Categories
мэдээ эдийн-засаг

Инфляцигүй эдийн засагтай, мөнгөгүй монголчууд

Өндөр хөгжилтэй улс орнууд инфляци өслөө гээд л бөөн асуудал болдог. Гэхдээ тэдгээр орны инфляци жилийн 2-3 хувь л байдаг. Энэ хэмжээнээс өсөх нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Харин буурай эдийн засагтай орнуудынх 10-15 хувь байх нь энгийн үзэгдэл. Үүнтэйгээ буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг үндсэндээ эвлэрсэн гэж үзэж болно. Ганц нэг бараа, үйлчилгээний үнэ тэнгэрт хадахад инфляци үүсэхгүй. Нийт эдийн засгийн 50-иас дээш хувьд үнийн өсөлт үүсэхэд инфляцийн эхний өсөлт мэдрэгдэнэ.

Инфляцийн эсрэг үзэгдэл нь үнэ буурах дифляци. Энэ нь бараа, үйлчилгээг өөрийн өртгөөс доогуур борлуулахыг хэлнэ. Жишээлбэл 700 төгрөгөөр үйлдвэрлэсэн барааг 600 төгрөгөөр зарвал дифляци болно. Энэ үзэгдэл богино хугацаанд, цөөн тохиолдох хэдий ч ерөнхийдөө мөчлөгийн шинж чанартай байдаг. Тухайлбал, улаан буудайн үнэ тариа хураасны дараа ерөнхийдөө буурдаг. Тариаланчид эх орондоо нэг тонн улаан буудайг 600 мянган төгрөг зарцуулж тарьсан байхад ОХУ-аас 300 мянган төгрөгөөр тарьсан улаан буудай оруулаад ирвэл, ядаж тал зардлаа нөхөхийн тулд тонн улаан буудайг 300 мянгаар зарахаас өөр зам үлдэхгүй. Өнөөдөр дифляцийн хамгийн тод жишээ Японых юм.

МОНГОЛ ДАХЬ ИНФЛЯЦИ

Монголын эдийн засгийн 70 шахам хувь нь нийслэл Улаанбаатарт төвлөрдөг. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард нийслэлд инфляци жилийн 8.5 хувьтай байсан бол энэ жил 1.6 хувьтай байгаа. Харин манай эдийн засгийн өсөлт гурван хувь хүрэхгүй гэсэн таамаг бий. Эндээс инфляци бага ч эдийн засгийн өсөлт бараг байхгүй нь харагдана. Яг үнэндээ манай эдийн засгийн гурван хувийн өсөлт нь маш том ухралт юм. Үүнээс улбаалаад бага инфляци сайн зүйл үү гэсэн асуулт ургаж таарна. Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудын хувьд инфляци таван хувиас дээш гарахад асуудал үүснэ. Монголын эдийн засаг 17 хувь хүртлээ өссөн 2011 онд инфляц 15 хувьтай байсан. Миний мэдэхийн 1990 оноос хойш 2011 он хүртэл төр, иргэд хөлгүй юм шиг тансагласан жил. Тухайн үед орон сууцны эрэлт нэмэгдэж, байшин барилга түрээслэх зар олширч, барааны захынхан өдөртөө 200 мянган төгрөг олчихоод чамлаж, ресторанууд өдрийн цайны цагаар сул суудалгүй болох үзэгдэл гарч байлаа. 15 хувийн инфляцитай байсан үе шүү дээ. Тэгвэл өнөөдөр нийслэл 1.6 хувийн инфляцитай байна. Маш бага инфляцитай энэ үед захууд худалдан авагчгүй болж, өмнө нь сардаа таван машин зардаг байсан авто ченжүүд ганц машин зарж, өдөр бүр 10-22 цаг хүртэл ажилладаг байсан цайны газрууд амралтын өдрүүдэд бүрэн хааж, ажлын өдрүүдэд хагас цагаар л ажилладаг болсон. Судлаачид инфляци эдийн засгийн хамгийн том дайсан, бойжвол хямрал болдог гэж үздэг.

Гэтэл бид 2011 онд 15 хувийн инфляцитай байхдаа тансаглаад, хоёр хүрэхгүй хувийн инфляцитай эдийн засагт монголчууд ядуураад байгаагийн учир юу вэ. Үүний учрыг олохын тулд инфляци юунаас үүсдэг вэ гэдгийг л мэдэхэд болно.

Инфляци нь төрийн зарлага нэмэгдсэнээс бэлэн мөнгө нийлүүлэх, их хэмжээгээр зээл олгож зах зээл дээрх мөнгөний хэмжээг өсгөх, үндэсний үйлдвэрлэл буурснаар зах зээл дээрх барааны үнэ нэмэгдэх зэрэг үндсэн шалтгаанаас үүснэ. Тэгвэл төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай, бонд хэлбэрээр маш их зээл олгосон. Үйлдвэрлэл буураагүй байхад манайд инфляци бага байгаа нь эдийн засагт байхгүй гаж үзэгдэл мэт харагдана. Зарим зах зээлийн эдийн засагчдын үзэж буйгаар энэ нь нэг их хөөрөөд байх зүйл биш. Эдийн засгийн өсөлт буурсан учраас л иргэдийн худалдан авалт багасч, улмаар инфляцийг бага харагдуулаад байгаа юм. Төрийн албан хаагчдын цалин буураагүй ч ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшлийнхний орлого буурсан нь өнөөгийн инфляцийг чөдөрлөж байгаа аж. Тиймээс өнөөгийн бага инфляци нь эдийн засгийн агшилт, хэрэглээний хязгаарлалтын толь болохоос эдийн засгийн зөв үзүүлэлт биш.

МОНГОЛД ИМФЛЯЦИ ҮҮСЭХҮҮ

Инфляци багасаад ирэхээр дифляци үүсэх тухай яриа гарна. Бараа, үйлчилгээ борлогдохгүй нөхцөлд ханш бууруулж зарах хэлбэр. Гэхдээ энэ ойлголтыг демпингтэй хольж болохгүй. Демпинг гэдэг нь тодорхой нэг бүсэд эсвэл тодорхой нэг бараа, бүтээгдэхүүнийг үнэ бууруулах арга юм. Үүнийг өрсөлдөгчөө сүйрүүлэх, эсвэл зах зээлээ хамгаалах зорилгоор зарим том компаниуд хэрэглэдэг арга. Харин дифляци бол өөр. Улс орон даяар бараа, үйлчилгээг өртгөөс нь бага үнээр борлуулах үзэгдэл. Хятадын хямд ахуйн хэрэглээний бараа арав гаруй жилийн өмнө баруунд дифляци үүсгэж байсан. Тухайн үед барууны чанартай, өндөр өртөгтэй барааг Хятадын хямд мөртлөө чанартай бараа зах зээлээс шахсан юм. Харин өнөөдөр хятадууд экспортоос татгалзаж, дотоод хэрэглээндээ түлхүү анхаарал хандуулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь баруунд экспортолдог хямд барааны хомсдол үүсгэж инфляци өсөх нэг шалтгаан болж байна. Гэхдээ энэ нь тодорхой салбарын зах зээлд нөлөөлөхөөс аль ч улсын нийт эдийн засагт нөлөөлөхгүй. Харин Монголд дифляци үүсэх магадлал маш бага. Учир нь бид хэрэглээнийхээ ная шахам хувийг импортоор авдаг. Тодорхой салбарт тухайлбал, орон сууц, мах, нүүрс зэргийн үнэ буурсан. Энэ нь нийт эдийн засагт нөлөөлөхгүй. Хэрэв зах зээлийн зарчмаар өрсөлдөж чадвал удахгүй хүнсний ногоо, өндөг, цемент зэрэг цөөнгүй бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Энэ нь нийт эдийн засагт дифляцийн хэмжээнд хүрч нөлөөлөхгүй.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *