Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Интернэт хэрэглэгчид 10 жилд 38.4 нэгж хувиар нэмэгджээ

Манай улсын 15, түүнээс дээш настай хүн амын 71.8 хувь нь интернэт хэрэглэж байна.

Үндэсний статистикийн хорооноос 2020 онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллогын энэ дүнг арван жилийн өмнөхтэй харьцуулахад 38.4 нэгж хувиар нэмэгджээ.

Мөн тооллогоор, 3197.0 мянган суурин хүн ам тоолсноос 82.9 хувь буюу 2732.9 мянга нь 6, түүнээс дээш насныхан байв. Тэдний 64.7 хувь нь интернэт ашиглаж байгаа нь 2010 оныхоос (30.6 хувь) 34.1 нэгж хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, зургаа, түүнээс дээш настай 3 хүн тутмын хоёр нь интернэтийг ямар нэг байдлаар хэрэглэж байна. Харин ганц бие иргэдийн 85.4 хувь интернэт хэрэглэдэг нь хамгийн их хувийг эзэлжээ. Энэ нь 2010 оны тооллогын дүнгээс 35.8 нэгж хувиар нэмэгдсэн аж.

Интернэт хэрэглэдэг хүн амын 58.7 хувь нь байнга, 41.3 хувь нь шаардлагатай интернэт ашигладаг гэжээ. Интернэт хэрэглэгчийн хамгийн их хувийг 20-24 насны бүлгийн хүн ам 91.3 хувийг, хамгийн бага хувийг 6-9 (20.4 хувь) болон 70, түүнээс дээш (18.4 хувь) насны бүлгийн хүн ам эзэлж байв. Түүнчлэн, аймаг, нийслэлийн түвшинд Улаанбаатар хот (76 хувь) Дархан-Уул (71.6 хувь), Орхон (70 хувь), Өмнөговь (69.3 хувь) аймгийн хүн амын 71.6 хувь нь интернэт хэрэглэж байна.

Ажил мэргэжлийн ангиллаар хөдөлмөр эрхэлдэг мэргэжилтнүүдийн 96.6 хувь нь интернэт хэрэглэж байгаа нь бусад бүлэгтэй харьцуулахад хамгийн их байв. Үүний дараа менежер, техникч, дэд мэргэжилтэн, контор, үйлчилгээний ажилтны хэрэглээ оржээ. Харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтны интернэт хэрэглээний түвшин хамгийн бага (33 хувь) байна.

Манай улсын нийт өрхийн 82.2 хувь интернэт холбуулсан. Үүнээс хотын өрхийн 87.4, хөдөөгийн өрхийн 71.6 хувь нь интернэт холболттой аж. Өмнөх тооллогын дүнтэй харьцуулахад, манай улсын нийт өрхийн интернэт холболт 69.9, хотын өрхийнх 69.5, хөдөөгийн өрхийнх 70.9 нэгж хувиар нэмэгдсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *