Categories
мэдээ нийгэм

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсоны дагуу 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг 2011 онд, 2 дахь хэлэлцээрийг 2016 онд тус тус байгуулсан байна.

Өмнөх Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байгаа туршлага дээр үндэслэн Австрийн талаас санхүүгийн хамтын ажиллагааны 3 дахь хэлэлцээрийг байгуулахаар санаачлан, хэлэлцээрийн төслийг ирүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Bена хотноо 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж байгуулжээ.

Энэхүү 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн зээлийн ерөнхий нөхцөл нь:

зээлийн хүү (жилийн) – 0 хувь;

зээлийн хугацаа – 16-26.5 жил;

зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа – 5-12 жил;

хөнгөлөлтийн түвшин – 35 хувиас доошгүй.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт тусгагдсанаар хөнгөлөлттэй зээлээр дараах салбаруудын төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Үүнд:

дэд бүтэц;

хотын усан хангамж, эрүүл ахуй;

бохир ус, хог хаягдал;

төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал;

боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт;

эрүүл мэнд, иргэний хамгаалал (хот, орон нутгийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа, гамшгийн анхааруулга гэх мэт);

хөдөө аж ахуй;

бусад нийгмийн дэд бүтэц.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх зорилго бүхий 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн төслийн санхүүжилтийг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн болон төслийн гэрээг соёрхон баталснаар ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр дараах 4 үндсэн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:

•220, 110 кВ-ын 20 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан, хуучирч муудсан тоног төхөөрөмжийг шинэчлэх,

•220, 110 кВ-ын 17 дэд станцын насжилт өндөртэй тосон таслуур, 153 ш гүйдлийн трансформаторын реле хамгаалалт, автоматикийн хамт шинэчлэх,

•220/110/35 кВ-ын “Улаанбаатар”, “Дархан”, “ИХБ-4” болон “Эрдэнэт” дэд станцуудын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын системийг шинэчлэх,

•220/110/35 кВ-ын ИХБ 4-ийн автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Зээлийн хугацаа нь 30 жил, зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн англи, монгол эхийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зээлийн II ээлжийн санхүүжилтийн мөнгөн дүн 10,450,000.00 еврог нэг 0 алдаж 10,450,00.00 евро гэж, хуулийн төслийн монгол эхийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт дурдсан зээл эргүүлэн төлөх хугацаа болон зээлийн төлбөр хийх мөнгөн дүн англи эхээс зөрүүтэй орчуулагдаж, гэрээнд гарын үсэг зурсан байсан.

Сангийн яам “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг татан авч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газар, Франкфурт хот дахь Сэргээн босголт зээлийн банктай хамтран зээлийн болон төслийн гэрээний санхүүжилтийн мөнгөн дүнгийн алдааг залруулсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/7573 тоот албан бичгийг ирүүлж Гэрээний төслийн монгол хэлээрх орчуулгын зөрүүтэй байдлыг арилгаж, хянан баталгаажуулсан тул Байнгын хорооны болон Нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэж баталсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III” төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь сонгогдсон тусгай хамгаалалттай газар нутгийн нийлмэл/холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталснаар төслийн хүрээнд хэрэгжих томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх 8 сая еврогийн санхүүжилтийн эрх нээгдэж, 2026 он хүртэл хэрэгжих цуврал төслүүдийг санхүүжүүлнэ.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн III шатны санхүүжилтийн хүрээнд Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон төслийн II шатны гүйцэтгэлийг дэмжихээс гадна тусгай хамгаалалттай газар нутгуудын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ховордсон амьтад, ургамлын экосистем, генетикийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, нөөцийг нөхөн сэргээхэд чиглэсэн дэд төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн зохион байгуулалт, менежментийг сайжруулсанаар биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой хувилбарыг бий болгох, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагын тэнцвэрт тулгуурласан үйл ажиллагааг дэмжинэ.

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.Энэ удаа “Монгол-германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь ашигт малтмалын салбарын болон боловсруулах үйлдвэрийн эрэлтэд нийцсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэх, Монгол Улсын дээд боловсролын салбарын шинэчлэлд загвар институцийг байгуулах цогц шийдлийг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээг соёрхон баталснаар “Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн хүрээнд хэрэгжих томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх 7 сая еврогийн санхүүжилтээр их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 м.кв талбайтай номын сангийн барилга барихаар төлөвлөсөн. Сургуулийн хотхонд Монголын талын 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр оюутны байрыг барьж байгуулна.

Зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *