхаараач гэж цагдаагийн байгууллагаас сануулж байж. “Ангийнхантайгаа шинэ жил тэмдэглэнэ” гээд мөнгө аваад гардаг. Харин хаана, яаж тэмдэглэх гэж байгааг нь эцэг, эх анзаардаггүй. Завгүй гээд анзаарахыг ч хүсдэггүй. Гэтэл хүүхдүүд нь анги хамт олноороо, найзуудаараа баар хэсээд явж байгаа нь гэмт хэрэгт холбогдох, цаашлаад насан туршдаа харамсах үйлдэл хийх эрсдлийг дагуулж байна. Мөнгө өгөхдөө хаана, хэрхэн зарцуулах гэж байгаад нь хяналт тавьж байгаач” гэж цагдаагийн эх сурвалж сануулсан юм.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *