БСШУСЯ, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, МҮХАҮТ, ШУТИС хамтран “Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээг зохиолоо. Энэ хүрээнд “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал, “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц” чуулган, “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, “Инноваци үзэсгэлэн” зэрэг арав гаруй арга хэмжээг болох аж. Уг ажлуудын нэг хэсэг болох “Инновацийн үзэсгэлэн” өнөөдөр боллоо.
Үзэсгэлэнг нээж Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан үг хэллээ. Үүний дараа илтгэгч Д.Энхжаргал “Инновацийн бүтээлийн танилцуулга” сэдвээр илтгэлээ тавьж, үзэсгэлэнд тавигдсан компанийн барааг бүтээгчид нь өөрсдөө тайзан дээр танилцуулав. Энд 13 эрдэм шинжилгээний, зургаан төрийн, 41 хувийн хэвшлийн байгууллага:
- Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж
- Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ
- Нийгэм, соёлын инноваци
- Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн
- Төрийн үйлчилгээний инноваци
- Инновацийн дэд бүтэц
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг нийт 200 гаруй бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтийн өмнө дэлгэн тавьжээ.
Үзэсгэлэнгийн талаар Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайханаас тодрууллаа.
-Инноваци гэж юу вэ?
-Энэ үгийг хуульд заахдаа мэдлэгийг баялаг болгох гэж тайлбарласан. Өнөөдөр бидний зүгээс инновацийг тодорхойлохдоо бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, бүх зүйлд шинэ санаа, шинэ зүйл бий болгохыг инноваци гээд байгаа юм. Жишээлбэл Урлагийн инноваци гэж байна. СУИС-иас өөрсдийн бүтээсэн шинэ төрлийн хөгжмийн зэмсгийг танилцуулах гэж байна. Үүнийг инноваци гэж ойлгож болно. Судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон инноваци гэвэл сая тайзан дээр танилцуулсан бүтээлүүдийг нэрлэнэ. Байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах ямар нэгэн бүтээл, үйлчилгээнд шинэ санаа нэвтрүүлэх, энэ бүгдийг л инноваци гэж яриад байгаа юм. Хүмүүс өдөр бүр өөрсдөө инноваци хийж байдаг. Амьдралд буух тал дээр өөрсдөө ажиллаж мэддэггүй.
-Энэ төрлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхолтой хүмүүс хэр их байна?
-Анхны санаанаас гарч ирсэн тэр мэдлэг цааш хөгжөөд эцсийн бүтээгдэхүүн болоход цаг хугацаа ихээхэн шаардана. Үүнийг төслийн хугацаа гэж нэрлэдэг. Бизнесийн талаас нь авч үзвэл хөрөнгө оруулалт хийхэд энэ санаа хэр ашигтай вэ гэж бодно. Соёл нийгмийн бусад инновацийг хийхдээ соёл боловсролд нөлөөлөх үр өгөөжийг хардаг. Инновацийн төсөл хөтөлбөрт хамрагдах гэсэн санаа, загвар барьсан хүмүүс маш их. Монголчууд өөрсдөө бүтээлч дандаа шинийг санаачилж, шинийг хайж эрэлхийлж байдаг ард түмэн. “Монголчлох” гэх үгийг бид их хэрэглэдэг. Энэ үгийг л “Инноваци” гэж ойлгож болно.
-Ийм төрлийн арга хэмжээнээс олсон ололт амжилт нь юу вэ?
-Бид өнөөдөр 60 гаруй байгууллагын 200 орчим бүтээлийг үзэсгэлэндээ тавьсан. Одоо 150 орчим байгууллагын бүтээл араас нь бэлэн болж байгаа. Зах зээлд гараад эхэлчихсэн. Бүтээгдэхүүн болоод хүний гарт хүрчихсэн ийм санаануудыг шалгаруулж оруулсан. Тэгэхээр энд ирсэн бүх бүтээл, санаа бүр ололт, амжилт юм.
-Шинэ санаа ард иргэдийн гарт хүрэхдээ хэр байдаг вэ?
-Шинжлэх ухаан технологийн сангаас гарсан био бэлдмэлийн бүтээгдэхүүнүүд олон нийтийн хэрэглээ болоод байна. Мэдээлэл технологийн талаар гарч буй инновациуд гэхэд апликейшн хэлбэрээр гардаг. Энэ бидний амьдралд бодит хэрэглээ болсон. Тухайн инновацийн бүтээгдэхүүнийг бизнес болгох, хүний хэрэглээг хангах талаас судалж бүтээгдэхүүн болгодог.
-Танай байгууллагаас энэ ажлыг хоёр дахь жилдээ хийж байгаа гэсэн. Өмнөх жилийн алдаа оноо юу байв, тэр дутагдлаа сайжруулж чадав уу?
-Өнгөрсөн жил манайх байгуулагдаад удаагүй байв. Энэ үзэсгэлэнг хамтран зохиоё гэсэн саналыг сарын өмнө манайд тавьсан. Өнөөдрийнх шиг ийм том хэмжээнд хамруулж чадаагүй. Инновацийн бүтээгдэхүүнийг сайн тодруулж олоод дэлгэж чадаагүй. Түүнээс хойш төлөвлөөд эртнээс бэлдээд энэ жилийн үзэсгэлэнг нээлээ. Бүх төрлийн инновацийг шинээр танилцуулж байна гэдгээрээ онцлогтой.
–Хамрах хүрээ хэр их байв. Хөдөө орон нутгаас бүтээлүүд ирсэн үү?
-Улсын хэмжээнд бүгдийг хамарсан. Бид Дарханд Хөдөө аж ахуйн инновациудыг зохиосон. Шинжлэх ухааны сангаас дэмжиж хийсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь нь Улаанбаатар хотод байна. Хүн амын 50 хувь нь амьдардаг. Их сургуулиудын хэдэн хувь нь энд байгаа билээ. Инновацийн бүтээгдэхүүний нөөц бололцоо нийслэлд илүү байгаа. Нийслэл нь өөрөө Монгол Улсын инновацийн гол төв. Хөдөө орон нутгаас цөөхөн оролцож байгаа.
-Хүмүүсийн хамгийн ихээр сонирхлыг нь татаж, худалдан авч байгаа бүтээл юу байна?
-Био бэлдмэлүүд, залуучуудад зориулсан инновацийн дэд бүтэц чиглэлийн бүтээлүүд байна. Дээрээс нь апликейшний бүтээлүүд орж байгаа. Хүний хэрэгцээг яаж хангах, яавал хэрэгцээнд нийцэх талаас нь хийж, бүтээсэн олон бүтээлүүд хүмүүсийн сонирхлыг их татдаг гэв.
Үзэсгэлэнд сонирхол татсан таш олон бүтээлүүд байлаа. Хүүхдийн тоглоомоос эхлээд шинэ төрлийн хөгжим, Монгол хүний хөлийн онцлогт тохирсон гутал, ургамлаар хийсэн талх хүнсний бүтээгдэхүүн гээд тоочоод байвал дуусахгүй сонирхолтой зүйлс их харагдав. Үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн оролцогч “Оюуны хүрээ” компанийн “Оюуны төв” дэлгүүрийн эрхлэгч Б.Мөнхзул “Би энэ үзэсгэлэнд таван бүтээлээр оролцож байна. Манай компани сүүлийн гурван жил үйлдвэрлэл явуулж, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх чиглэлийн бүтээл хийлээ. Анх бид оюуны тоглоом зарах чиглэлээр эхэлсэн. Одоо үйлдвэрлэгч болоод байна. Монгол гэр, мазаалай тоглоом, сүмо тоглоом, алаг мэлхий гэх мэт зургаан төрлийн бүтээгдэхүүн гаргасан. Цаашдаа арваад нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргахаар судалгааны шатандаа явж байна. Бидний гол зорилго Монгол өв уламжлалаа хадгалах, сэргээх, өвлүүлөх юм. Жишээ нь Монгол гэр гэхэд гэрт цээрлэх ёс, Монгол гэртэй холбоотой түргэн хэллэг, оньсого таавар бүхий номтойгоо хамт, нэг бүрчлэн салгаж угсардаг тоглоом байдаг. Бүтээгдэхүүнийг хийсэн материалын хувьд хүүхдэд сөрөг нөлөөгүй. Шагай гэхэд анхдагч түүхий эд нь хүнсний зориулалттай хуванцраар хийсэн. Үйрч унахгүй, хазахад хүүхдийн шүд амыг гэмтээхгүй, няслахад гар өвтгөхгүй. Энэ бүтээлүүд маань мэргэжлийн хяналтын шинжилгээний бичигтэй. Дүгнэлт гарчихсан. Манай бүтээгдэхүүнүүдийг үзэсгэлэнгийн сонирхъё гэвэл УИД-ийн баруун талд Алтай центрийн таван давхраас ирж сонирхоорой. Манай дэлгүүр байгуулагдаад есөн жил болж байна. Дэлгүүрийн хамгийн анхны үйлчлүүлэгч одоо Анагаахын их сургуулийн гуравдугаар курсын оюутан болчихсон. Бидэн дээр ирсэн. Би танай хамгийн анхны үйлчлүүлэгч болж байсан гээд ярьсан. Одоо хүртэл би танай тоглоомоор тоглодог гээд хүн орж ирэхэд миний өмнөөс тайлбарлаж өгөөд л. Тэгэхээр тэр хүүхдийн тоглоом одоо хүртэл байж байна гэдэг манай компанийн бүтээгдэхүүн ямар чанартай гэдгийг харуулж өгч байгаа хэрэг” гэв.
Инновацийн үзэсгэлэн хоёр хоног үргэлжилнэ. Мөн мэдээллийн технологи, Нийгэм, соёлын инноваци, төрийн үйлчилгээний инноваци зэрэг инновацийн олон төрлүүдтэй бодитоор танилцах боломжтой.
С.ОТГОНБАЯР